АН-ын ганцаардсан чоно буюу МАН-ын далд тоглолт
Оргилуун дарсаа буудуулж, шинэ оноо угтав уу үгүй юу Монголын ард түмэн таагүй олон мэдээллийг дараалан сонсож, дугаарлан зогсож бачимдлаа. Иргэдийг, төр засагтай нь бачимдуулсан мэдээллийг 20 гаруй жилийн түүхтэй Ардчилсан намын дарга, хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг хийсэн юм. Тэрээр дөрвийг харьцах нь арван нэг гэдэг тооны харьцаа нь юу рүү чиглээд байдаг нь үл мэдэгддэг хэвлэлийн хурал дээр 3.5 жилийн дараа АН засгаас гарах шийдвэр гаргасан гэдгийг мэдэгдсэнээс үүдэлтэй. Үнэндээ бол АН-ын зарим нөхөд Н.Алтанхуягийг намын дарга байх нөхөр биш гэдгийг удаа дараа олон cap жилээр хашгиралдаад нэмэр эс олсон. Тэрээр гөжүүд үхэр шиг зүтгэсээр байгаад стандарт бус засагт АН орох нь стандарт шийдвэр мэт авирлаж суусан юм. Харин яагаад гэнэт намын нөхдөдөө, танхимынхаа сайдууд ч хэлэлгүй ийм шийдвэр гаргасныг ойлгохгүй байгаагаа эрс шулуун зантай МОАХ-ны тэргүүн, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурал дээр хэлэхэв.
Н.Алтанхуяг гэдэг хүн, Алтан гадас гэдэг фракц Ардчилсан намаар даажигнаад зогсохгүй, Монгол төрийг самарч байгаа нь утгагүй зүйл гэдгийг сануулаад авна лээ. Нөгөө талаар Н.Алтанхуяг засагт хамтран орохдоо намаа бодсон уу, хувийн эрх ашгаа илүүд тавьсан уу гэдэг асуудал ч гарч ирж байна. Тэрээр Тэргүүн шадар сайд хийж байх хугацаандаа Тавантолгой гэсэн том орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлын хэсгийг ахалсан. Ингэхдээ гадаадын олон компаниудын хооронд тендер зарлаж, гүрэн дамжсан маргаан үүсгээд авсан юм. Шалгаруулат шударга болсон гэж өнөөдөр хэлдэг ч Н.Атганхуяг албан тушаадаа ашиглан авлига аваагүй гэх баталгаа байхгүй. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэдэн тэрбум төгрөгний төсвийг атгасан эрхэм. Энэ зээл нь хүндээ очиж, нүдээ олж, иргэдийн амьдрапыг өөд татсан гэхэд эргэлзээтэй. Төрийнхөн баяжиж, иргэд сульдаатай амьдралтай хэвээрээ байгаа нь мөнгө буруу тийш савагдсан нь ойлгомжтой байгаа юм.
Н.Алтанхуягийн анд найзууд нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас зарласан ихэнх тендерүүдийг залгичихдаг тухай хэвлэх үйлдвэрийн холбооныхон гомдоллосоор өнөөдрийг хүрсэн нь ч бодох асуудал. Их үнэ өгөхөөр тэнцдэггүй. Бага үнэ өгсөн ч шалгардаггүй тендер гэж хаа байхав дээ. Энэ мэтчилэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай холбоотой материалууд урсаж, түүний огцомдсон алхмыг гайхаж суугаа хүмүүс намд нь ч байна. Иргэд ч байгаа нь үнэн. Н.Алтанхуяг засгаас гарах шийдвэрийг дангаараа гаргаснаараа АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооноосоо том гэдгээ харуулснаас гадна гишүүн бус хүмүүст мандат өгөн оруулсан нь жинхэнэ эрх ашгийнхаа төлөө хор найруулж чаддаг гэдгээ нотоллоо. Норовын хүү Алтанхуяг яаж ингэж чадаж байна аа гэж АН доторх Алтангадасаас бусад фракцынхан бухимдаж сууна.
Аргагүй л намын дарга гэдгээрээ дагайлгаад хэлчихсэн үгийг эргүүлээд ам руу нь чихэлтэй нь биш гээд ичсэндээ АН-ынхан засгаас гарах шийдвэрийг нэгтгэн гаргасан мэт ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Түүнээс биш Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд нь Алтанхуяг гэдэг хүнээс дор сэтгэдэг 300 орчим хүн биш. Мал ч биш. Засгаас гарах шийдвэрийг Н.Алтанхуяг дэмжүүлж чадсанаараа нэг том алхам ахисан ч нам дотроо ганцаардсан чоно болох нь тэр. Адгийн наад зах нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, З.Энхболд гээд олон нөхөд Н.Алтанхуягаа чи хэлсээр байтад аальгүй хүүхэн шиг засагт гүйгээд орсон. Арчаагаа алдаагүй дээрээ гаръя гэхээр гараагүй. Харин гарахдаа тулахаараа өөрөө дур мэдэн хаалга савдаг нь ямар учиртай юм бэ гээд асууна. Хариулт нь АН түүхэн үүргээ гүйцэтгэлээ гэсэн тэнэг үг.
Н.Алтанхуягийн болчимгүй алхмын хариуд АН хэнээрхэлтэй нөхдүүд нь шатахуунаар иргэдээ боож, гурилаар гундааж, мөнгөөр хяхаж амьдрах гэж оролдлоо. Хэн ч ойлгохоор эдийн засгийг улс төржүүлсэн энэ тэнэг алхмыг иргэд буруушаалаа. Сонгууль дөхчихөөд байхад иргэдийг ийнхүү бухимдуулах нь АН-д хортой учраас аргаа барсан Н.Алтанхуяг МАН-ынхан л биднийг муутгах гэлээ гаж гоншигносон нь инээдтэй. Үнэндээ бол Н.Алтанхуяг түргэдэж, гэрээгээ хараагүй, намынхаа дүрмийг сахиагүй хэлсэн болохоос биш АН хамтарсан засгаас сонгуулийн өмнө гарах нь ойлгомжтой л байсан. Цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг нь анхаарал татсан хэрэг байлаа. Ядаж цагаан cap өнгөрөөхгүй гэж бухимдаж яваа АН-ын сайд ч байна. Тэгвэл сайд байхдаа улсын сайн малчныд очоод мөнгөн цар гардуулаад пи ар гээч юм аа өсгөнө гэж төлөвлөж байсныг үгүйсгэх аргагүй. Энэ бол хувь хүмүүсийн бодол.
Хамгийн явуургүй нь монголын ард түмнээ ядуу гэж басаж байгаа нь дургүйцлийг төрүүлж байна. Оны өмнө УИХ хуралдаад 2012 оны төсвийг баталсан. Энэ төсөвт УИХ-ын эрхэм төгрөг баталсан гэдэг яриа Төрийн ордноор хэсүүчилж, өндөр дээд хэмжээнд сонсогдоод эхэлжээ. Өмнөх жилүүдэд тойрогтоо зарцуулах төсөв нь нэг тэрбумаар хэмжигдэж байсан тэд сонгуулийн жил тус бүр гурван тэрбумыг санхүүгийн ил далд аргаар суулгачихсан нь өрсөлдөгчгүй ялахын, бас мөнгөөр иргэдээ угжихын цондон болоод байна. Нэгэнт халаасандаа гурван тэрбум төгрөгтэй болсон эрхэм гишүүдэд, энэ улстөрчдөд Засгийн газар тарна уу, иргэд хоосорно уу юуны хамаа аж. Сонгуулийнхаа шоунд оръё гэж шийджээ. Тиймээс АН-ынхан аальгүйтээд л явна биз. Хэсэг хугацааны дараа сонгууль дуусахаар инээгээд өвөрт орж ирнэ гэж МАН ын хашир бурхинууд тооцож сууна.
Хэрвээ хамтарсан засаг руугаа эргээд нулимбал АН-ын сайдууд ч өөрсдөө албан тушаалаа ашиглаж, өнгө мөнгөнд автсан нь илрэх тул энэ тал дээрээ хатуу гэрээ дахин хийх байх. Тэгвэл МАН-ынхан ч АН-ыг засгаас гарч байгааг цочир хүлээж авч байгаа мэт жүжиг тоглож, сонгуулийнхаа пи арыг гэнэн туулай сэтгэлгээгээр эхэллээ. Арга ч үгүй биз. МАН-ын дарга С.Батболд нь туулай жилтэй. Түүнд гэнэн мэт дүр эсгэх нь зохидог. Харин дотроо тэрээр жинхэнэ хашир чоно буюу дотроо нүүдлээ төлөвлөчихсөн нөхөр. Харахад МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг яана даа. Нэг л ноомой гээд хүмүүс толгой сэгсэрдэг ч түүнийг МАН-ын лидерүүд олж харахдаа хамтарсан Засгийн газрын хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч чадах хүн гэдгийг мэдсэн учраас эргэлт буцалтгүйгээр намын дарга болгохдоо ногоон гэрлээр татсан хэрэг. Тэрээр ч үнэхээр шинэ цагийн буурьтай улстөрчийн нэг гэдгээ ойрын хэд хоногт хийсэн хэд хэдэн мэдэгдлээрээ харууллаа.
Нефтийн компаниудын тусгай зөвшөөрлийг төр цуцлах эрхтэйг сануулсан бол нэг танхимд зэрэгцэн суугаад 3.5 жил болсныхоо дараа нүүрээ буруулж байгаа Ардчилсан намын нөхдөд ч ханилж яваад нөхрөө гэдэгчлэн авирласныг санууллаа. МАН- ын дарга С.Батболд АН-ын сайд нарын ааш аягийг аль хэдийнэ олоод харчихсан байсан. Тиймээс ч оны өмнө хэд хэдэн эрхмүүд төрийн ажлаа өгөх мэдэгдэл хийсний зэрэгцээ МАН-ын үүрүүд энд тэндгүй хуралдаж байгаагаас үзэхэд ах нам дангаараа засаг барих бэлтгэлээ аль хэдийнэ базаачихсан нь тодорхой байна. Үүний нэг нотолгоо нь Ч.Улааны мэдэгдэл. АН засгаас гарлаа гээд сандраад байх зүйл 90 жилийн түүхтэй намд байхгүй. Сангийн сайдын ажлыг би С.Баярцогтод хүлээлгэн өгсөн. Буцаан авч болохгүй гэсэн хууль байхгүй. Мөн Ч.Улаантай хамт нэг баг болон ажиллаж байсан нөхөд төрийн яамандаа ажлаа хийсээр суугааг сануулсан явдал. Өөрөөр хэлбэл өнгөцхөн харахад МАН-ыг АН-ынхан мурьсан мэт үзэгдэх ч үнэн хэрэгтээ АН-ыхан ах намынхаа бэлдсэн өгөөш рүү өөрсдөө гүйгээд орчихлоо.
Энэ нь С.Батболд ямархуу улстөрч, лидер болсон гэдгээ нотолсон хэрэг. МАН-ын даргын хувьд ч Монгол Улсын Ерөнхий сайдын тухайд ч С.Батболд зангарагтай мэдэгдлүүдийг удаа дараа хийж, намын эрх ашгаас илүү түмний төрийн эрх ашиг бий гэдгийг ганцхан АН-ынханд төдийгүй улс төрийн бүх хүчин, увайгүй бизнес хийдэг нөхдөд цохилт өглөө. Сүхбаатарын Батболдыг басч болохгүй гэдгийг ч илэрхийлж чадлаа. Ард түмэн Ардчилсан намынхны ардчилалгүй хурлыг харж, хараа сонсголоо өөр тийш чиглүүлж байхад Ардын намынхан аль хэдийнэ тоглолтуудаа гарамгай хийж, сонгуулийнхаа гарааг эхлүүллээ. Гэнэн биш гэдгэр Батболдын эрин үе МАН-д ноёрхож, монгол төрийг төвхнүүлэх нөхөр гэдгээ илэрхийлчихлээ. МАН-ыханд жинхэнэ нам тавиулж, намдаа ганцаардсан Норовын хүү намтартаа тэргүүн шадар сайд байсан гэсэн мөр үлдээж, намдаа ганцаардсан чоно болон хувирлаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн гараа ийнхүү хоёр даргын мэдэгдлээр бөмбөгдсөн өдрүүдээр эхэлж байна.
Э.Дагий
URL: