Л.Өлзийтөгс: БҮСГҮЙН ЗУРВАС жүжиг МИНИЙ ЗОХИОЛ БИШ болжээ
Ийм гарчигтай ярилцлага минь “Өдрийн сонинд” гарчээ. Найруулагчаа шүүмжлээд л хаялаа. Эр хүн юм, үг даах байх аа. Жүжгийн нээлтийн үеэр гадаадад байсан учир уржигдар л үзсэн.
Миний хүндэлж явдаг олон хүн урам хайрласан поост бичжээ, бүгдэд нь баярлалаа. Даанч энэ магтаалыг би хүртэх эрхгүй. Учир нь энэ миний зохиол биш байна.
Эх зохиол (original play), эх зохиолоос сэдэвлэсэн зохиол (adapted play) хоёр ялгаатай л даа. “Ярилцлага” нэртэй, хоёр гуравхан дүртэй, товчхон, минимал жүжгийг “Бүсгүйн зурвас” нэртэй 20-иод дүртэй, “нийгмийн драм” болгож, айл гэрийн асуудал, улс төрийн өнөөгийн амьдрал, бяцхан секс үзэгдэл, буу шийдэм нэмсэн нь найруулагчийн шийдэл. Миний зохиол тэс өөр. “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номыг минь үзээрэй.
Нийгмээ элэглэх гэсэн найруулагчийн сэтгэлийг ойлгож байгаа. Үзэгчид ч инээлдээд, алга ташаад л байна билээ. Ер нь “уянгын драм” биш “хошин драм” гэсэн бол онох байж уу? Хошин драм гэдэг муу юм биш шүү дээ.
Гэхдээ элэглэх гээд хэтрүүлчихэж. Жишээлбэл, сайд гуай нь сэтгүүлчийн бөгсөн дээр алгадаад л, алгадаад л, алгадаад л орилуулаад байх юм, хэ хэ хэ. Гадаадаас буцаж ирсэн гэх хүүгийн “Жүжигчин бид болвоос” гэх тунхаг үгс, “Оройтсон бороо” дуу… Энэ мэтээр нэмсэн үзэгдлүүд үнэмшилгүй байлаа.
“Өлзийтөгсийн “Ярилцлага”-аас сэдэвлэн “Бүсгүйн зурвас” жүжгийг бичсэн ТЭР” гэвэл зөв болох байж. ТЭР гэдэг нь хэн болохыг театрынхан мэдэх биз ээ. Магтаалыг ТЭР хүн л хүртэх эрхтэй шүү.
URL: