Монголыг худалдаж авсан мафи

554

Эрээд сураад олддоггүй Эрдэнэбилэг гэдэг эрхмийг эрүүгийн цагдаагийнхан оллоо, баривчиллаа. Удахгүй суллаад явуулчих юм биш байгаа. Ийм болгоомжлол олон хүнд төрж байгааг олны яриа, сошиал орчноос бэлээхэн харж байтал ёсоор боллоо.

Монгол Улсыг “Эрдэнэт” үйлдвэр ганцаараа шахам тэжээдэг. Энэ үйлдвэрт данстай зэс, молбедины орд бол Монгол Улсын стратегийн ордын жагсаалтад бүртгэлтэй, дэлхийд данстай том уурхай. Ийм ордын 49 хувийг үйлдвэртэй нь худалдаад авчих бэл бэнчинтэй аж ахуйн нэгж манай улсад лав байхгүй юм даг. Гэтэл 1987 онд төрсөн, юм хийж бүтээх нь хэл их сургуулийн ширээнээс ч өндийгөөгүй шахам залуу захиралтай, “Монголиан коппер корпорэйшн” ХХК гэх ганц хадаас ч хадаагүй компани ганцхан өдөр худалдаад авчих юм гэж хэн саналаа. Энэ компани чадалтайдаа бус, МАНАН бүлэглэлийн ивээлд байснаараа ийм зүйл хийж чадсан нь ойрын өдрүүдэд ил болж эхлэв. XX зууны эхээр Монголд гарсан луйврууд дотроос энэ хамгийн том бөгөөд ноцтой нь. Хэрвээ МАНАН бүлэглэлийг дараагүй, М.Энхболдыг огцруулаагүй бол эрдэнэбилэг тэргүүтнийг ингэж баривчилж чадахгүй л байсан биз. Гэвч тайвшрах болоогүй байна. МАНАН-г бүрэн сарниулахын тулд шүүх, прокурор шударга ажиллах шаардлагатай.

“Эрдэнэт” бонд гаргах санааг эргүүлсэн эхлэл

Монголыг атгасан МАНАН мафи анх “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авахаар судалж байтал Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт “Эрдэнэт” бонд гаргах санаа төрсөн байна. Тэр бондоороо зэс хайлуулах үйлдвэр барьж, Цагаан суварга, Оюутолгой, Эрдэнэтийн зэсийг боловсруулбал ахиу мөнгө олж болох юм гэж бодов. Ингээд 2015 оны 1 сарын 22-нд Ж.Амартүвшинг бие төлөөлөгчөөрөө томилон, Хонконг руу илгээлээ. Тэрээр тэнд хөрөнгө оруулагчидтай уулзахад, 26 банк хөрөнгө оруулах санал тавьсан байна. Ингээд Ч.Сайханбилэг тэргүүтнүүд “Дойче”, “Номура”, “Голдман сакс”-ыг сонгожээ. Тэдний төлөөлөгч нар Монголд ирж уулзан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувьд 750 саяас 1 тэрбум ам.долларын бонд босгоход бэлэн байгаагаа мэдэгдэв.

Хачирхалтай нь энэ уулзалтанд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцсон байна. Энэ уулзалтаар өнөөх банкууд “Эрдэнэт”-ийн сүүлийн 3 жилийн тайланг КPMG-ийн баталгаажуулснаар авах хүсэлт тавьжээ. Гэтэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Оросуудаас асуух ёстой” гээд гаргаж өгсөнгүй. Үүнийг сонссон хөрөнгө оруулагчид “Танай Засгийн газар Оросын талын 49 хувийг худалдаад авчих. Тэгвэл бид хөрөнгө оруулъя” гэжээ. Гэтэл Ц.Даваацэрэн “Бид худалдаж авах талаар судалж байгаа. Тийм боломж бий” гэж хэлсэн байна.

Ерөнхий сайд нь бонд босгох гээд явж байхад Ерөнхийлөгч нь өөрийн томилсон захиралтайгаа нийлээд “Эрдэнэт”-ийг өөртөө авах гээд явж байсан байх юм. Энэ юу гэсэн үг вэ. Ц.Даваацэрэн 2013 оны 1 дүгээр сарын 30-нд тус үйлдвэрийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Түүнээс хойш “Эрдэнэт”-ийг мафид авч өгөхөд санаа тавьж суусан байх юм. Тэр үед ОХУ хамтарсан компаниудынхаа хувьцааг “Ростех”-д төвлөрүүлэн, ашиг багатайг нь зарж эхэлж байв. Үүнийг алдалгүй анзаарсан Д.Эрдэнэбилэг тэргүүтнүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийг авах бэлтгэлээ базааж эхэлжээ.

Төрийн мөнгөөр төрийг луйвардсан аргачлал

Хамгийн гол нь мөнгө босгох ажил. ОХУ “Эрдэнэт”-ийн 49 хувийг 200-250 сая ам.доллароор үнэлнэ гэсэн тооцоо хийсэн тэд мөнгө босгохын тулд баахан компани байгуулж эхэлжээ. 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 11 компани үүсгэн байгуулав. Нэг л өдөр бөөндсөн эдгээр компанийн гүйцэтгэх захирал нь Цоожийн Пүрэвтүвшин гэх ганцхан хүн. Монголын арилжааны 13 банк нийлээд ч гаргаж чадахгүй 400 сая ам.долларыг гуравхан өдрийн дотор босгож, Монгол Улсын стратегийн ордыг үйлдвэртэй нь худалдаж авсан тэрбумтан залуу.

2012 оны 2 дугаар сарын 18-нд байгуулсан “Жумейри” ХХК-ийнхаа нэрийг 2014 оны 1 дүгээр сарын 30-нд “Эн Пи Ди Кэй” ХХК болгон солив. Ингээд 13 хоногийн дараа буюу 2014 оны 2 дугаар сарын 11-нд охин компани “Эл Пи Ди Икс” ХХК-ийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь Ц.Пүрэвтүвшин томилогджээ. Түүний 17 компанийн нэг “Кью Эс Си” ХХК 2014 оны 11 дүгээр сарын 28-нд Монголбанкнаас 100 тэрбум төгрөг зээлсэн байна.

“Эл Пи Ди Икс” ХХК-ийнхаа нэрийг 2016 оны 3 дугаар сарын 21-нд дахин сольж, “Монголиан коппер корпорэйшн” ХХК болгов. Ганцхан сая төгрөгийн дүрмийн сантай энэ компани үүнээс 2 хоногийн дараа дүрмийн сангаа 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Гэсэн ч сарын дараа 4 дүгээр сарын 20-нд дахин 100 тэрбум төгрөгөөр нэмэв. Энэ өдөр “Кью Эс Си” ХХК-иас 80.1 тэрбум, “Хээдвэй” ХХК-аас 13.3 тэрбум, “Пик девилопмент” ХХК-аас 18.6 тэрбум төгрөг авчээ. “Кью Эс Си”, “Хээдвэй” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ц.Пүрэвтүвшин. Харин “Пик девилопмент” нь Эрдэнийн Бат-Үүлийн төрсөн дүү Батхүүгийн хүү Насанжаргалын компани. Өөрөөр хэлбэл, Үүл баатарын ачийнх нь компани. Үүнийхээ маргааш нь ОХУ-ын “Альфа” банк руу 5.02 сая ам.доллар шилжүүлжээ. Энэ нь “Эрдэнэт”-ийг авах урьдчилгаа байв. “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийн дүрмийн санг 100 саяар нэмэгдүүлэхээс 14 хоногийн өмнө Ц.Пүрэвтүвшин “Кью Эс Си”-ийнхээ нэрээр Монголбанкнаас дахин 100 тэрбум төгрөг зээлжээ.

Үүний дараа ОХУ-ын “Ростех” корпорацаас Монголын Засгийн газарт 2016 оны 6 дугаар сарын 1-нд албан бичиг ирэв. Тэрийг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газраар дэмжүүлэх бэлтгэлээ эрдэнэбилэгтнүүд энэ хооронд хангажээ. Засгийн газар өөрсдийнх нь талд шийдвэр гаргана гэдгийг ч мэдэж байсан болохоор компанийнхаа нэрийг хүртэл “Монголын зэс корпорац” гэж өгөөд, Оросын талд урьдчилгаа хүртэл шилжүүлсэн байгаа юм. Засгийн газар ч төлөвлөсөн ёсоор тэдний талд ажилласан тул “Альфа” банк руу 6 дугаар сарын 17-нд 182 сая, гурав хоногийн дараа 213 сая 250 мянган ам.доллар шилжүүлжээ. Гурван удаагийн гүйлгээгээр нийт 400 сая 270 мянган ам.доллар шилжүүлснээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг ОХУ-аас “Монголын зэс корпорац” ХХК худалдан авчээ.

Хүссэн юмаа авчихсан, харин одоо бусдын мөнгийг буцааж байршуулах ёстой. “Альфа” банк руу сүүлчийн мөнгөө шилжүүлсэн өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 20-нд ХХБ-нд 3.7 тэрбум иен, 64.8 сая ам.доллар, 149.5 тэрбум төгрөг байсныг тухайн үеийн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, одоогийн УИХ-ын гишүүн Б.Жавхлан ярьжээ. Үүнийг ам.долларт шилжүүлбэл 250 сая болно. Үүгээр “Эрдэнэт”-ийн 49 хувийг авч хүрэхгүй. Засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бонд, Хөгжлийн банкнаас байршуулсан мөнгө, иргэдийн хадгаламж бас тус банкинд байжээ.

Ингээд “Монголиан коппэр корпорэйшн” ХХК 6 дугаар сарын 30-нд Монголбанкнаас 160 тэрбум төгрөг зээлэв. Арилжааны банк, Засгийн газраас өөр байгууллагад зээл олгох эрхгүй Монголбанк Ц.Пүрэвтүвшингийн хоёр компанид дахин дахин зээл олгоод байсан нь жигтэй. Төвбанкны тухай хуулийн 23.5-д “Монголбанк нь Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргахыг хориглоно” гэжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал энэ хуулийг зөрчин, Ц.Пүрэвтүвшингийн компаниудад зээл олгодог байж.

Баруун халааснаасаа мөнгө зээлээд, зүүн халаасандаа хийв

“Монголиан коппэр корпорэйшн” компани “Эрдэнэт”-ийг авах мөнгөө ОХУ-д төлж дуусгахын өмнөх өдрүүдэд Ц.Пүрэвтүвшин бусад компаниасаа мөнгө татжээ. “Кью Эс Си”-гээс 62.9 сая, “Рийвэрстөүн пропертис” ХХК-иас 70 сая, 20-нд “Юнайтед энержи систем”-ээс 70 сая, “Каннетик”-аас 68 сая ам.доллар тус тус зээлжээ. Эдгээр нь бүгд ХХБ-наас зээл авч, авсан мөнгөө бүгдийг нь тэр өдрөө, “Юнайтед энержи систем” нь 6 хоногийн дараа “Монголиан коппер корпорэйшн”-д зээлсэн байх юм.

“Рийвэрстөүн пропертис” бол Ц.Пүрэвтүвшингийн компани. Энэ хүн өөрөө ХХБ-наас зээл авч, өөрийнхөө нэг компаниас өөрийнхөө нөгөө компанидаа зээлсэн байх юм. “Каннетик” ХХК улсын бүртгэлийн байгууллагаас оноосон нэрээ авчихаад, бүртгүүлээгүй байна. Тэгэхээр байгуулагдаагүй гэсэн үг. Цаасан дээр байхгүй ийм компанид ХХБ яахаараа 68 сая ам.доллар зээлчихдэг билээ. Тэр ч бүү хэл энэ компани “Эрдэнэт”-тэй гурван жилийн турш нийт 150 мянган тонн зэсийн баяжмал худалдан авч, борлуулах гэрээ байгуулчихсан гэж байгаа. Түүнийгээ ХХБ-нд барьцаалсан гэнэ.

“Юнайтед энержи систем” компани ХХБ-наас 70 сая доллар зээлэхдээ Өмнөговь аймагт цахилгаан станц барих төсөл барьцаалжээ. Иргэдэд зээл олгохдоо шүдийг нь татаж үзэх шахдаг банк цаасан дээрх цахилгаан станцыг  барьцаалан, зээл олгосон гэхээр итгэмээргүй. Үлгэр ярьж байгаад банкнаас сая саяар нь зээл авчихдаг энэ компанийн 99.82 хувь нь 2016 оны 5 дугаар сарын 30-нд “Кью Эс Си” ХХК-д шилжжээ. Үүнээс яг сарын дараа өнөөх 99.82 хувь Эрдэнэбаатарын Дөлгөөнд шилжсэн байна. Э.Дөлгөөн бол ХХБ-ны охин компани болох “Блүүмберг” телевизийн ТУЗ-ийн дарга Э.Долгионы дүү. Э.Дөлгөөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байв.

“Монголиан коппер корпорэйшн” ОХУ-аас 400 сая ам.доллароор авсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг 2016 оны 6 дугаар сарын 30-нд ХХБ-нд 150 саяын зээлийн барьцаанд тавьчихсан. Ингэхдээ бас л Монголын төрд мэдэгдээгүй. Уг нь хувьцаа эзэмшигч нар өөрийн хувьцаагаа худалдах, барьцаалах бол заавал нөгөө талдаа мэдэгдэх ёстой. Гэтэл бүр Сингапурын компанид шилжүүлэхээр оролдоод баригдсан билээ.

Худалдагдсан хуульчид

Энэхүү зохион байгуулалттай ажиллагааг таслан зогсоож, засах залруулах эрх, үүрэг Монголын төрд бий. Тиймээс ч УИХ “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд буцаан авахаар шийдвэрлэсэн. Энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа. Гэтэл үүнийг “Монголиан коппер корпорэйшн” ХХК эсэргүүцэн, Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг шүүхэд өгчихсөн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хурлыг М.Батсуурь даргалж, Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүгч нар 2018 оны 9 дүгээр сарын 19-нд үүнийг хянаад, “Монголиан коппер корпорэйшн”-ий талд шийдвэрлэсэн байдаг. Уг шүүх хурлыг даргалсан Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь даргалж ХХБ-ны Хуулийн хэлтэст ажиллаж байсан бол түүний аав Мишиг ХХБ-наас хамааралтай олон компанийн нэг болох “Юнайтед энержи системс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Ийм илт ашиг сонирхлын зөрчилтэй хүний даргалсан шүүх хурал ямар тогтоол гаргах нь тодорхой. Түүнийгээ ч баталж, ХХБ-ны эрх ашгийг хамгаалсан.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг “Монголиан коппер корпорэйшн” ХХК худалдан авсантай холбогдуулан, ХЗДХ-ийн сайд Д.Бямбацогт 2016 оны 10 дугаар сарын 17-нд АТГ-т мэдээлэл хүргүүлж, гомдол гаргажээ. Үүнийг АТГ шалгаад, прокурорт хандсан ч нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай 12 дугаар сарын 20-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байдаг.

Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч, ерөнхий захирал, Дээд шүүх, ерөнхий прокурор гээд бүхий л шатны, төрийн өндөр албан тушаалтан оролцсон энэ луйврын бүлэглэлийг мафи гэхгүй юм бол өөр юу гэх вэ. Ийм зүйл хийсэн Эрдэнэбилэгийг Хууль зүйн сайд” Монгол Улсын эзэн” гэж хэлэхгүй яах юм. МАНАН бүлэглэл прокурор, шүүхэд хамгаалагч нараа шургуулсан нь тодорхой байгаа. Тэднийг яах вэ.

Ч.Явуухүү

Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих