Зургаан хүүтэй залуу гэр бүлийн хуримыг үнэ төлбөргүй хийж өгнө
Гэрлэх ёслолын ордон зургаан хөвүүнтэй Баянхонгор аймгийн залуу гэр бүлийн хуримыг үнэ төлбөргүй хийж өгөхөөр болжээ.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа Гэрлэх ёслолын ордон, “Одонтой ээжүүд” групптэй хамтран улсын хэмжээнд найман гэр бүлийн хуримын зардлыг дааж хийхээр шийдвэрлэжээ. Улмаар 36 хүртэлх насны, “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонтой найман эмэгтэйг шалгаруулахад Баянхонгор аймгийн Заг сумын иргэн Б.Баяржаргал тэдний нэгээр сонгогдсон байна. Тэрбээр нутгийн залуу Н.Хүрэл-Эрдэнэтэй гэр бүл болж зургаан хүүгийн аав ээж болж, өнгөрсөн 2018 оны зургадугаар сард “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонгоо хүртсэн байна.
Б.Баяржаргал дөрвөн удаа төрөхдөө зургаан хүүтэй болсон юм. “Алдарт эх” одонт Б.Баяржаргал өдгөө 32 настай бөгөөд 2012, 2014 онд ихэр хүү төрүүлж, зургаан сайхан хүүгээ энх тунх өсгөн хүмүүжүүлж байна. Хосуудын хуримыг олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 09-ний Идэрийн барилдлагатай билэгт сайн өдөр хийхээр товложээ.
МОНЦАМЭ
URL: