Генералын хаусыг янзалж байсан албан хаагч харамсалтайгаар амиа алджээ
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг зодуулж амиа алдсан асуудал намжаагүй байхад дахин нэг цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алджээ.
Тодруулбал, Өнгөрсөн сарын 28-нд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн пүрэв гарагт элс ачиж явсан, ангийнхаа машинд дайруулж амиа алдсан талаар эх сурвалжууд мэдээллээ.
Осол Налайхын элсний карьер орчимд болсон бөгөөд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч, хурандаа н.Баянжаргал талийгаачтай хамт “Найман шарга” гүүний саамны амралтын орчимд барьж буй хаусуудын барилгын явц, байдалтай танилцахаар очсон байсан аж.
Хэвлэлээр ЗХЖШ-ын дарга асан, өдгөө Ерөнхийлөгчийн цэргийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй дэслэгч генерал Д.Даваагийн хаус нь газрын цэвдгээс болж доош суусан гэх бөгөөд 310 дугаар ангийнхан засч буй гэх мэдээлэл байна.
Мөн тухайн осол гаргасан машин нь гадуур ажиллах хуваарьгүй байжээ.
Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахаар холбогдоход “Мэдээлэл авах албан бичгээ аваад хүрээд ир” гэсэн хариулт өглөө.
Ийнхүү он гарснаас хойш ердөө гуравхан сарын дотор цэргийн алба хаагч харамсалтайгаар амиа алдсан хоёр тохиолдол гарлаа.
Т.Гэрэл
http://www.zaluu.com/read/311a0468c
URL: