“Оюутолгой”-н хангагч буюу С.Баярцогт, С.Баяр нарын нууц саалийн үнээ
Оюутолгойн гэрээ монголчуудад олз гэхээсээ илүүтэй гарз болсныг шүүмжилсэн нөхдөө нүд үзүүрлэн, гадынхныг цээжээрээ хамгаалдаг улаан хамгаалагч нар “Оюутолгой”-гоос хэрхэн хөлждөг талаар цухас дурьдая. Гацаанд байсан том төслийг энэ парламент төвөггүйхэн урагшлуулж чадсаны нууц нь нэр бүхий хэдэн хүнд хэтэрхий өндөр ашигтай байсных. Тухайлбал, гэрээний голыг нугалж, мутарласан Сангийн сайд С.Баярцогт “Модерн номадс”-аар дамжуулан мөнгөний хувин тосоод сууж байна. Оюутолгойн нэг ажилчны өдрийн хоолыг 30 ам.доллараар “Модерн номадс” компани хариуцан дангаараа нийлүүлдэг. “Оюутолгой”-н төслийн хүрээнд 2011 оны наймдугаар сарын 31-ний байдлаар нийт 18441 хүн ажиллаж буй гэнэ. Үүний 11812 нь монголчууд хэмээн мэдээлэлдээ тусгажээ. Тэгэхээр мань эр өдөрт хамгийн багадаа 30 мянган ам.доллар тус газраас салгаж чаддаг гэсэн үг.
Сангийн сайдыг эл компанид хувь эзэмшдэг гэдэг ч тэрбээр үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ л түүний эртний найз н.Есөнмөнх гэгч залуу тус сүлжээ рестораны “босс” нь. Нөхдүүд Комсомолын дээд сургуульд хамт сурч байсан найзууд. Энэ сүлжээ рестораныг С.Баярцогт, н.Есөнмөнх хоёр хамтын хөрөнгө оруулалтаар босгосон аж. Харин С.Баярцогт АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөхдөө “Нидо” компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч гэхээс өөр зүйл тусгадаггүй. Харин улс төрийн хүрээнийхэн төдийгүй мөр зэрэгцэн нэг намд суугаа нөхөд нь ч нүүдэлчдийн соёлыг хадгалсан эл сүлжээ рестораныг эрхэм гишүүнийх гэдгийг бататгадаг. Тэр ч бүү хэл, өнгөрсөн долоон хоногт болсон ҮЗХ-ны хурлын үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд энэ талаар нь сайдын амыг асуусан ч мань эр юу ч хэлсэнгүй. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний дохио гэгч л болсон юм.
Иймдээ ч Сайдын нүүрний буянаар нэг хүний өдрийн 30 ам.доллараар гэрээ хийсэн биз. Гадаадын уул уурхайн компаниудын ажилтнуудын өдрийн хоолны дундаж өртөг нь 10 ам.долларт багтдаг. Гэхдээ бүр тансаг зэрэглэлийнх нь ийм өртөгтэй байдаг гэж байгаа. Тэгэхээр Оюутолгойн ажилчид сайдын буянаар хорвоод хосгүй зүйлээр хооллож байгаа бололтой. Өмнө нь эл рестораны хоолноос “Оюутолгой”-н ажилчид хордсон ч тэд гэрээгээ цуцлаагүй. Улмаар ямар нэгэн асуудал ч гаргаагүй нь үүнийг улам тодотгоно. Бусдын өмнө бохир гэрээгээ хамгаалах гэсэндээ нүүрээ улалзуулж, нүдээ бүлтэгнүүлэн, ямар бүсгүй сонирхдогоо хүртэл хольж хутгаад авдаг эрхэм сайд дээрх бизнесийнхээ ачаар сардаа таван сая орчим ам.долларын ашиг олдог гэх нь бий. Ямартаа л, үүнийг нь сонссон “Рио Тинтог”-ийн Оюутолгой төслийн гүйцэтгэх ерөнхий захирал Камерон МакРей дуу алдаж байх вэ дээ.
Түүнчлэн “Оюутолгой”-н шатахууны хэрэгцээг “Петровис” дангаараа хангадаг. Монголын нефтийн магнат компанийг амжилттай толгойлж эрчүүдтэй ана мана өрсөлдсөн хүчтэй цөөхөн эмэгтэйчүүдийн нэг бол “Петровис”-ын Ж.Оюунгэрэл. Түүнийг Н.Багабандийн хүн гэж нэрлэдэг. Тиймээс Н.Багабандийг Ерөнхийлөгч байх үед бизнес нь цэцэглэсэн гэх нь ч бий. Хонконгийн хөрөнгийн бирж дээрээс тэрбум ам.доллар босгосон “Энержи Ресурс”-ын консорциумд нэгдсэнийхээ ачаар Ж.Оюунгэрэл Монголын толгой баячуудын тоонд багтсан бүсгүй. Чинээлэг бүсгүйн арын нууц ноёнтон нь С.Баяр. “Оюутолгой”-н ханган нийлүүлэгч болоход ч С.Баяр хувь нэмрээ оруулсан гэдэг. Ямартаа л, УИХ-ын дэд дарга, “Алтан гадас” фракцийн гол хүн Г.Батхүүгийн нэр төр, хүч хүртэл дутаж байх вэ дээ. Уг нь Г.Батхүү хамгийн бага үнээр шатахуун нийлүүлэхээ амлаж, “Шунхлай” группээ санал болгожээ. Гэтэл хэд дахин өртөг өндөртэй “Петровис”-ыг сонгосонд Г.Батхүү дарга өнөө хэр нь уцаарлаж явдаг гэнэ лээ. Уг нь нэг фракцийн нөхөр болох С.Баярцогтоор санаагаа уламжлаад ч бүтээгүй аж. Товчхондоо, Г.Батхүүгийн хүч С.Баярын хувьд хаана ч хүрээгүй гэнэ. Ийнхүү “Оюутолгой”-н хувь нийлүүлэгчдийн талаар цухас дурьдахад л иймэрхүү өнгө аяс мэдрэгдэж байна.
Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээг нь сайтар ажиглавал сонирхолтой зүйл их бий. Тухайлбал, дэлхийн аль ч оронд зардлын хувиар нэг ч компани урамшуулал олгодоггүй. Харин Монгол Улс “Айвенхой майнз-“д зардлын хувиар урамшуулал олгох бүрэн эрх олгосон. Энэ талаар дараагийн дугаартаа хүргэх болно.
Д.ДОЛГОР
Жич: Зураг дээр “Петровис” ХК-ий ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл
URL: