Согтуу жолооч галт тэргэнд мөргүүлжээ
Энэ сарын 8-ны өдөр галт тэрэг, автомашинтай мөргөлдсөн хэрэг гарчээ. Цагаанхаалга өртөөнөөс Хандгайт өртөө рүү хөдөлсөн 3503 дугаар галт тэрэгт 15:12-д 28-р км-н пк-3-д буюу Ерөө сумаас 10 гаран км-н наана Тоёота Axio маркийн цагаан өнгийн суудлын машин мөргүүлсэн байна. Учир нь машины жолооч иргэн О согтуугаар тээврийн хэрэгслээ жолоодож яваад гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан галт тэргэнд мөргүүлсэн байна.
Зүтгүүрийн машинч цаг алдалгүй яаралтай тормос хийж зогссон учраас хүний амь нас эрсдээгүй байна. Иргэн О нь Ерөө гол дээр гэр бүлийн хамт загас барьж байхдаа архи хэтрүүлэн хэрэглэж машинаа унаж яваад ийм осол гаргажээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас шалгаж байна.
Иймд ард иргэд дулааны улирал эхлэж байгаатай холбоотой амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн амь нас болон бусдын эд хөрөнгийг хамгаалахыг анхааруулж байна.
URL: