Алт хайж улайрсан компани, цогцос хайж тамлагдсан аврагчид

704

Уул уурхайн компаниудын хариуцлагагүй байдлаас болж ар амьдралаа тэжээх гэж яваа жирийн иргэд шороонд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын сүүлчээр Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайд гарав.

Үнэхээр харамсалтай, ослын улмаас хоёр иргэн эрэмдэг зэрэмдэг болж, дөрвөн иргэн амиа алдсан.

Хөрсний нуралт үүсч, дөрвөн иргэн техниктэйгээ ор сураггүй алга боллоо гэсэн мэдээллийн мөрөөр Онцгой байдлын газрын 36 алба хаагч ослын газарт 9 хоног дарга нарын өгсөн чиглэл үүрэг даалгаврын дагуу хүйтэн усанд шавар шалбаагт шумбалт хийж, өдөр шөнөгүй зүтгэсний эцэст амиа алдсан дөрвөн иргэний цогцсыг гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэж өглөө.

Хэргийн газарт нөхцөл байдал маш хүнд байсан. Дахин нуралт үүсэх өндөр эрсдэл дунд аз, бурхан хоёроос өөр найдах юмгүй цөхрөлийн өмнө эрэмгий ажиллаж байгаа аврагчдын үйл ажиллагааг зогсоогоогүй. Хэдий аюулгүй байдлыг нь сайн хангасан ч тэд эрсдэлтэй орчинд эрэн хайх ажиллагааг маш сайн явуулж дуусгасан байдаг.

Мөстсөн шаврын гүнд бараг 10 хоног тасралтгүй ажилласан төрдөө тангараг өргөсөн аврагчид үүргээ сайн биелүүлсэн. Гэхдээ тэднийг шагнаж урамшуулах зүйл алга. Авах ёстой цалин дээр нь нэмэгдэл гэж алга. Амьдралд тус нэмэр болохуйц хэдэн төгрөгийн нэмэгдэл өгвөл тэдэнд хэрэгтэй. Гэвч үсрээд л шударга журам гэсэн медалиараа энгэрийг нь мялааж, сэтгэлийг нь баясгана. Чухамдаа бол энэ медалиас илүү ар гэрт нь хангамж туслалцаа үзүүлсэн нь хавьгүй дээр.

Хариуцлагагүй уул уурхайн компанийн гаргасан алдаанаас болж дөрвөн хүн эндсэн. Тэдний цогцсыг гаргахын тулд хууль нь үйлчилдэггүй алтныханд тамлагдаж ажилласан онцгойн аврагчдаараа бахархаж байна. Өөрөөр хэлбэл, амь насаараа дэнчин тавьж, хийх ёстой ажлаа хийж дуусгасан. Тэднийг хайрлаж байна. Тэдэнд баярлалаа гэдэг үг ч багадана. Ард түмэн тэднийг үнэлж байна. Төр засаг нь хаа байна.

Ослын газарт ажилласан онцгойн алба хаагчдыг шагнаж урамшуулах талаар ярилцаж судлаж байгаа гэхээс өөр мэдээлэл алга. Хөхөө өвлийн хүйтнээр шахуу мөс шавартай усанд амь насаа дүйн байж ур чадвар гаргасан аврагчдаа хэрхэн урамшуулж, хөдөлмөрийг нь үнэлэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна шүү. Хэдий төр засгаас тусламж дэмжлэг үзүүлэх боломжгүй юм бол “Эко алтан заамар” компаниас гаргаж, алба хаагчдад өгөх ёстой.

Аврагчдын ажил амар бишээ. Ямар л гай гамшиг, осол аваар, үер усны аюул, ой хээрийн түймэр гарлаа. Тэд команд аваад шуурхай хөдөлдөг. Хэдийгээр тэдний хийх ёстой ажил ч онцгойгийнхон бол ямагт тэргүүн шугаманд гал хорын голомтод амь дүйсэн эрсдэлтэ эхэлж нүүр учирдаг “нэргүй” баатрууд. Гэвч тэднийг үнэлэх үнэмлэмж хэр байдгийг та бүхэн мэднэ. Авдаг цалин нь амьдралд хүрэлцэхгүй нь үнэн.

Мөн аврагчдын хувцас хэрэглэл муудсан байгааг Шадар сайд онцолсон. Түүнээс гадна техник хэрэгсэл ч эдэлгээ муудаж, зарим үед гал руу нүцгэн гараараа ч орох тохиолдол зөндөө байдгийг алба хаагчид ярьж байна. Тиймээс тэдэнд ажлын болон ар гэрийн хангамж үйлчилгээ сайн байх ёстой. Тэгж байж онцгойн алба хаагчид сайн үүрэг гүйцэтгэнэ. Ажлаа хийгээд цалингаа авах нь тэдний үүрэг хэмээн “хатуу” хандах ч хааяа бас хайрладаг, өрөвддөг байх ёстой. Хүн чанартай хүнлэг байх ёстой болов уу.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр иргэдэд хоолойгоо зангируулж байгаад сэрэмжлүүлэг анхааруулга өгч байна билээ. Иргэд өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас болж аюулд өртөж, эрсдэлд ороод байна. Таны аюулгүй, айдасгүй аж төрөх, амьдрах, ажиллах гээд бүх эрх чинь таны өөрийн тань гарт байгаа. Тиймээс хэзээ ч сэрэмж бүү алд. Анхааралтай байхыг байнга сануулсаар байна.

О.Гэрэл
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих