Баабар: Сайн хүний эрэлд

571

XIX зууны эцсээр Отто фон Бисмарк Германы канцлер болжээ. Түүний нэр “төмөр канцлер” хэмээн түүхэнд үлдсэн юм. Тэрээр дайн хийж байсан, гэхдээ байлдаанч гэдэг утгаараа ийм цол аваагүй юм. Напалеон нэгдсэн Европ байгуулах гэж дайтаж байсан бол Бисмарк юун түрүүн Европт тэнцвэрийн байдал тогтоох гэж дайн хийж байжээ. Үнэхээр Напалеоны нэгдсэн Европ нь тэр үедээ нөхцөл нь бүрэлдээгүй байсан эртэдсэн санаархал байсан бол Бисмаркийнх цагаа олсон, бодит, хэн нэгний хэт давамгайлал нь Европт төдийгүй дэлхийд хортой тусах учир түүнийг сөргөсөн бодлого байлаа. Тиймээс “бодит бодлого” гэсэн улс төрийн нэр томъёо түүнээс анхлан гарч, эдүүгээ дэлхийн төрийн бодлогын гол хүчин зүйлийн нэг болсон байна.

Бисмаркийн “хүчний тэнцвэр” бодлогыг судладаг профессор Киссинжэр 1972 онд АНУ-ын аюулгүй байдлын болон гадаад бодлогыг толгойлох болсноор Москва, Бээжинд хоюуланд нь ерөнхийлөгчөө айлчлуулж, улмаар Вьетнамын дайныг зогсоож чадсан, үүгээрээ ч өөртөө Нобелийн шагнал авч үлджээ. Тухайн үед хүчний тэнцвэрийн ойлголтгүй монголчууд хүйтэн дайны нэг тал дээр нь идэвхийлэн бүжиглэж байхад солонгосчууд Орос Хятадын зөрчлөөс, югославчууд Америк Зөвлөлтийн зөрчлөөс өөртөө тэнцвэрийн баланс барьж хожиж байв. Өдгөө Хойд Солонгос туйлдаж, Югослав тарж алга болсон нь тэнцвэрийн гадаад баланс барьж байснаас биш, харин ч гадаад баланс нь өөрсдөөс нь үл хамааран алга болохоор үүнд тохируулж тогтоож байсан дотоод тэнцвэргүй баланс нь хэлбийж далжийн сүйрэл буй болгосон хэрэг.
Тэнцвэрийн баланс нийгмийг тогтвортой төдийгүй илүүтэй шудрага, хууль номонд нь авч явдаг юм байна гэсэн үнэнтэй хүн төрлөхтөн улам улам зохицон хүлээн зөвшөөрч байна. Энд саяхан болсон Германы сонгуулийн үр дүн цорын ганц жишээ нь бишээ. Маш олон оронд сонгуулийн үр дүн болгон ийм дүн үзүүлж хамтарч төр барих мөртөө биендээ хатуу хяналт тогтоох хэлбэр улам түгээмэл болж байна.
Монголчууд 1990 онд анх удаа чөлөөт сонгуульд оролцлоо. Инерцээрээ Ху намдаа өгсөн. 1992 онд шилжилтийн хүндрэлийг шинэ хүчнүүдийн дэмий ярианаас болсон гэж үзээд Ху-аа бүр ч ихээр хайраллаа. 1996 онд урам нь хугарсан сонгогчид Ардчилсан хүчинд хандав. Тэр үед Төрийн шийдвэр 66 хувиар гардаг байтал завсар нь ганц суудал дутааж ганцаар шийдэх эрхийг нь бас хязгаарлаж байсан юм. Чухам үүний буянгаар нэг нь хэт давамгайлж чадахгүй учир нөгөө нь бүрэн хяналтаа тогтоож аваад Төрийн хазгай гишгэдэл болгон олны нүдэнд томруулдаг шилээр тусдаг болжээ. Төрийн алдаа дутагдал болгон ил тод гараад байхаар энэ бол төр хямарч түмэн ядуурч байгаагийн шалтгаан гэж үзсэн монголчууд 2000 оны сонгуулиар бүх эрхийг нэг талд нь нааж орхив. Улс яаж дампуурч, авилга хээл хахууль хэрхэн томорч өнчин хүүхдийн сүүлчийн зүсэм талхыг булааж байсан ялзарсан төр 2000-2004 оны хооронд тогтож байсны үнэний зах зухыг сүүлчийн сонгуулийн буянгаар хүмүүс харж эхэллээ. Яагаад гэвэл 2004 оны сонгууль хүчнүүдийг тэнцүүлж өгсөн юм. Хэнд нь ч давамгай эрх өгөөгүй мөртөө хэнийг нь ч эрх мэдлээр дутаасангүй. Хэрэв чингээгүй бол үгүй наад зах нь олны хөрөнгийг хуйгаар нь хусаж амташсан нөхөр шоронд биш индэр дээр энгэртээ баатрын таван хошуу санжигануулаад явж байх байлаа. Энэ бол мөсөн уулын дөнгөж үзүүр нь, цаана нь юу нуугдана гээч.
Хоюуланд нь тэнцүү эрх өгчихөөр хамтраад хуйвалдаж цусалцгааж байна, тэр үнэн. Гэхдээ тэр болгоныг нь шахам бид сонсож үзэж үгүйдээ л муу новшид дахиж хууртахгүй дээ гэсэн бодол хүмүүст төрж байна. Энэ нь огт мэдээгүй байхад нь хамаг юмыг нь цөлмөчихснийг хожим өнгөрсөн хойно нь дуулж үстэй толгойгоо үгтээж байснаас хавьгүй дээр биш үү. Эсвэл хамгийгаа цөлмүүлчихээд дээр нь тэр луйварчнаа хайрлаж энхрийлж, бөгсийг нь долоох гэж уралдаж байсан нь дээр юм уу!
МАХН, АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна.
Гэвч нэгдсэн Европыг Напалеон 200 жилээр түрүүлж сэтгэн бодит бус бодлого явуулж сүйрч байсан бол Бисмарк ердөө л “бодит бодлого” гэгчийг явуулж байснаар амьдралд илүү бодит байсан тухай дээр өгүүлсэн. Хоёр нам улс төрийн хувьд хичнээн дампуурсан ч бай аль алин нь зайгаа тавьж өгөөгүй л байна. Энэ бол өнөөгийн бодит байдал. Энэ байдал цаашид ч хэдэн жил үргэлжлэх биз. Хүмүүс хоюуланд нь дургүйцэж байна. Гэхдээ “оронд нь хэн байгаа юм бэ?” гэдэг асуултыг хүн болгон тавьж хэн ч товтой хариу олж чадахгүй байгаа нь манай өнөөгийн “бодит үнэн”! “Годоог хүлээх нь” хэмээх дэлхийн сонгодог жүжиг бий. Бекетийн зохиол. Тэнд хэдэн хүн Годоо хэмээх сайн хүнийг хүлээгээд л суудаг. Ганц ярьж хийдэг, цаг өнгөрөөдөг юм нь Годоо хэзээ хүрээд ирэх вэ гэдэг асуудал. Гэтэл Годоо нь хэзээ ч ирэхгүйгээр барахгүй ерөөс тийм хүн байдаг эсэх нь эргэлзээтэй. Манай ард түмэн хэзээ ч ирэхгүй, аягүй бол огтоос үгүй Годоо хэмээх сайн хүнийг ирэхийг олон жил хүлээн сууна. Тэр сайн хүнээр төрөө бариулаад, депутат, ерөнхийлөгч болгон сонгоод дараа нь нэг мөсөн жаргаж хэвтэх мөрөөдөл.Гэтэл амьдрал дээр сайн хүн гэж байдаггүй, сайн тогтоц л гэж бий. Бидэнд өнөөдөр муу тогтоц дээр гараад ирсэн муу хүмүүсийн тэнцвэрийн баланс нь сайн юм. Муу юмнаас ургасан ганц гайгүй нь л энэ. Муу хүмүүс (дивтаат болчихсон бол муу л хүн байж таараа шүү дээ!) энэ тэнцвэрийг алдагдуулан өөрийн бүлэглэлдээ бүрэн эрх авах гэж биеэ гоён диваажингийн амлалтаа амандаа багтааж чадахгүй сагуулан бөөлжиж явна. Мафийн нөгөө бүлэглэлийн горьлогчоо газар доор ортол нь доош нь хийж байгаа биз? Сайн хүн гэж байхгүй, сайн тогтоц л гэж бий, мөн муу хүн гэж байхгүй муу тогтоц л бий. Нэгэнт Годоо гэгч ерөөсөө байхгүй юм бол “бодит бодлого” баримтлан мафийн хоёр бүлэглэлийн хоорондын эцсийн тэнцвэрийг л барин алийг нь ч “төгс ялалтанд” үл хүргэх нь жирийн иргэнд хамгийн хожоотой зүйл болно. Нэгэнт эл хоёроос өөр цаана нь сонгочмоор юу ч байхгүй учраас нийт бүлэглэлийн хувьд нь тоон тэнцвэр буй болгох нь өлзийтэй мэт. Улс төрийн цоо шинэ хүчнийг буй болгох хэрэгтэй гэдэг бодит шаардлага мөн боловч өнөөдөртөө бодит байдал биш. Байгаа бодит зүйл маань эл хоёр нам. Яг өнөөдөртөө хоёр бүлэглэл тэнцвэрээ хадгалж байгаа нь бодит үнэн. 2004 оны сонгууийн дүнг “Хаан сонголт” гэж нэрлэсэн нь жирийн ч хэрэг биш шүү. Урьдынх шиг сонгуулийн ганц өдөр нүүр өгчихөөд маргаашаас нь дөрвөн жил бөгс үнэртэж суухгүй, харин худлаа ч гэсэн харж үзнэ гэсэн амлалттай инээмсгэлэл дүүрэн малигар нүүрнүүдийг үргэлж харж сонсож суух нь огтоос үгүй Годоог хүлээж суугаа бидэндээ ядахнаа л кайф биш үү!
2006 оны 8 дугаар сар 24
Баабар

URL:

Сэтгэгдэл бичих