Хятад охин аавынхаа хамт гэмт хэргийн золиос болов

Өчигдөр Италийн нийслэл Ром хотод мянга мянган хүмүүс балмад этгээдүүдийн золиос болсон 31 настай Жоу Жэн болон түүний ой хүрээгүй охин Жой нарт хүндэтгэл үзүүлэн гашуудлын жагсаал хийжээ.

Уг жагсаалыг хийх болсон нь өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт буюу энэ сарын 4-ний орой Чжоу Чжэнийг Торпигнаттара дүүрэгт байрлах баарандаа эхнэр хүүхдийнхээ хамт байхад нь зэвсэгтэй хоёр этгээд дээрэм хийхийг завдсан байна. Тэд түүнээс 3000 евро өгөхийг шаардсан боловч хохирогч эр татгалзсанаар буудуулан охины хамт газар дээрээ амиа алдаж харин эхнэр нь шархадсан аж.

Харамсалтай нь одоогийн байдлаар уг хэргийг үйлдсэн хоёр этгээд баривчлагдаагүй байгаа бөгөөд БНХАУ-аас Италид суугаа бүрэн эрхт элчин сайд Дин Вэй AFP агентлагт өгсөн мэдээлэлдээ “Энэхүү хэргийг үйлдсэн харгис алуурчдыг хурдан хугацаанд илрүүлэн, зохих ял шийтгэлийг оногдуулах болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн байна.

Дашрамд дуулгахад, Италийн нийслэл Ром хотод ойролцоогоор 50 мянга гаруй хятадууд ажиллаж амьдардаг гэсэн тоо байдаг аж.

Р.Мишээл


URL:

Сэтгэгдэл бичих