Хаана ч харьяалалгүй хорооны хур хогийг сайхан сэтгэлтнүүд цэвэрлэсээр байх уу
Баянгол дүүргийн VI хороонд байрлах “Ачтан” эмнэлгийн дэргэд хогийн цэг үүсээд удаж байгаа. Хүн амын эрүүл мэнд, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа уг хогийн талаар манай сонин “Дуран” буландаа бичиж Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгаланд хандсан боловч одоогоор хариу ирээгүй байна. Харин тус дүүргийн “Баянгол тохижилт” ХХК-аас манай сонинд хандсан юм. Тэд энэхүү хур хогийг сард нэг удаа ачдаг гэнэ. Гэхдээ энэ нь сайхан сэтгэлийн үүднээс хийдэг ажил гэж болно.
Учир нь тус хорооны Засаг дарга, ажилтнууд хорооныхоо айлуудтай гэрээ хийгээгүйгээс хогийг нь ачсаны төлбөр “Баянгол тохижилт” ХХК-д ирдэггүй. Тиймээс тэд зүгээр буян үйлдээд байна гэсэн үг юм. Тус компанийн захирал Д.Батсайхан хэлэхдээ “Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн Улаанбаатар Цахилгаан түгээх станц гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг хогийн мөнгөтэй нь хамт хурааж төвлөрүүлээд тохижилт үйлчилгээний компаниудад хуваарилдаг болсон. Гэтэл тус хороо хаана ч харьяалагддаггүй.
УБЦТС тус хороог орон сууцны ангилалд багтдаг гэсэн. Гэтэл СӨХ байхгүй. Гэр хороололын ангилалд байдаг уу гэхээр хийгдсэн гэрээ байхгүй. Ингээд тэд хогоо ачуулдаггүй, мөнгийг нь ч өгдөггүй хүмүүс байгаад байна” гэсэн юм. Мөн хур хогийг сардаа нэг удаа ачаад байж болох ч доод тал нь 250 мянган төгрөгийн алдагдалд ороод байгаа талаараа ярьсан юм.
Уг нь тус компаниас УБЦТС-д хандан “Бид нийгмийн ажилтанаа гаргана, танайх байцаагчаа гаргаад хамт явж тус хорооны айлуудтай гэрээ хийе” гэсэн санал тавьжээ. Гэтэл хаалгаа нээж өгдөг хүн олдоогүй учир энэ асуудал дахиад л шийдэгдээгүй үлдсэн байна. Тэгэхээр өнөөг хүртэл тус хорооны иргэд хогоо таарсан газраа хаяж тэрийг нь тэвчээр нь алдсан “Баянгол тохижилт” ХХК-нийнхан хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулан сардаа нэг удаа ачдаг болжээ.
Уг нь тус хороог хариуцсан Засаг дарга гэж бий. Тэр дарга ажлаа хийж хорооныхоо айл өрхүүдтэй гэрээ хийгээд мөнгийг нь хураалгаад байвал тохижилт үйлчилгээний компани хогийг нь ачаад байхад бэлэн гэсэн. Тиймээс тус хорооны Засаг даргатай уулзаж энэ талаар тодруулах гэсэн боловч чадсангүй. Зөвхөн айл өрхүүд ч биш зочид буудал, баар гээд энэ хороонд үйл ажиллагаа явуулдаг иргэд цөөнгүй гэсэн. Тэгэхээр айл өрхүүд, албан байгууллагын нийлсэн хогийг цаашид сайхан сэтгэлтнүүдэд даатгаад орхих хэрэг үү гэж тус хорооны Засаг даргаас асуумаар байна.
Э.Майцэцэг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: