УЛААНБААТАР САНГ УЛААНБААТАР БАНК БОЛГОСОН ТҮҮХ

2714

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өмч хувьчлалыг бүхэлд нь шалгахаа мэдэгдсэн нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа. Тэрбээр энэ ажлаа Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпорациас” эхэлсэн нь олон ноцтой баримтыг дэлгээд байгаа билээ. Хамгийн чухал нь энэ хэргээс үүдэн Монголын улс төр, бизнесийн бүлэглэлийн МАНАН-д хууль хяналтынхан тэр тусмаа шүүх, прокурорууд уусан шингэж, гар хөл болж буйг илчилснээрээ Монголын нийгэмд “үнэний төлөөх шударга тэмцлийг” өрнүүлээд байна.Тиймээс манай сайт “ХУВЬЧЛАЛ НЭРТЭЙ ХУЙВАЛДААН” булан нээж хувьчлагдсан обьектуудын түүхийг цувралаар хүргэх болно. 

 ХУВЬЧЛАЛ НЭРТЭЙ ХУЙВАЛДААНУУД ЦУВРАЛ -1

 

Нийслэлийн засаг дарга асан Ж.Наранцацралт агсан “Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод гадаадын аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос” бүрдэх Улаанбаатар санг 1997 онд байгуулжээ. Түүний дараа 1998 Нийслэлийн Засаг даргаар М.Энхболд томилогдсоноор Улаанбаатар санг 2000 онд Улсын Үйлдвэрийн газар, 2002 онд Хязгаарлагдмал Хариуцлагатай компани (ХХК) болгон өөрчилжээ. Компани болгосноор өөрийн өмчийн гэх газар дээрээ хувийн компаниудаар орон сууц бариулж нэг орон сууцнаас тодорхой хэдэн ширхэг байрыг нь хотын нэр дээр авдаг байжэ. Гэвчтэр олон байрнууд “Улаанбаатар” ХХК-ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байдаггүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй байсан талаар Нийслэлийн Аудитын 2006 оны тайланд дурджээ. Мөн энэ тайланд 1999-2006 оны хооронд Улаанбаатар санд 56 тэрбум төгрөгийн орлого орсныг дурдсан байна.

1998 он. Улаанбаатар сан нь Удирдах зөвлөлтэй байжээ. Энэ зөвлөлөөс 1998 онд “Нийслэлийн санхүүгийн нөөц хөрөнгийг бий болгон төвлөрүүлж, орон сууц болон дэд бүтцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах, тодорхой хөтөлбөр төслийг санхүүжүүлэх” зорилгоор Улаанбаатар хотын банкийг байгуулж, дүрмийн санд нь 500 сая төгрөг оруулахаар шийджээ. Банк байгуулахад шаардлагатай нэг тэр бум төгрөгийн дутууг иргэн Ц.Дашдорж 250 сая, Д.Ганзориг 250 сая төгрөг гарган бүрдүүлж байжээ.

2001 он. 1999-2005 он хүртэл Нийслэлийн Засаг даргаар ажилласан М.Энхболд 2001 онд Улаанбаатар банкны хувь нийлүүлэгчдийн хурлыг хуралдуулж, дүрмийн санг хоёр тэрбум болгон нэмэгдүүлж “Улаанбаатарсан”-гаас 500 сая төгрөг нэмж оруулах, иргэн Маналын Алтангэрэл 200 сая төгрөг, Ягааны Дашзэвэг 100 сая төгрөг, Раднаагийн Энхзаяа 200 сая төгрөгийг тус тус оруулахаар болжээ.

2003 он Улаанбаатар банкны хувь нийлүүлэгчдийн 2003 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03 тогтоолоор тус банкны дүрмийн санг таван тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэнтэй холбогдуулж Т.Болдхүү (1.5 тэрбумтөгрөг), Б.Цогхүү (500 саятөгрөг), Г.Баттөмөр (500 саятөгрөг) нарыг хувь нийлүүлэгч болсон хэмээн бичигдэн үлджээ. Харин үүнээс хойшхи мэдээлэл бүрхэг бөгөөд 2006 оны аудитын тайланд “Улаанбаатар банкинд оруулсан хөрөнгө оруулалтыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж банкнаас гэрчилгээ олгосон боловч бүртгэлдээ авах шийдвэр ирээгүй гэдгээр шалтаглан Улаанбаатар сан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж бүртгээгүй, тайлагнаагүй, үнэлгээ хийлгээгүй байна” хэмээн дурджээ.

2004 он. Улаанбаатар сангаас буюу нийслэлийн хөрөнгөөр бий болсон Улаанбаатар банкны сураг 2004 оноос тасарч эхэлсэн байх бөгөөд 1999 онд 20 сая, 2000 онд 96 сая, 2001 онд 87 сая, 2003 онд 183 сая бүгд 465 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь тухайн үедээ үндэсний компани, бусад банкуудын хувьд зүүдэндээ ч мөрөөдөхөөргүй их ашиг байлаа. Энэ үеэс л “сахал” Д.Эрдэнэбилэг Улаанбаатар банкинд нөлөөгөө тогтоосоор эдүгээ 99,9 хувийг эзэмшдэг хувийн банк болгон авсан бололтой. Гэвч 2004 оноос хойшхи Улаанбаатар сан, Улаанбаатар банктай холбоотой асуудалд үе үеийн НИТХ болон хотын Засаг дарга нар огт анхаарал хандуулаагүй бөгөөд Улаанбаатар хот хажуудаа ийм банктай байгаагүй мэт өнөөдрийг хүрлээ.

2005 он. “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн саналаар татан буулгах шийдвэр гаргажээ.

2019 он. Улаанбаатар санг банк болгон хувиргасан хуудуутай “хувьчлалыг” УИХ-ын гишүүн,  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  шалгах болов уу.

Д.Эрдэнэ

ЭХ СУРВАЛЖ: http://tvmongolia.mn


URL:

Сэтгэгдэл бичих