“7 сарын 1-ний асуудал Ц.Мөнх-Оргилд хамаатай”

Одоогоос дөрвөн жилийн өмнө болсон долдугаар сарын 1-ны хэргийг шалгах ажиллагааг Поркурорын зүгээс сэргээн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн. Удахгүй тов нь гарах шүүх хурлаас өмнө уг хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа  ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэлтэй уулзаж ярилцлаа.

-Энэ хэрэгт яллагдагчаар татаг­даад байгаа хүмүүсийн өмгөөлөгчдөд зургаахан хоногийн дотор хавтаст хэрэгтэй танилцахыг шаардсан нь хангалтгүй хугацаа гэх мэдэгдлийг өмгөөлөгч Л.Өлзийхүү өгөөд бай­гаа. Харин прокурорын зүгээс яллагдагчид болон өмгөөлөгчид 2009 онд бүтэн жил гаруй хугацаанд хав­таст  хэрэгтэй танилцсан гэсэн тайл­­бар хийсэн. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Ерөөсөө хуулинд  хавтаст хэрэгтэй эхнээсээ танилцах, дундаас нь танилцах гэсэн заалт байхгүй. Хэргийн мөрдөлт дууссан тохиолдолд л өмгөөлөгч, холбогдогч хоёулаа хэргийн материалтай танилцах эрх нь хуульчлагдсан бай­даг. Харин Нийслэлийн цагдаагийн  газрын дарга асан хурандаа О.Зоригтын өмгөө­лөгч Л.Өлзийхүү болон Ш.Батсүх хурандаагийн өмгөөлөгч Д.Нарантунгалаг нарын хувьд энэ хэргийг сэргээн шалгаснаас хойш буюу 2009 оноос энэ хүмүүсийг өмгөө­лө­хөөр болсон. Өөрөөр хэлбэл шинээр орж ирсэн эдгээр өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй огт танилцаж чадаагүй гэсэн үг. Харин прокуророос эдгээр өмгөө­лөгч­дөд 13 мянга гаруй  нүүртэй хав­таст хэрэгтэй зургаахан хоногийн хуга­цаанд танилц гэж шахсан. Мөн биднийг өмнө нь танилцаж байх үеийн хавтаст хэрэгт нэмэгдэж орсон материалууд зөндөө байгаа. Энэ нь өмгөөлөгчийн үйлчлүүлэгчээ өмгөөлөх эрхийг нь боогдуулж байгаа хэрэг л дээ.

-Таны хувьд хавтаст хэрэгтэй хангалттай танилцаж амжсан уу?

-Энэ хэргийг сэргээн шалгахаас өмнө зүйл анги нь өөр байсан шүү дээ. Өмнө нь би үйлчлүүлэгчээ өмгөөлөхдөө албан тушаалдаа хайнга хандаагүй гэж өмгөөлж байсан бол одоо цэргийн гэмт хэрэгтэн биш гэж өмгөөлж байгаа юм. Мөн прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газарт хавтаст хэрэгтэй танилцаж байх хугацаандаа хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн хавтаст хэрэгт орсон материалыг хувилж авах эрхтэй байдаг.  Бид ч давчуу хугацаанд хэрэгтэй танилцсан болохоор гол гол материал дээр тэмдэглэгээ хийгээд явчих­сан л даа. Хурдан танилцахын тулд  сайн уншиж танилцаагүй гэсэн үг. Хавтаст хэрэгтэй танилцаж байх хугацаандаа хувилж авья гэхэд та нар эхлээд танилцаад дуусчих, дараа нь хувилж авч болно гэсэн. Хэрэгтэй танил­­цаж дуусаад хуульд заасан эрхийнхээ дагуу хувилж авъя гэхэд таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариултыг өгсөн. Надад бүх баримт нь байна. Эхний хэдэн хуудсийг нь уншиж байхад л нөгөө зургаан хоногийн хугацаа нь дуусчихсан. Хэрэгтэй дахин танилцах шаардлагатай гээд хүсэлт гаргасан ч прокурорын байгууллага хүсэлтийг маань хүлээж аваагүй.  Нэмж шалгасан материалтай нь ерөөсөө танилцаж амжаагүй.Тэгэхээр бидний  прокурорын шатанд эдлэх эрх нь зөрчигдсөн л гэж ойлгож болно.

-Хэргийг сэргээн шалгахдаа таны үйлчлүүлэгчийн зүйл ангийг өөрчил­сөн. Прокурорын зүгээс үүнийг тайлбарлахдаа генерал Ч.Амарболдыг тухайн үед Дотоодын цэргийн командлагч байсан гэдэг утгаараа тусгай ангийн 294.2-т хамааруулсан. Энэ нь хуулийн хүрээнд зөв зүйтэй зүйлчлэл байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Генерал Ч.Амарболд тухайн үед дотоодын цэргийн командлагч бай­гаа­гүй. Цагдаагийн даргын үүрэг гүйцэтгэгч л байсан. Дотоодын цэргийн командлагч болохын тулд тодорхой тушаал гарах ёстой. Миний үйлчлүүлэгч дээр тийм тушаал гараагүй учраас тэгж зүйлчлэх нь буруу. Мөн үймээн самууны үеэр хийгдсэн тараах ажиллагаанд дотоо­­дын цэрэг огт оролцоогүй. Тэгэ­хээр энэ хүнийг цэргийн гэмт хэрэгтэн гэж зүйлчлэх нь угаасаа буруу. Би үүнийг зөвшөөрдөггүй. Цагдаагийн ерөнхий газраас энэ бол цэргийн гэмт хэрэг биш. Үүнийг дахин шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүх болон прокурорт гаргаад байгаа.

-Хэрхэн хүлээж авсан бэ. Албан ёсны хариу өгсөн үү?

-Одоогоор ямар нэгэн албан ёсны хариуг өгөөгүй байна.

-Хэргийг дахин сэргээсэн нь нэлээд маргаан дагуулаад байгаа. Прокуророос хэргийг сэргээн шал­гах­даа “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийг үндэслэсэн гэх тайлбарыг өгөөд байгаа?

-Эрүүгийн хэргийг шалгах явцад хаах, түдгэлзүүлэх, сэргээх гэх мэтээр яаж ч болдог. Энэ нь хуулиндаа тодорхой заачихсан байгаа. Харин миний үйлчлүүлэгчийн хувьд Өршөөлийн хуу­лиар хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Өр­шөө­лийн хуулинд хамрагдсан хэргийг сэргээн шалгаж болно гэсэн заалт аль ч хуулинд байхгүй.

-Х.Тэмүүжин гишүүний гар­гаж ирээд байгаа сумны хонгио цагдаа­гийн тэмдэглэл зэргийг шалгаж өгөх хүсэлтийг гаргасан ч таны хүсэлтийг хүлээж аваагүй гэсэн?

-Сумны хонгио олдсон байна гэдэг нь тэр сумны хошуу бууны гол төмрөөр гарсан байна гэсэн үг. Үнэхээр тэр сумны хонгио нь цагдаагийнх мөн л юм бол шалгаад үзчихэд юу нь хэцүү байгаа юм бэ. Бууны шинжилгээ гэдэг чинь найдвартай гардаг юм. Ард түмнээс юм нуугаад  үлдчих санаа ч байж мэднэ. Х.Тэмүүжин гишүүний гаргаж ирсэн тэр сумны хонгио, цагдаагийн тэмдэглэл энэ хэргийн хавтаст хэрэгт ерөөсөө ороогүй. Нийс­лэлийн прокурорын  хяналтын про­курор С.Хишигжаргал гэдэг хүнтэй уулзаж энэ нотлох баримтууд хавтаст хэрэгт орсон уу гэж асуухад үгүй, ерөөсөө ороогүй гэж хэлсэн. Тэгэхээр Х.Тэмүүжин гишүүний эр зориг гаргаж ний­тэд дэлгэсэн тэр нотлох баримт ямар ч үнэ цэнэгүй болчихож байгаа хэрэг л дээ.

-“Бууд гэдэг тушаалыг хэн өгсөн бэ” гэж тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын дарга байсан хуран­даа О.Зоригтоос  асуухад Ч.Амарболд дарга үүрэг өгсөн, даргад хэн үүрэг өгсөнийг мэдэхгүй гэх хариултыг өгсөн байсан. Ч.Амарболд генералд хэн үүрэг өгсөн юм бол?

-Тухайн үед Монгол Улсын Ерөнхий­лөгчийн зарлигаар онц байдал зарласан. Уг зарлигт  онц байдал зарласан уг нөхцөл байдалд удирдан зохион байгуулах ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд үүрэг болгосугай гэж тодорхой заасан байдаг. Буудах тушаал биш, хэрхэн яаж ажиллах тушаалыг ярьж байна. О.Зоригт хурандаа буудах тушаал гэж огт яриагүй шүү дээ.

-Тэгэхээр тушаалыг Ц.Мөнх-оргил өгсөн гэж ойлгож болох уу?

-Долдугаар сарын 1-ний онц байд­лын үеэр үүссэн асуудал Ц.Мөнх-Оргилд, штабын гишүүдэд, цагдаа­гийн­ханд,  мөн тэрхүү үймээнийг зохион бай­гуул­сан бүх этгээдэд хамаатай. Жагсагч­дын тавьсан галд хүн өртөж угаар­таж нас барсан, үйл явдлын да­раа чулуунд оногдсон хоёр ч цагдаа, нийт  долоон хүн нас барсан. Хэрвээ буруу­т­ай  бол бүгд буруутай. Буруугүй бол бүгд л буруугүй. Зарчмийн хүрээнд тийм л асуудал. Монгол Улсын Ерөн­хийлөгч энэ асуудлыг бүхэлд нь харж уучлал гуйсан гэж боддог.  Нэг зүйлийг хэлэхэд энэ хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагчид, хяналт тавьсан проку­рорууд ажлаа хангалтгүй хийж, дээд шатандаа буруу ойлголт өгөөд байгаа юм болов уу гэсэн ойлголт төрөөд байгаа. Одоо бүх асуудалд хууль зүйн дагуу хандах болов уу гэж шүүхэд л найдаж байна.

Х.Нарангэрэл

Эх сурвалж: Ардын эрх


URL:

Сэтгэгдэл бичих