“Хоёр хөрш маань хүчирхэгжихийн хэрээр бидэнд айдас болгоомжлол заавал төрж байх ёстой”

394

Pax Mongolica буюу Монголын энх амгаланг бүрдүүлэх асуудалд

Энэхүү бяцхан тэмдэглэлээрээ ардчилсан нийгмийн үнэт зүйл, зорилгыг тайлбарлаж, гадаад бодлогын зарим асуудлыг  хөндөж үзэхийг оролдсон юм.
Өнөөдөр Монголд хөрш орноо судлах, тохирсон бодлого явуулах талаар анхаарч бодууштай асуудал их байна. Аливаад судалгаа хийхгүйгээр, бодлого чиглэл гаргахгүйгээр идэвхгүй, бусдыг дагах хэлбэртэй явах нь Монголын холын эрх ашигт нэн хохиролтой юм.
Дэлхийн геоулстөрийн асуудал хурцдаж, үнэн хэрэгтээ Хүйтэн дайн эргэн ирсэн өнөөгийн нөхцөлд  дэлхийн томоохон тоглогч Орос, Хятадын дунд оршин байгаа нь Монгол орны хувьд тооцоо судалгаатай байх асуудал илүү ач холбогдолтой болж байна.
Нэгэн зүйл. “Өнөөдөр орос судлал ч үгүй, хятад судлал ч үгүй дархлаа суларчээ”[1]
Судлаач гадаад бодлогын даацтай судалгаа хийхгүйгээр, түргэн түүхий шийдвэр гаргах, хувь хүний хоосон санаархал, амбиц улс орны ашиг сонирхолд хор хүргэж болзошгүйг нэлээд эртнээс сэрэмжлүүлж байгаатай санал нэгдэж байна. Үүнд засаг төрийн тогтворгүй байдал, байнга солигдож өөрчлөгдөх, нам, фракцын сөргөлдөөн засаг төрөө унагаж тоглох, шинээр буй болж буй засаглал нь мэргэжлийн бус, чадвар дорой, туршлагагүй, ер нь албан тушаалд эрх мэдэлтэй дарга нарын үр хүүхэд бараг угсаа залгамжлан суух зэрэг үзэгдэл Монголд засаглалыг хүчгүй болгож  хямралд хүргэх аюултай байна. Тэр тусмаа гадаад бодлогын тууштай, шинжлэх ухааны үндэстэй, зарчимч чанар алдагдвал бүр ч их аюул нүүрлэнэ.
Сүүлийн үеийн зарим арга хэмжээ, жишээлбэл, гурван талын удирдагчдын уулзалтанд зарим судлаач шүүмжлэлтэй хандаж байна.  “Хиагтын гурван талын уулзалтын дүнд Монгол тусгаар тогтнолоо хавсайдуулсан нь үнэн. Гадаад бодлогод нөхцөл нь бүрэлдээгүй түүхий асуудлыг шургуулах нь утгагүй төдийгүй үндэсний аюулгүй байдалд хортой популизм болно”[2] гэж судлаач сэрэмжлүүлсэн байдаг. Хоёр талын харилцаагаар шийдэж болох юмуу, шаардлага хэрэгцээтэй үй түмэн асуудал байхад заавал гурван талын уулзалт хийх нь хэр зохимжтой вэ гэдгийг энэ судлаач анхааруулсан байна. Тэрбээр хөршүүдтэйгээ харилцахад
улс төрийн чиг шугамыг шинэ үнэт зүйлдээ тулгуурлах,
харин эдийн засгийн чиг шугамыг мөнхийн ашиг сонирхол, зах зээлийн зарчимд тулгуурлах нь зүйтэй гэж тэмдэглэсэн нь анхаарууштай үндэслэл юм.
Гэхдээ ийм гурван талын уулзалт хамтын ажиллагааг орчин үеийн загвар моод болж байгаа гэж үзээд дэмжих судлаач бас байгаа.
Нэгэн зүйл. “Хоёр хөрш маань хүчирхэгжихийн хэрээр бидэнд айдас болгоомжлол заавал төрж байх ёстой”
Ардчилсан дэвшилтэт орнууд нийгмийн дөрвөн гол зорилго, үнэт зүйлийг баримжаа болгодог. Үүнд, энх тайван, чинээлэг аж байдал, эрх чөлөө, шударга ёс[3] юм.
Өнөөдөр ч гэсэн хөрш том гүрнүүдийн цэргийн парад, хүчирхэгээ гайхуулсан сүржигнэлийг шагшин магтаж, долигонох нь эрүүл саруул зүйл мөн үү гэж манай зарим иргэн, сэтгүүлч асууж байгаа[4] нь ургуулан бодууштай санаа юм. Сэтгүүлч Д.Гансаруул “хоёр хөрш маань хүчирхэгжихийн хэрээр бидэнд айдас болгоомжлол заавал төрж байх ёстой”, энэ парад жагсаалын талаар “манай хэвлэл мэдээллийнхэнд бол тэнд болж байгаа цэрэг зэвсгийн жагсаалыг хэлэх үгээ олохгүй хүний өмнөөс хөөр хөөс болж магтах нь илүү зан мэт санагдах юм” гэсэн нь харин ч илүү ухаалаг сонсогдож байна.
Ер нь хүний оюун санаанд хүчирхэг тэр тусмаа  эзэрхэн ноёрхож буй орны үзэл санаа удтал хадгалагдаж үлддэг бололтой. Энд би өөрийн амьдралд тохиолдсон нэгэн жишээг дурдмаар байна. Нэг нь АНУ –ын Денвер хотод болсон юм. Денверийн ойролцоо АНУ-ын агаарын хүчний том сургууль байдаг шиг байгаа юм. Нэгэн өдөр тэнд манай баруун аймгийн цагдаагийн хэлтсийн дарга асан нэлээд ухаалаг хэрсүү хижээл хүн бид хоёр хууч хөөрөөд гадаа сууж байтал дээгүүр америкийн хурдан онгоцнууд сүртэй нисэн өнгөрөхөд харилцагч маань зөвлөлтийн онгоцнууд ч мөн мундаг шүү гэж билээ. Чингэхэд Парис хотноо зочин багшаар ажиллаж байсан З.Дашдорж найзын маань дуртгал санаанд орж билээ. Тэрбээр Парист очоод удаагүй байхдаа хамтран ажиллагч Легран багшдаа танай Парисын метро ч Москвагийн метрог бодвол гүйхэн юмаа гэж хэлсэнд франц багш тиймээ, гэхдээ Улаанбаатарын метроноос арай гүнзгий шүү гэж амаа алгадуулсан гэж хуучилсан нь санаанд орж байлаа.
Нэгэн зүйл. Гэр бүл, ёс суртахуун, зах зээл, хууль эрх зүй
Дээр дурдсан дөрвөн зорилгыг хэрэгжүүлэх арга хэрэгсэл нь гэр бүл, ёс суртахуун, зах зээл, хууль эрх зүй юм[5]. Үүнээс судлаачид зорилго, арга хэрэгслийн шоог гаргасан байдаг[6].
Энэ бүхнээс үзвэл Монголын энх амгалан байдал бол бидний зорьж буй ардчилсан, зах зээлийн нийгэм, тэдгээрийн үнэт зүйлс мөн.
Түүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь иргэн хүн бүрийн бүтээлч үйл ажиллагаа, хичээл зүтгэл, төр засгийн ухаалаг, уян хатан бодлогоос хамаарна.
Түүнчлэн хүн бүрийн эв нэгдлээс хамаарна.
Эрх мэдлийн төлөө улайран зүтгэх нь бодлогын залгамж чанар алдагдаж, аюулгүй байдлын хэрэгцээ хангагдахгүй байдалд хүргэхээр байгааг анхаарах хэрэгтэй юм. .
Эх сурвалж:
[1]  Р.Болд. Гурван талын уулзалт-Хиагтын шинэ хувилбар уу? “Үндэсний шуудан” 2015.05.25. № 098 (2283).
[2] Мөн тэнд
[3] Ханс-Георг Петерсон. Төрийн эдийн засаг. УБ. 2008, 19 дэх тал.
[4] Д.Гансаруул  Хоёр хөршийн арми хүчирхэгжих тэдний зэр зэвсэг сайжрах нь бидэнд баяр бахдал төрүүлэх зүйл мөн үү. Өдрийн сонин 2015.09.07. №216,217 (5168,5169)
Профессор Б.Намсрай

URL:

Сэтгэгдэл бичих