Мориноос унаж нас барсан хүүгийн ээж СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байна
Сүхбаатар сумын Түмэнцогт сумад морь хөлсөлж байсан 10 настай хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрөгч нэгдүгээр сард гарсан. Талийгаач хүү айлын ганц хүүхэд байсан аж. Хүүгээ алдсан ээжийнх нь сэтгэл санаа хямарч өөрчлөлт орсноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Залуу бүсгүй нөхрөөсөө салаад удаагүй байтал ганц хүүгээ мөн алдсан нь сэтгэл санааны хүнд цохилтод оруулжээ.
Болсон явдлыг тодруулбал ээжийнхээ дүүгийн хурдан морийг унан хөлсөлж явсан хүүгийн өмнөөс үсэргээ хийж явсан морьтой хүүхдүүд давхин ирж улмаар хүүг дайрч унаган морьд дээгүүр нь гарсны улмаас амь насаа алдсан байна.
Монголчууд эртнээс морь хүн дайрдаггүй, дээгүүр нь харайдаггүй хэмээн ярилцаж ирсэн. Гэсэн ч одоо цагт уяачид морио хурдлуулах зорилгоор олон төрлийн эм тариагаар бордсоор уламжлалт ойлголтоос гажуудал бий болж буйг учир мэдэх уяачид хэлж байна.
Засгийн газраас хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх бус жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа.
Гэвч овооны наадам, үсний найр зэргийг зохин байгуулж нууц байдлаар хурдан морь уралдуулж бага насны хүүхдийн эрүүл мэнд амь насыг эрсдэлд оруулдаг гэдгйг ХЭҮК-оос анхааруулж 21 аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлсэн.
Гэтэл хоёрдугаар сад мөн л Хэнтий аймгийн Биндэр суманд болсон хурдан морины уралдаанд морь унаж уралдсан бага насны хүүхэд хоёр гараа хөлдөөсөн тухай мэдээллийг нэгэн иргэн цахим хуудсанд байршуулсан. Гэсэн ч гараа хөлдөөсөн хүү хурдан морь унаагүй, мотоцикл түрж яваад гэмтсэн тухай албаны эх сурвалж мэдээлснээр тэгс гээд намжсан.
Хүүхдээр өвлийн улиралд хурдан морь унаж уралдуулах нь хэдий хэмжээний хор хөнөөлтэй болохыг манай улс даанч хожуу ухаарч, шийдвэр гаргах шиг…Өнөөдөр нэг ээж хүүгээ алдаж, хагацлын зовлонд унаж, эцэстээ өөрөө сэтгэцийн өвчтэй болчихлоо.
Тэгвэл өмнөх жилүүдэд хурдан морины уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарсан. Зарим тохиолдлоос дурдвал;
Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уралдааны үеэр: Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны явцад нийт 16 хүүхэд мориноос унаж 2 хүүхдийн зүүн хөлний шилбэний хэсэг хугарч гэмтсэн;
Дүнжингарав уралдааны үеэр: “Дүнжингарав-2017” төвийн бүсийн хаврын уралдааныг хүйтний улиралд буюу 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр нийт 31 хүүхэд мориноос унаснаас 1 хүүхдийн гарны шуу хэсэг, 1 хүүхдийн хөлний шилбэ хэсэг хугарсан;
“Засагт ханы хурд” уралдааны үеэр: Говь-Алтай аймагт зохион байгуулагдсан хаврын бүсийн уралдааныг “Засагт ханы хурд -2017” уралдааны үеэр нийт 10 орчим аймгийн уяачид оролцож их нас, азрага, соёолон, эрлийз 4 насны нийтдээ 460 орчим хурдан морьдыг давхардсан тоогоор нийт 153 унаач хүүхэд унаж оролцсоноос 3 хүүхэд мориноос унасан;
“Дэлтэй цэнхэрийн хурд” уралдааны үеэр: Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн хурдан морины уралдаанд нийт 13 хүүхэд морьноос унаж, 3 хүүхэд толгойдоо хүнд, 2 хүүхэд хөнгөн гэмтэл авсан бол 1 хүүхдийн хацрын яс цуурсан;
“Хутагтын хур” уралдааны үеэр: Дорноговь аймгийн Засаг даргын А/159 захирамжийн дагуу Сайншанд суманд “Хутагтын хурд-2017” хурдан морины уралдааныг 2017 оны 03 дугаар сарын 12 ны өдөр зохион байгуулсан азарга, их нас, соёолон 3 насны морь уралдаанд 2 хүүхэд морьноос унасан;
Ховд аймгийн Дөргөн суманд 2017 оны 03 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан хурдан морины уралдааны үеэр 11 настай хүүхэд мориноос унаж толгойдоо хүнд гэмт авсан байх ба эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байгаад 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр буюу 16 хоногийн дараа нас барсан;
“Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан уралдааны үеэр:Сүхбаатар аймагт 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн “Жавхлант шарга” морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан хурдан морины уралдааныг зохион байгуулах үеэр нийт 14 хүүхэд мориноос унасан тохиолдол тус тус гарсан.
shuud.mn
URL: