Амиа алдсан уурхайчдын ар гэрт мөнгөн тэтгэмж олгохоор болжээ

431

Төв аймгийн Заамар сум Хайлаас багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “ЭКО АЛТАН ЗААМАР” ХХК-ийн уурхайд осол гарч, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, осолд орсон хоёр уурхайчны цогцсыг олсон ч хоёрынх нь цогцсыг одоо хүртэл олоогүй байгаа юм. Гэвч одоо амьд байх боломжгүй тул нас барсан тооцжээ. Аврагчид өдгөө үлдсэн хоёр цогцсыг олохоор өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм.

Тэгвэл нас барсан уурхайчдын ар гэрт хуулийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмж өгөхөөр болжээ. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлд заасны дагуу тухайн байгууллагаас /”Эко алтан Заамар” ХХК/ олгох нэг удаагийн уг тэтгэмж болох 193 сая 320 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг дөрвөн уурхайчны ар гэрт олгох юм байна.  Тодруулбал, нэг хүний ар гэрт 48 сая 330 мянган төгрөг олгогдох аж.

Мөн Нийгмийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тухайн осолдогчийн цалин хөлс, ажилласан жилтэй нь уялдуулж олгоно гэсэн заалт бий. Шороонд дарагдсан дөрвөн уурхайчин 2-4 хүүхэдтэй хүмүүс байсан. Тэдний хоёрынх нь хүүхдүүдэд уг тэтгэмжийг 100%-иар, нэг ажилчны хүүхдүүдэд 75%, нэг ажилчны хүүхдүүдэд 50%-иар олгохоор байна гэж МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэллээ.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих