Иргэд хил гаалиар ороод ирчихсэн “хөгшин” машинаа авалгүй хаяж эхлэв

-”ДА ХҮРЭЭ” ЗАХ ДЭЭР 14 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙГАА МАШИНЫГ ГААЛИАС 18 САЯ ТӨГРӨГӨӨР АВДАГ БОЛЖЭЭ-

Авто машины онцгой албан татварын үнэ энэ сарын 1-нээс хэд дахин  нэмэгдээд байгаа. Үйлдвэрлэгдээд арав болон түүнээс олон жил болж байгаа машины онцгой албан татварын үнэ нэмэгдсэн. Үүнээс болж зарим иргэд хил гаалиар  оруулаад ирсэн машинаа хаях тохиолдол  гарч байгаа гэнэ. Нэгдүгээр сарын 1-ээс өмнө авчихна хэмээн тооцоолж, Япон, Солонгос зэрэг  орнуудаас “ачуулсан “хөгшин” машин нь ачаа тээвэрлэх явцдаа саатсанаас болж, олон иргэн өндөр үнээр хуучин машин авах болоод байгаа юм байна. Энэ талаар сурвалжлахаар хилээр орж ирсэн ачаа буудаг хэд хэдэн газраар явлаа.

Эхний орсон газар бол Гурвалжингийн гүүрний урд байх “АБТЭМА” гэх авто машин буудаг газар. Тус газарт хэд хэдэн чингэлэг задарч байлаа. Чингэлэгт буй ачааны ихэнх нь барилгын материал, авто машин болон сэлбэг байсан юм. Хил гаалиар дамжин ирж буй машинуудын ихэнх нь”Pruis-10″ болон “Pruis-11″ зэрэг татвар бага төлөгдөх  машин байлаа. Ингээд хэдэн хэдэн хүнтэй уулзлаа. Биднийг тэр хавийн хүмүүсээс “Он хуучин машин байна уу” хэмээн сураглаж явтал гурван нөхөр хүрээд ирлээ. Тэгснээ “Чамд гаальд таньдаг хүн байгаа юм уу. Ах нь балраад байна. Он гарахаас өмнө ороод ирэх байх гэсэн чинь хил дээр хүлээгдээд баларчихлаа. Одоо энд буучихсан байгаа машинаа авах юм бол гурван сая төгрөгийн алдагдалд орох гээд байна” гэж ярилаа. Бидэнтэй уулзсан хүмүүс Японоос оны өмнө машинаа ачуулсан юм билээ. Тэр нь 1997 онд үйлдвэрлэсэн “Nissan Sunny” маркийнх гэнэ. Япон улсаас нэг машин бүрийг хоёр сая төгрөгөөр авсан гэнэ.

Тэгээд тээвэрлэлтийн зардал, онцгой албан татвар зэргийг нэмэхээр есөн сая гаруй төгрөг болж байгаа юм байна. Ингэж өндөр үнээр машин авч байснаас “Да хүрээ” захаас Монголд орж ирээд удаагүй байгаа машиныг 5,5-6,2 сая төгрөгөөр аваад унах боломжтой болжээ. Ингээд машинаа авах уу, эсвэл  байх уу гээд шийдэж чадахгүй  зогсож байгаа нь энэ аж. Бараг машинаа авахгүй хаях нь түүнд алдагдалгүй байх аж. Нэгэнт улсын орлого болчихсон машиныг  Гаалийнхан улсын орлого болгоод авчих учраас бидэнд уг нь гарзгүй юм гэж уулзсан гурван залуу ярьж байна лээ. Тус газарт хэд хэдэн ийм төрлийн машин ирээд байгаа гэсэн. Эзэд нь машинаа шууд хаяад явцгаачихсан гэсэн. Энэ талаар тэнд ажиллаж байгаа гаалийн ажилтнуудаас тодруулсан боловч “Ёстой тийм юм байхгүй” гээд хавьтуулсангүй.  Гэхдээ “АБТЭМА”-гийн хашаан дотор эзэндээ хаягдсан олон машин харагдаж байна лээ. Гурван машин нь он гарсаар эзэн нь авалгүй орхисон юм байх.

Эзэд нь аваагүй машиныг Гаалийн ерөнхий газрынхан дуудлага худалдаагаар борлуулаад улсын орлого болгодог байна. Манай улсын хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Иргэд, аж ахуй нэгжүүдээс  2010 оны байдлаар нийт 24633.0 авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 31341.0 авто тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн гэх тоо байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс даруй 2.2 дахин нэмэгдсэн гэнэ. Мөн Замын цагдаагийн газрын гаргасан судалгаагаар хотын төвөөр замын хөдөлгөөнд оролцож буй авто тээврийн хэрэгслийн 30 орчим хувийг 2500/см3/-аас дээш хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжтай буюу том оврын жийп машин эзэлж байгаа юм байх. Энэ бүгдээс болж машины онцгой албан татварын үнэ нэмэгдсэн билээ.

Тэндээсээ хөдөлж X хорооллын тэнд байх “Материал импекс” рүү явлаа. Энэ газарт манай улсад хилээр нэвтрэн ачигдан ирж  байгаа машины 70 гаруй хувь нь буудаг юм. Биднийг очих үед 20 гаруй чингэлэг ачаа задарчихсан байлаа. Бууж байгаа машины ихэнх нь ченжүүдийн машин гэнэ. Бүгд л он залуу машин байлаа. Харин цөөн тоогоор үйлдвэрлэгдээд  арав гаруй жил болж байгаа машин байсан юм. Мөн л захиалсан эзэд нь эргэлзээд зогсож байлаа. Тэд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нарыг “найрч” машинаа авчих санаатай зогсож байгаагаа ярьж байсан юм. Шинэ жилийн өмнө арванхоёрдугаар сарын 31-нд гаалийн ажилтнууд 22:30 цаг хүртэл ажилласан юм байна.

Ингээд онцгой албан татвар төлөх машины эзэдтэй ярилцлаа. Өөрийгөө Г.Баатарсүрэн гэж танилцуулсан нөхөр тооны машин, цаас барьчихсан л ашиг гарах үгүйг газар дээр нь үзэж байгаа бололтой зогсож байхад нь таарлаа. Тэрбээр “Nissan terrano” 2002 оны дизель хөдөлгүүртэй машиныг л онцгой татвар төлөхөөр ашиг гарах гэж байгааг ийн бодож байсан юм.

1. Гаалийн албан татвар. Гаалийн үнээс 5 хувь

2. Онцгой албан татвар

3.Нэмэгдсэн  өртгийн албан татвар 10 хувь гэж бичээд нийт 18 сая төгрөгөөр худалдаж авах юм байна. Зургаан сая төгрөгөөр худалдаж авсан. 10,5 сая төгрөг татварт төлөөд ачааны мөнгө 1,5 сая төгрөг өгөөд л таарлаа.

Ийнхүү тооцоо гаргаад  хэн нэгэн рүү утасдаад “Да хүрээ” дээр ямар үнэтэй байна. 2002 оны дизель хөдөлгүүртэй “Nissan terrano” шүү хэмээн ярив. Төд удалгүй түүний гар утас дуугарч нөгөө хүн 14 сая төгрөгөөр зарагдаж байна гэх мэдээлэл өгч байгаа дуулдав.  Нэлээд зогсож байснаа нөгөө Г.Баатарсүрэн тэр хавиар бухимдаж гаалийн байцаагч нар руу “Та нар биднийг шулж ханахгүй байна уу. Бидний эрхэнд халдаж байна” гээд уурлах аж. Мөн тэгж байснаа “Гар утсаараа хэн нэгэн рүү “Чи эртхэн явуулахгүй яасан юм бэ. Зах дээр 14 саятай байгаа машиныг 18 сая төгрөгөөр авч унах юм уу тэгээд” гээд л бухимдах аж.

Үйлдвэрлэгдээд арав гаруй жил болж байгаа машин Монголд оруулж ирэх юм бол алдагдалд орох нь тодорхой болоод байна. Үүнээс болж автомашины үнэ өсч эхэлжээ.

“Да хүрээ” авто машины зах дээр машины үнэ  500-1,5 сая төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. “Nissan terrano” 2004 оны дизель хөдөлгүүртэй 14 сая, “Pajero” 23 сая, дизель хөдөлгүүртэй “Land-100″ 43 сая, “Range rover” 45 сая төгрөг гэж худалдагч танилцуулж харагдав. “Да хүрээ” зах дээр одоогоор зарагдаж буй хамгийн үнэтэй машин нь 48 сая төгрөгийн шинэхэн “Range rover”, харин дараа нь “Land-100″ 43 сая төгрөгөөр зарагдаж байна. Мөн “X-Trail” 16 сая, “Teana” 13.5 сая, “Honda CRV” 16.5 сая, “Kluger” 20 сая, “Mark2″ 10.5 сая, “Carina” есөн сая, “Terrano” 16 сая, “Pruis” 7,5 сая, “Honda civic” 15 сая, “Honda Fit” 7.5 сая төгрөгөөр зарагдаж байгаа аж.

mashin

Эзэндээ хаягдсан машинууд

mashin une

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Сэтгэгдэл бичих