С.Амарсайханы НИТХ-ын даргын албан тушаал Р.Дагвад шилжих “шинэ” улс төр айсуй…
Өчигдөр НИХТ-ийн ээлжит бус VII хуралдаан болж Нийслэлийн Засаг даргад нэр дэвшсэн С.Амарсайхан олонхийн санал авлаа. Хуралдаанд оролцсон 45 төлөөлөгчийн 25 түүнийг дэмжижээ. Харин өөрийгөө нэр дэвшүүлж өрсөлдсөн С.Мөнхчулууны төлөө 19 төлөөлөгч санал өгчээ.
С.Амарсайхан НИТХ-ын дарга буюу нутгийн өөрөө удирдах байгууллагыг тэргүүлж байгаад ийнхүү Нийслэлийн Засаг даргаар ажиллахаар болж байна. Гэхдээ дахиад бас нэг даваа байгаа. Өмнөх нэр дэвшигч С.Мөнхчулуун тэр даваанд бүдэрч байсан билээ.
Юу гэвэл, одоо С.Амарсайханы нэрийг батламжлуулахаар Ерөнхий сайдад өргөн барих учиртай. Ерөнхий сайд 5 хоногийн дотор батламжлах ёстой. Хууль журам нь ийм. Энэ удаад Ерөнхий сайд түүний нэрийг ногоон гэрлээр батлах биз. Учир нь Намын удирдах зөвлөл дээр 100 хувь дэмжигдсэн нэр дэвшигч нь тэр билээ.
Өчигдөр дахин дахин дараалсан завсарлагатай хуралдсан НИХТ-ийн хуралдаанаар С.Амарсайхан олонхийн санал авсан нь МАН-ын удирдлагын тухайд хотод бүдэрсэн өмнөх бүтэлгүйтлээ илааршуулж чадсан явдал болов. Хүссэн юм нь хүзүүгээр татаад ирж байна. Зорьсондоо хүрлээ, одоо ажиллах л үлдэж байна гэсэн үг. Улаанбаатар хот 2020 оны сонгуулийн өнгийг тодорхойлно. Богино хугацаанд зоригтой шийдвэр гаргаж, ихийг хийж баймаажин сонгогчдын сэтгэл, итгэлийг эргүүлэх том зорилго хотын шинэ дарга нарыг хүлээж байгаа. Шинэ дарга нар гэж олон тоогоор илэрхийлэхийн учир гэвэл одоо хүлээгдэж буй Нийслэлийн нутгийн өөрөө удирдах байгууллагын дараагийн даргын сонгуулийг хэлж байгаа хэрэг.
Тэгэхээр одоо С.Амарсайханыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэн залгамжлах вэ гэсэн асуулт үлдэж байна гэсэн үг. Тэнд Намын удирдах зөвлөлөөр дэмжсэн хүнээ гаргаж чадвал ялалт төгс утгаараа хэрэгжинэ. Тэгж гар сэтгэл хоршиж ажиллаж баймаажин хотын хөгжлийг хөгөлж хөтөлнө. Харин тэр хүн нь хэн бэ?
С.Амарсайхан Нийслэлийн Засаг даргад нэр дэвших нь тодорхой болсон тэр цагаас л дараачийнх нь хэн байх гэсэн асуулт хөвөрч эхэлсэн. Оны дараахан буюу бүр нэгдүгээр сарын эхээр Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал энэ асуудлаар ярилцаж Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжээд байв.
Харин өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд буюу НИТХ-ын хурлын өмнөх өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж НИТХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тэр хурлаас Р.Дагвыг НИТХ-ын даргад дэмжсэн шийдвэр гаргасан. Одоо тэр шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байх магадлалтай. Учир нь С.Амарсайханыг дэмжсэн урьдах шийдвэрээ намын Удирдах зөвлөл өөрчлөлгүйгээр өчигдрийн хуралд оруулж, тэр нь дэмжигдлээ. Тэгэхээр Р.Дагвыг дэмжсэн урьдах шийдвэр ч бас өөрчлөгдөлгүйгээр НИХТ-ийн хуралд орох нь бараг тодорхой..
Р.Дагва… Тэр бол НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга гэдгийг уншигчид сайн мэдэх байх. Түүнийг нийслэлийн анхан шатнаас нь эхлэн ажиллаж хотын ажлын зохих туршлага хуримтлуулсан нэгэн хэмээн тодорхойлсон байх юм билээ.
Тодруулбал, тэр нийслэлийн хамгийн том дүүргийн нэг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, мөн Нийслэлийн ЗДТГ-т албаны дарга зэрэг ажил албыг хашиж явсан намтартай нэгэн.
МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, НИТХ-ын төлөөлөгч гэсэн сонгуульт ажилтай. Боловсрол мэргэжлийн хувьд МУИС, Их засаг их сургууль төгссөн ажээ.
Өнгөрөгч сарын 16-нд болсон НИТХ-ын хурлаараа Нийслэлийн засаг дарга болон НИТХ-ын даргын сонгуулийг хамтад нь шийдвэрлэхээр зорьж байсан ч бүтээгүй. Харин өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргаа олонхий саналаар дэмжсэн болохоор НИТХ-ын даргаа ирэх долоо хоногоос дахин хуралдаж сонгох болж байна.
М.Нэргүй
Zaluu.com
URL: