ГАЛЫН УЛМААС 80,2 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРЧЭЭ
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чойбалсан хотын “Ивээл” хорооллын нийтийн 17 дугаар байранд гал гарч 22 өрхийн 87 иргэн орон гэргүй болсон тухай өмнө нь мэдээлсэн.
Галын улмаас 83 настай ахмад эмнэлэгт хүргэгдэн дөрөв хоногийн дараа нас баржээ. Гал түймэрт өртсөн 22 айлын дөрөв нь бүрэн шатаж, байрны 75,9 сая, 18 айл хагас шатаж, эд зүйлийн 4,3 сая нийт 80,2 сая төгрөгийн хохирол учраад байна. Гал гарсны дараа Онцгой байдлын хэлтсийн аврагчид болон багийн ажлын алба, иргэд шуурхай арга хэмжээ авч, хүмүүсийг аврах, эд хогшил, боломжтой зүйлийг галаас зайлуулах зэргээр хамтран ажилласан ба галд нэрвэгдсэн иргэд, хүүхэд, хөгшдийг 6 дугаар багийн ажлын албаны байранд нүүлгэн шилжүүлжээ. Аймгийн Улаан загалмайн хороо дөрвөн нялх хүүхдэд өлгий, 0-18 насны 42 хүүхдэд дулаан гутал, ботинк, өмд, цамц, 41 иргэнд өвлийн гутал, хувцас хандивлажээ.
Аймаг орон нутгийн удирдлагууд Улсын Онцгой Байдлын Ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхий сайдад хандсанаар асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэн, он солигдохын өмнө орон гэргүй болсон 22 өрхөд гэр олгосныг энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн ч одоогоор 10 өрх гэрээ барьж, дөрвөн өрх багийн ажлын албан дээр, зургаан өрх 17 байрны урд талаас ордог хэсэгт амьдарч байна. Баг дээр амьдарч буй дөрвөн өрхийн орон байр бүрэн шатсаны улмаас ямар ч эд хогшил үлдээгүй учир гэрийг нь барьж, ор дэвсгэр болон хэрэгцээтэй зүйлсээр хангах ажлууд хийгдэж эхэллээ. Иргэд байгууллагын зүгээс галд өртсөн өрхүүдэд хандив тусламж өгөх ажлыг Чойбалсан хот даяар өрнүүлж хандивын данс нээгээд байна.
Одоогоор “Адуунчулуун” ХК-иас 22 өрхөд 88 тн нүүрс, «Шинэ хөгжил» цогцолбор сургууль 12 сурагчид тус бүр 50.0 мянган төгрөгийн үнэ бүхий хичээлийн хэрэгсэл, 10 багийн ахмадын хорооноос буриад гутал, дээл, ор хөнжлийн даавуу, тус багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гутал, хувцас, хөнжил, гудас, хүнсний зүйл, гал тогооны хэрэгсэл зэргээр дэмжлэг үзүүлжээ. Хаан банкны хандивын дансанд одоогоор 1 сая 120 мянган төгрөг хуримтлагдаад байна.
МАН-ын Бага хурлын гишүүн Б.Ундармаа 3.0 сая төгрөг бэлнээр, “Дорнод худалдаа” ХХК-ийн захирал Ц.Шинэбаяр 200.0 мянган төгрөгийг галд өртсөн иргэдийн хоол хүнсэнд бэлнээр хандивлажээ. УИХ-ын гишүүн Д.Одбаяр 2.0 сая, Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас 5.0 сая, “Дорнод гурил” ХК-ийн захирал Х.Болорчулуун 2.0 сая төгрөг, “ДБЭХС” ТӨХК ажилчдынхаа нэг өдрийн цалинг тус тус хандивлахаар болсон тухайгаа бидэнд мэдээлэв.
URL: