Тойм: Эко Алтан заамар компанийн уурхайд гарсан осол
Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй “Эко-Алтан Заамар” ХХК-ийн уурхайд осол гарч, дөрвөн сураггүй болсон. Эрлийн ажиллагаа өнөөдөр /03.02/ үргэлжилж байгаа ч хүмүүсийг олоогүй байна. Ашигт малтмал олборлолтын 100 метр өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд нуралт болсноор энэхүү харамсалтай үйл явдал болсон юм.
Сураггүй болсон иргэдийн талаар
Сураггүй болсон уурхайчид нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн харьяат иргэн 53 настай эрэгтэй Г, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат эрэгтэй, 38 настай П, Булган аймгийн Хангал сумын харьяат эрэгтэй, 31 настай О, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат эрэгтэй, 31 настай Б, нарын дөрвөн хүн дарагдсан байдалтай байна. Харин Улаанбаатар хотын Налайх дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Н /28 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд гаргасан байна.
Аврах ажиллагааны талаар
Нурангийн талбайд хөрсний усны ундрага ихтэй, уурхайн хананаас ус урсаад байгаа учир дахин нуранги болох эрсдэлтэй, аврах ажиллагаа явуулах хүндрэлтэй байгаа аж. Одоогийн байдлаар аврагчид нурангид дарагдсан дөрвөн иргэн, хоёр техник рүү хүрч очих зам тавьж, усыг соруулах хоолойн холболтыг хийж байна. Мөн бульдозерыг татан гаргахын тулд троссын холболтыг хийхээр дөрвөн аврагч дөрвөн метрийн гүнтэй, шавартай усанд 1-6 удаагийн шумбалт хийгээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.Аврах ажиллагааг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний Аврах бригадын 20 алба хаагч зохион байгуулж байна. Хэдийгээр ав рах баг тасралтгүй ажиллаж байгаа ч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Учир нь уурхайн нурангин доороос усны ундарга илэрсэн, ус урсаж гарч ирж байгаатай холбоотойгоор аврах ажиллагаа хүнд нөхцөлд явагдаж байгааг хэлсэн байна.
Албаныхны тайлбар
Заамар сумын Засаг дарга Б.Самбуу :-Нөхцөл байдал хүнд усны ундарга карьер талаасаа нэвчиж байгаа тул аврах ажиллагаа удаашралтай байна. Газар бүрэн гэсээгүй байгаа учраас мөстэй, нуранги нь том чулуутай байгалийн эрсдэл ихтэй байна. Дээд талын мөстэй хэсгийг экскаватороор хусаад шумбагчид дотор нь шумбан ажиллаж байгаа.2016 оноос хойш олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа энэ газарт Төв аймгийн мэргэжлийн хяналт, тодорхой байгууллагууд хяналт шалгалтаа тавьдаг.Өнгөрсөн зун “Эко Алтан Заамар” компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүссэн. Иргэд Туулын хэсэг дээр байгаа тохойг эрүүлээр нь авч үлдэж, лицензтэй талбайгаас хасуулахаар шаардлага тавьснаас асуудал үүсэж байсан.
ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр: -Газар хөдлөлтөөс болж хөрс нурсан гэж шууд хэлж болохгүй. Бид нарын ажиллаж буйгаар бол карьерийн хана нурж, ийм осол болсон байна. Компанийн удирдлагуудтай хамтарч шороонд дарагдсан тэр дөрвөн хүнийг яаралтай гаргаж ирэх ажиллагааг явуулж байна. Түүнээс газар хөдлөлтийн нөхцөл байдалтай уялдуулж холбож болохгүй. Ажиллахад нөхцөл байдал хүнд байна. Усны түвшин өндөр болохоор хэцүү байна. Дахиад нуралт үүсэх магадлал өндөр байна. Ер нь осолдсон жолооч нар амьд байх магадлал бага.
Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл: -Хоёрдугаар сарын 27-ны өдөр Заамараас баруун хойд зүгт 32 км-ын зайд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт тэмдэглэгдсэн. Эко Алтан Заамар компанийн талбай дээр гарсан осол уг газар хөдлөлтөөс 19 цагийн дараа болсон гэдэг мэдээлэл байна. Газар хөдлөлт байнга болдог. Тиймээс уг газар хөдлөлт алтны уурхай дээр болсон ослыг өдөөсөн гэж шууд хэлэхэд хэцүү. Судалгаа хийн энэ асуудал дээр дүгнэлт гарна. Урьдчилсан байдлаар цаг хугацаа, зайг харахад шууд нөлөөлөл харагдахгүй байгаа.
URL: