Цагаан сараас ”ууцыг” халъя

Сарын дараа Монгол түмний уламжлалт баяр цагаан cap болох гэж байна. Монголчууд цагаан сараар идээ будаагаа элбэг бэлтгэж, ууц тавьж, бие биедээ бэлэг өгч заншсан. Тэр дундаа ууц тавина гэдэг цаанаа ёс дэгтэй, нарийн учиртай. Ууц тавих, хөндөх ёс нь хүртэл өөр өөр байдаг.

Гэхдээ одоо цагт тэр ёс дэг, дүрэм журам энээ тэрээ хамаагүй болоод байна аа. Ёсыг бодох нь битгий хэл ууц худалдаж авахад ч хэцүү болж. Өнөөх хэдэн махны наймаачид чинь цагаан сарын “үнэр” гарахтай зэрэгцээд ууцны үнийг тэнгэрт тулгаад хаячихаж байгаа юм.

Ерөөс жилийн жилд ийм байсан. Хэдхэн жилийн өмнө 40-50 мянган төгрөг байсан ууц өнөө жил хамгийн хямддаа 180 мянган төгрөг, даварвал 320 мянга хүрээд байна. Ууц ингэтлээ үнэд орж байгаа нь малчдын буруу гэж ченжүүд хэлээд байгаа. Мөн шатахууны үнийн өсөлт ч гэсэн буруутай.

Тиймээс иргэд цагаан сараар ууц тавих хэрэгтэй бол мөнгөө өнөөдрөөс хураах шаардлагатай болж таараад байна. Өнөөдөр хямгийн туранхай, жижиг хонины ууц 180 мянган төгрөг байгаа юм чинь ирэх сарын дундуур 250 мянгаас доошоо орохгүй биз дээ, аягүй бол. Махны наймаачид завшаан ашиглаж, ашиг олохдоо сайн хойно.

Тиймээс махны үнэ хөөрөгддөг ченжүүдийг хашрааж, далаар нь тавих нэг арга байна. Бүгдээрээ ууц тавихаа болъё. Тэр дундаа Улаанбаатарынхан минь ууц тавих гээд яах вэ дээ. За яах вэ, тэр мөнгөтэй хөрөнгөтэй, үрж ядсан нөхдүүд нь сая төгрөгөөр ууцаа аваад тавьбал тавиг, хамаа алга.

Харин бага, дунд орлоготой, амьдрах гэж зүтгэж байгаа хүмүүс нь ууцнаас татгалзъя л даа. Тавагтай идээний хажууд онгойгоод хэцүү байна гэвэл бүхэл мах чанаад тавьчихгүй юу. Ерөөс цагаан сараар зочдоо бүхэл махаар дайлах зорилгоор ууц тавьдаг гээ биз дээ. Тэгэхээр ууц, махны хооронд ялгаа юу байна. Ах дүү, төрөл төрөгсөд, хамаатан саднаараа ярьж байгаад ууц тавихгүй бол боллоо биз дээ.

Гаднаас огт танихгүй хүн орж ирээд, танайх ууц тавиагүй байна гэж “донгодохгүй” нь лавтай байх. Тэгээд ч 200 мянган төгрөгөөр ууц авдаг илүүдээ гарсан мөнгө гэж юу байдаг юм. Зөвхөн туранхай ууц авахын тулд 200 мянган төгрөг үрэхээр үлдсэн идэж уух юм, чихэр боовоо юугаар авах вэ. Энэ мэтчилэн асуудал их байна. Тэглээ гээд цагаан cap огт хийхгүй болтол удна шүү дээ. Тиймээс “ууц гуай”-г цагаан сарын идээ будааны “албан”-аас чөлөөлөхөд хангалттай.

Монголчууд нэрэлхүү болохоороо хүнээс мөнгө зээлээд ч хамаагүй цагаан сарыг бусдын дор орохгүй тэмдэглэж, үнэтэй ууц авах гэж зүтгэдэг. Тэгвэл нэрэлхүү зангаа хаяач дээ. Нэрэлхлээ гээд, ууц авлаа гээд бусдаас илүү гарчихгүй. Авахгүй байлаа гээд дутуу болчихгүй. Бүр ичээд байгаа бол үхрийн өвчүү аваад тавьчихгүй юу. Ядаж 70-80 мянган төгрөгөөр олдоно.

Ууцыг бодвол хамаагүй хямд байгаа биз дээ. Үлдсэн мөнгөөрөө хэдэн ширхэг ул боов, чихэр авчихгүй юу. Ууцтай ч цагаан cap болно. Ууцгүй байсан ч болно. Тэгэхээр бүгд ууцгүй цагаан сарыг сонгох хэрэгтэй байна. Улаанбаатарчууд бүгд бие биедээ ингэж уриалъя, ухуулга хийе. Эдийн засгаа ч хэмнэе. Даварсан ченжүүдийн цөхөрч уйлахыг үзье, яадаг юм.

Н.Пунцагболд

Эх сурвалж: “Монголын мэдээ”


URL:

Нэр: ЗОЧИН Огноо: 17 January 2016

ЗӨВШДЭЭ ЭНЭ УУЦ БҮР БОЛХОО БАЙЛАА

Сэтгэгдэл бичих