700 орчим монгол оюутан суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, банк санхүү, хөрөнгийн зах зээл, аялал жуулчлалын төв болсон, 700 орчим монгол оюутан суралцдаг Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх нь зүйтэй гэж үзэв.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм.
Тодруулбал, Шанхай хотод Ерөнхий консулын газар нээснээр тус хотоос гадна Хятадын зүүн болон зүүн өмнөд хэсгийн дээр дурдсан таван мужийг тус Ерөнхий консулын газарт харьяалуулна. Ингэснээр Бээжин дэх Элчин сайдын яамны консулын болон визийн үйлчилгээний ачааллыг бууруулах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг сайжруулах боломж нэмэгдэнэ.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг гурван орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулсан байна.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
URL: