Н.Алтанхуяг АН-ыг дахин толгойлох уу
Өнгөрсөн долоо хоногт АН-ын залуусын хийсэн хоёр ч хэвлэлийн бага хурал тус намд удирдлагын “зодоон” эхэлснийг илтгэв. АН-ын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ, УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын эсрэг ажиллагаа эрчимжиж, тэднийг намын дайснаар тодруулжээ. Бүр тодруулбал, МАНАН бүлэглэл тэр дундаа УИХ-ын экс дарга М.Энхболдын талд ажилласан, түүнийг өмгөөлж хамгаалсан буруутнуудаар зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж эхлэв. Мөн тэднийг “Эрдэнэт”-ийн 49 хувийг хамтран идэгсдийн тоонд багтааж, эрх баригчидтай адил хариуцлага хүлээх ёстой гэж буй.
АН-ын өнөөгийн удирдлага С.Эрдэнэ нарын АН-ын удирдлагуудаас хариуцлага нэхэх асуудал цөөнгүй. Тэдгээрийн нэг нь УИХ дахь АН-ын бүлэг тарсан явдал. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх өнөөдөр АН-ын бүлэг тарснаа албан ёсоор зарлана. Парламентын сөрөг хүчнийг нурааж, хяналтгүй болгосон нь мөн л тэдний буруу. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт банга хүртээсэн нь тэднийг ийм буруутан болгоход хүргэсэн.
Ийм шалтгаанаар С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг намын удирдлагаас буулгахыг шаардсан хоёр ч хэвлэлийн хурлын араас АН-ын экс дарга Н.Алтанхуяг ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өглөө. Тэрбээр өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөхийн ажлаа өгч, улстөрчийн ажилдаа шуудрахаар шийдсэнээ хэлэв. Ингэхдээ АН-ыг цэвэрлэх ажилд гол анхаарлаа хандуулахаа дуулгав. Тэрбээр “АН 2-3 хүний нам биш. 30 жил явсан олон мянган хүний сэтгэл зүтгэлийг хэдхэн хүний тоглоом болгож, МАНАН-гийн баганын өрөөсөн булан болгоод орхиж болохгүй. АН-ын мянга мянган гишүүдтэй хамтраад намаа цэвэрлэж, намдаа шударга ёсыг сэргээн тогтоох”-оор эргэн ирснээ хэлэв. Гэхдээ тэр намын дарга болох уу гэсэн асуултад яаран хариулт өгөөгүй ч түүнд амбиц байгаа нь мэдээж. Ерөнхий сайд болон АН-ын даргын суудлаас бууж, хэсэгтээ тойргийн гадна байсан түүнд энэ мөчлөг том боломж болон харагдаж буй нь мэдээж. Эрх баригчдын нэр хүнд унаж, түүнийг даган сөрөг хүчин уруудсан энэ үед “аврагч баатар”-ын дүр хэрэгтэй. Тиймээс ч Н.Алтанхуяг намаа аварч, 10 гаруйхан сарын дараа болох сонгуульд зэхэхээр шийджээ.
Эхлээд тэр “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын экс дарга М.Энхболд нарын хамсаатан” гэх тодотголтой болсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нараас намынхаа удирдлагыг авахаар ханцуй шамлаж эхэллээ. Ингэхдээ тэр намын мянга мянган гишүүд гэх бамбайтайгаар эргэн ирсэн нь энэ.
Өнөөгийн АН-д эв нэгдэл байхгүй. Лидерүүд нь намаасаа дөлж, үнэд орж буйг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн ярианаас тодорхой болсон. АН-ын өнөөгийн удирдлагуудтай хамтран ажиллах хүсэл сонирхолгүй байгаа. Урьж залбал бодож үзнэ гэх утгатай зүйлийг экс Ерөнхий сайд ярьсан. С.Эрдэнэ нараас дөлж, ийм хандлага гаргах гишүүд цөөнгүй бололтой. Тиймдээ ч АН-ын С.Эрдэнэ гэх хүний хувийн компани, хувийн өмч биш гэх үгийг ил тод хэлж, түүнийг шахаж эхэлсэн нь өнгөрсөн өдрүүдэд өрнөсөн үйл явцаас харагдана.
Ямартай ч хаврын улс төр АН-д халуухан өрнөх бололтой. Эрх баригч МАН-ыг даган хямарч, сөрөг хүчин нэрнээсээ салсан АН-ын дарга нараас хариуцлага нэхсэн өдрүүд айсуй.
shuud.mn
URL: