Монголын ураны баялгийн 90 хувийг гадныхан эзэмшиж байна

Дэлхий нийтээр атомын зэвсэг, эрчим хүчний найд­вартай эх үүс­вэрийг идэвх­тэй эрэлхийлж эхэлсэн 1940-өөд оны үед манай улсад ураны хайгуул, судалгааны ажил дөнгөж өрнөж байв.

Өнөөгийн байдлаар нийт нутаг дэвсгэрийн 70 орчим хувьд ураны хайгуул хийсэн бөгөөд 65 мянган тоннын нөөц­тэй гэсэн дүгнэлт гар­сан билээ. Энэ хэмжээг тогтоосны дараа Монгол Улс ураны нөөцөөрөө дэлхийд 16 дугаарт жагссан юм. Гэхдээ Дорноговь аймгийн Дулаан-Уул дахь “Арева Монгол”, Дор­нодын Мардай дахь “Гур­ван сайхан” компанийн хай­гуулын дүн гарсны да­раа энэ тоо өөрчлөгдөх нь тодор­хой.

Түүнчлэн Сүхбаатар, Хэнтий, Дундговь аймагт ч ураны шинэ илэрцүүд бий гэд­гийг тогтоосоор байгаа. Тиймээс олон улсын зүгээс ойрын 10 жилийн хугацааг Мон­голын ураны хайгуулын ор­гил үе болно гэж үзэж байгаа аж.

Одоогоор хайгуулын 109, ашиглалтын хоёр лиценз хүчин төгөлдөр байгаа юм. Гэхдээ эдгээрийн 90 гаруй хувь гадны компанийн нэр дээр, эсвэл Монголын компани гэдэг ч гадаад эзэнтэй байдаг.

Уран бага хэмжээгээр олбор­лож буй компани хоёр­хон бий. Харин олбор­лосон ураныг туршилт нэрийн дор гадаадад гаргадаг. Тиймээс манай улс ураны лиценз­тэй компаниудаас талбай ашигласны түрээс, татвар төдийхөн л авч, цөмийн энергийн салбараа “урагшлуулж” байна.

Уг нь энэ салбарыг дэлхий нийтээр стратегийн хамгийн том түшиц гэж үздэг. Тиймдээ ч дэлхий дээр газрын тос, ураныг хамгийн амжилттай эзэмшсэн улсууд тэргүүлэх байр суурийг хүртдэг.

Ураны салбарт үйл ажил­­лагаа явуулж байгаа гад­ны компаниудаас Фран­цын төрийн өмчит “Арева” ком­­панийн салбар “Арева Монгол”, “Кожеговь” хам­гийн том нь. Дорноговь, Дунд­говь, Сүхбаатар аймагт үйл ажил­лагаа явуулж буй бөгөөд одоо­гоор газрын гүнд ураны исэл (шар нунтаг) гарган авахаар туршиж байгаа. Энэ онд Дорноговьд ураны исэл гарган авах үйлдвэр бай­гуулахаар төлөвлөж, 2017 оноос олон улсад ний­лүү­лэхээр тогтсон.

Гэхдээ энэ бол франц­чуудын төлөвлөгөө. Монголын талаас өнөөг хүртэл исэл экс­портолж эхлэхийн цагт ашгийг хэрхэн хуваах талаар тохиролцоогүй байгаа юм.

“Кожеговь”-ийн хувьд Дорноговь аймагт “Дулаан-Уул” төслийг хайгуулын ажлын хүрээнд хэрэгжүүлнэ гэсэн ч тун удалгүй үйлд­вэр барих хэмжээний зөв­шөөрлийг өөрийн бол­гожээ. Өдгөө шар нунтаг гарган авахаар туршсан нь амжилттай болж, олон улсын анхаарлыг хэдийнэ татсан. Гэхдээ Франц дахь толгой компанид нь асуудал гарч, ажилчдаа мянга мян­гаар цомхотгож эхэлсэн нь Монголд үйл ажиллагаа явуулж буй салбаруудад нь хүн­дээр тусах нь мэдээж.

Цөмийн энергийн салбарт тол­гой цохидог гадаадынхан дунд АНУ, ОХУ, Бермудагийн хам­тарсан “Гурвансайхан” ком­пани дээгүүрт орно. ТӨХ 15 хувийг нь эзэмшдэг гэх ч мон­голчуудын нөлөө төдийлөн тус­даггүй тус компани 1994 оноос хойш Монголд уран хай­саар байгаа.

Ер нь монголчууд баялаг­таа эзэн сууж чаддаггүйн жишээг Канадын “Хан ресурс”-ийн зарга тод харуулсан. Мон­голын Засгийн газар жирийн нэг компанийн өмнө хүчин мөхөс гэдгийг олон улсад ойлгуулсан уг хэрэг чухамдаа биднээс болсон. Монгол Улс “Дорнод-Уран” гээч хам­тарсан компанийг бай­гуулах хүсэлгүй байсан. Энэ ком­панид Монголыг төлөөлөх “Мон-Атом” төрийн оролцоог л төлөөлнө гэсэн юм. Энэ нь төрийг шууд төлөөлнө гэсэн үг биш. Жинхэнэ холион бантан болсон уг асуудал одоо ч зууралдсаар байгаа.

Ураны салбарыг хөг­жүүлэх учиртай Цөмийн энер­гийн газарт ч асуудал багагүй бий. Монголд цөмийн хаягдал булшлах тухай цуу тархаж, олон улсын анхаарлыг өдөөсний дараа тус газар Засгийн газарт ажлаа тайлагнах шаардлагатай болсон. Гэтэл асуудлын гол зангилааг тайлж, тайлбарлах учиртай С.Энхбат даргын бие гэнэт чилээрхэн, ажил дээрээ ухаан алдсан тул эмнэлэгт хүргэгд­сэн юм. Маш эгзэгтэй үед ийм байдал бий болсныг хоёр талаас нь тайлбарлаж болох ч олон хүн үүнийг санаатай өвчлөл гэж үзсэн. Учир нь Цөмийн энергийн газрыг ажлаа тайлагнахын өмнө Ерөнхий сайд С.Батболд газ­рын дар­гатай хатуухан ярьж, хариуцлага тооцно гэ­сэн. Тэр ч бүү хэл түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ГХЯ-ны тусгай үүрэг гүй­цэт­гэгч А.Ундраа гэгчийг томилох тухай ярилцаж байв.

Монголд цөмийн хаяг­дал булшлах асуудал гэнэ­тийн зүйл биш. Анх 1994 онд Монголын говь хаягдал булшлах хамгийн тохиромжтой газар гэдэг яриа эхэлсэн. Тухайн үед Ерөнхийлөгч П.Очирбат Монгол Улсыг цөмийн аюул­гүй орон хэмээх статустай бол­гохоор хөөцөлдөж, хожим Н.Бага­банди ажил хэрэг бол­госон. Гэвч 2005 онд энэ асуу­дал дахин хөндөгдөж цөмийн лабораторитой улс бүр говь нутаг руу өнгөлзөж эхэлсэн юм. Тэгэхэд нэр бүхий түшээд “Хятадын Лоб нуур, Оросын Се­миполитинскд угаасаа цөмийн туршилт хийдэг. Мон­голын баруун хязгаараас хэдхэн км-ын зайд цөмийн тур­шилт хийдэг тул манайд үүсмэл цацраг байгаа гэсэн үг. Хаягдлын нэгж тутамд их хэм­жээний мөнгө төлж буй уч­раас үүнийг зөвшөөрвөл яа­сан юм” гэсэн утгатай юм яриад, сонин, хэвлэлд ярилц­лага хүртэл өгсөн.

Монгол Улс 2009 онд Цөмийн энергийн тухай хуультай болсон ч өдийг хүртэл хэрэгжүүлж чадаагүй. Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат “Геологи уул уурхайн мэдээ” сайтад энэ талаар ярилцлага өгөхдөө ”Тодорхой давхрагын сонирхлын зөрчил орж байна” гэсэн байв. Үүнээс харахад манай улсын ураны салбарт томоохон лобби бий аж. Салбарын асуудлуудыг зохицуулах нь бүү хэл нэгэнт баталсан хуулийг хэрэгжүүлж чадалгүй, дарга цэргийн халаа сэлгээний хооронд гүйх зуур гадныхан зоосон хүрзээ лавшруулсаар байна.

Ураны салбарт үйл ажиллагаа явуулж буй гадны компаниуд

-“Арева”-Францын төрийн мэдлийн компани.

-“Кожеговь”-Францын хөрөнгө оруулалттай. “Арева”-гийн охин компани.

-“ЭмЮүСи ресорсиз”-Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Грави Маг”-Австралийн хөрөнгө оруулалттай компани.

-“Эмээлт майнз”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Вестерн проспектор”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, “Эмээлт майнз”-ын толгой компани.

-“Гурвансайхан”-АНУ, ОХУ, Бермудагийн хамтарсан компани.

-“Камеко Монгол”-Канадын хөрөнгө оруулалттай комапни.

-“И Эй Эм эксплорэйшн”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Роллинг хиллс”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“Рэдхилл мега ураниум”-Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

-“ТМОБ”-Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани.

Өглөөний сонин


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих