ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой 43 ялтан ялаа эдэлж байна

“Хохирлыг эргэн төлөгдөх нөхцлөөр барагдуулах тухай хуулийн биелэлтийг хангах асуудлыг Засгийн газраас хэрхэн зохицуулж байгаа болон ямар үр дүнд хүрсэн талаарх асуулга”-ыг   Ц.Сэдванчиг гишүүн Ерөнхий сайдад тавьсан юм.

Харин уг асуулгад Засгийн газрыг төлөөлж  ХЗДХ-ийн сайд  Ц.Нямдорж болон холбогдох албаны хүмүүс хариулт өглөө.

Ц.Нямдорж  сайд хэлэхдээ, нөхөн төлбөрийн биелэлтийн асуудал 98,6 хувьтай тэнцэж байгаа, 10 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгийг худалдан борлуулж, улсын төсөвт суулгах ажил хийж байна. Гэхдээ үүнээс хойшхи  нэхэмжлэл бас их байгаа, бид хуулийн дагуу ажиллаж байна.  Бэрхшээл гэвэл хүний хэрэгцээ хангах боломжгүй, чанаргүй бараа, эд зүйлүүд их байсан. Одоо ч тийм байгаа. Иймд заримыг нь төрийн өмчид ч шилжүүлэх арга хэмжээ авч байгаа гэх зэргээр ярилаа.

Мөн тэрбээр  зах зээлийн үед иргэн хүн өөрийнхөө өмчийг эрсдэлээс хамгаалах үүрэг нь байгаа. Хадгаламж зээлийн хоршоод дампуурах  үед 17 арилжааны байгууллага, 100-гаад ББСБ  байсан. Тэгээд иргэд мөнгөө тэнд аваачаад, сайн дураар өгөөд эцэст нь  өөрсдөө хохирсон. Үүнтэй холбогдуулж гарсан хууль байна, мөн 7-р сарын 1-тэй холбоотой хууль ч байна. 300 хэдэн төрийн албан хаагч, 15 айл өрх гээд энэ бүхэнд хариуцлагын тухай асуудал яригдаж байгаа. Яг одоо  гэвэл, манай яаман дээр жолоочийн хариуцлагын тухай хууль явж байгаа. Ер нь хууль бус үйлдлийг чадлын хэрээр сэрэмжлүүлээд байхад янз бүрийн залиланд автдаг явдал иргэдийн дунд тасрахгүй байна гээд “Жавхланг бадруулагчаас” эхлэн жишээ татлаа. Залилангийн сүлжээнд иргэд бөөнөөр ороод байдгийг болиулах гээд хуулийн байгууллага боломжоороо ажиллаж байна гэсэн юм.

Харин асуулга явуулсан  гишүүн Ц.Сэдванчиг  хууль батлагдаад 4 жилийн нүүр үзсэн. Тэгээд удааширч буй шалтгаан, хэрэгжилтийн талаар асуухдаа  “Сайдын мэдээлэлд бараг 99 хувь биелэлттэй  байна гэж  бичсэн байна. Харин  бараг 1000-аад хүний хохирол дутуу байгаа тухай яригдаад,  өргөдөл гомдол тасрахгүй байдаг.  Тэгэхээр энэ гомдол тэгээд хэзээ дуусах юм бэ, барьцааны эд хөрөнгийг дэлгүүрээр зардаг гээд байна. Олон түмэнд мэдээлдэг юм байна уу, сурталчилгаа тааруу байна.  Хаяг тодорхойгүй гэдэг, тэгвэл иргэний шинэчилсэн бүртгэлээр тэднийг олж байгаа юм байна уу. Мөрдөн байцаалтын шатанд эд хөрөнгийн үнэлгээг хэн тогтоодог юм бэ, 4 жилийн нүүр үзсэн энэ хууль хэзээ дуусах вэ”  гэхчлэн асууж байв.

Ц.Нямдорж сайд үүнд хариулахдаа, төрийн үүрэг бол 50 хувийн хохирлыг шүүхийн шийдвэр гарсан нөхцөлд л өгөх ёстой, энэ үүргээ биелүүлж байгаа. 2,4 орчим тэрбум төгрөгийн шийд УИХ-аас сүүлд гарсан. Тэрний цаана хохирогчдын 50 хувийн асуудал байгаа, энэ нь тэр эд хөрөнгийн  борлуулалтаас шалтгаална. Нууж хаагаад байх юм байхгүй. 2007 оны хуулиар төр 50 хувийг өгнө л гэсэн. Тэрийгээ хийсэн. Газар дээр нь очоод үзэхэд 3-4 жил хэрэглэсэн “Ланд круйзер” бараг хөлнөөс өөр юмгүй шахам байдаг.   Би 2008 оны юм хэлж байна. Тухайн үедээ үнэлээд тэр гэж ярилаа. Харин ХЗДХ-ийн яамны төлөөлөл, 4 хоршооны 403 хохирогчтой хохирлыг олгох ажил хийгдэнэ. Гэрээ байгуулж дуусвал  50 хувийг бүрэн олгох боломжтой.  Нийт 515 зээлдэгч 6 тэрбум гаруй зээл төлөх байснаас 1 тэрбум 97 саяын зээл төлсөн. Одоогоор  60 хэдэн тодорхойгүй хаяг бүхий  зээлдэгч байгаа. Бүрэн төлөөгүй, хэсэгчлэн төлж байгаа 98 зээлдэгч байгаа. 265 зээлдэгч зээлээ бүрэн төлсөн.  13 тэрбум 780 сая төгрөгийн битүүмжилсэн хөрөнгийг шийдээд байгаа хэмээн  хэлсэн юм.

Ер нь бол мөрдөн байцаалтын шатанд хохирол нөхөн төлөхдөө хуулийн дагуу захирамж гаргаад, мэргэжлийн хүмүүсээр байгуулсан комисс байдаг аж. Тэр нь 8-9 хүнтэй үнэлгээний хороо аж.  Гол төлөв техникийн эд хөрөнгийг үнэлэх хэрэг гардаг гэнэ.  Дуудлага худалдаатай холбоотой хөдлөх эд хөрөнгийн хувьд хүндрэл бүхий 2,4 тэрбум төгрөгийн эд юм байгаа нь цахилгаан бараа, сэлбэг, эксэль, элантра маркийн машинууд гэнэ. Тэд одоо бараг үнэгүйдсэн юм байх.  Цахилгаан барааны хувьд зах зээлд бодитоор зарагдахгүй, тийм боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай холбогдох албаныхан ярилаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн байцаалтын шатанд үл хөдлөх хөрөнгө ирэхээсээ өмнө давхар барьцаатай байдаг гэнэ. 30 шахам үл хөдлөх эд хөрөнгө ийм байгаа аж.  Энэ нь худалдан борлуулахад  хүндрэлтэйд ордог бололтой.  Дуудлага худалдаа бол хохирлыг барагдуулах зорилгоор хамгийн багадаа 6 удаа цаашлаад 16 удаа  дуудаж байж бараа, эд хөрөнгийг борлуулсан байна.  Гэтэл хуулиараа 1-2 л дууддаг. Үнэлгээн дээр эрх бүхий байгууллагууд бодитой хандахгүй бол нэлээд бэрхшээл туулдагийг тэд хэлсэн.

Хураагдсан эд зүйлийн талаар сайд хэлэхдээ,  худлаа хэлсэн хүнд бол дүүрэн л “эксэль”-ийн хаалга овоолсон байгаа шүү дээ. Манай гишүүд ч очиж үзсэн. Одоо тэр эксэль чинь борлогдохоо больсон, 5-15 удаа дуудлага худалдаанд ороод байхад ч борлогдохгүй байгаа гэсэн юм.

Мөн шинжээчдийн үгээр их өндөр үнэ тавьдаг,  өөр хууль боловсруулж болохгүй юу, эрх зүйн зохицуулалт хийх боломж бий юу, яагаад бага бүр бага үнээс  дуудаж болохгүй гэж. Монголд дахин ийм зүйл гарахгүй гэх баталгааг хэр хийсэн бэ.  Засгийн газар, ХЗДХ-ийн яам энэ талаар юу хийж байна вэ гэсэн асуултанд:

Ц.Нямдорж сайд,   сүлжээний луйвар бол зогсохгүй шүү дээ. Бусад оронд ч тийм. Ер нь төр, хуулийн байгууллагад  ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ур чадварын асуудал чухал юм. Хадгаламж зээлийн хоршоодын хувьд тухайн үеийн зарим асуудлаас болоод холбогдох байгууллага нь харзнаад, хугацаа алдсан байж болох. Эд хөрөнгийг шинжээчид өндрөөр үнэлсэн байгаа, гэтэл худалдахаар дуудахдаа олон улсын жишгээр багаас л дуудаж байгаа.  Муу ажиллах нь хуулиндаа ч биш. Тэр “эксэльдээ” л байна. Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой 43 ялтан ялаа эдэлж буй. 209 иргэний хариуцагчаас 8 нь ял эдэлж байгаа. Ер нь бол хатуу бодлого барьж ажиллаж байна гэсэн.

Харин асуулга тавьсан Ц.Сэдванчиг “Сайдын танилцуулгад 98,5 хувьтай байгааг бичжээ.  Нийт    хохирогчдоос 1000-аад хүний хохирлыг шийдээгүй байна. Тэгэхээр төр хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийг хохиролгүй болгоход хурдан анхаараач , маш хэцүү иргэд, хувь хүн  их байдаг юм билээ. Энд онцгой анхаараач гэж хүсээд байна. Ганц Шүүхийн шийдвэр биелүүлэх газар бус Засгийн газар, Сангийн яам, ТӨХ, нийслэлийн холбогдох газрууд  гэх зэрэг өөр ямар албад байдаг вэ, сайд та нэгдсэн удирдлагаар хангаж, зохицуулж өгөхгүй бол энэхүү хохирлыг эргэн төлөх асуудал удаашраад болохгүй нь. Эд юмс борлогдохгүй байна гээд суугаад байлгүй санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Шаардлагатай бол хууль санаачлаад оруулаад ирэхийг үгүйсгэхгүй”  гэж хэлсэн юм


URL:

Сэтгэгдэл бичих