“ЖДҮ”-чин гишүүд шинэ дуулианыг сэвж буйн шалтгаан

FG_zcUZMk8Өөрийнхөө алдааг дүйвүүлэхийн тулд бусдыг муулдаг арга өнө эртнээс өнөөг хүртэл улбаалсныг монголчууд сайн мэднэ дээ. Басхүү хулгайч хүн бусдаас чангаар “хулгайчийг бариарай” гэж хашхирдаг гэдэг.

Балаг нь дарагдах биш цагийн эрхээр дурайтал тодорсон жишээ ч олон бий. Үүнийг бид “даравч дардайна, булавч бултайна” гэх товч үгээр зүйрлэн хэлдэг. Ялангуяа, улс төрийн хүрээнд өөрсдийн бурууг нуухын тулд өрсөлдөгчийнхөө алдааг сөргүүлэн дэлгэдэг арга бат суурьшин нутагшсан. Наад зах нь эрх барьж буй нам өмнөхөө харлуулж рейтингээ өсгөх тактик барьсаар ирсэн нь Монголын Улс төрд шалгарсан ноу хау болоод байна.

Харин сүүлийн үед дуулианыг шуугианаар дарах оролдлого улс төрийн гол технологи болжээ. Үүний тод илрэл ЖДҮХС-г цөлмөгчдийн хэргийг замхруулах учиртай төлөвлөгөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал дээд цэгтээ хүрэх үед гарч ирсэн “60 тэрбумын хэрэг” гэх дуулианыг намжаахын тулд ЖДҮХС-тай холбоотой хэргийг дэлгэх болсон нь үнэн билээ.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас мөнгө авсан шуугиан өнөөдөр дуулиант хэргийн тоонд баттай жагсаж, зээл авсан, нөлөөлсөн гишүүд нь ч эхнээсээ тодорсоор байгаа. Тус хэргийг 50 байцаагч, 20 прокурор оролцсон ланжгар бүрэлдэхүүн гурван сарын турш мөрдөн шалгаж байна.

• ЖДҮХС-гийн эсрэг дуугарсан намын нөхдөө нам дарж авсан тэд “Б” төлөвлөгөөнийхөө дагуу Хөгжлийн банкны төслүүдийг хөөрөгдөхөөр бэлтгэж эхэллээ.

• Сөрөг хүчин ЖДҮХС-тай холбоотой хэргийг МАН-ын “зодоон”-оос тусад нь авч үзэхээ илэрхийлж хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй нь “ЖДҮ”-чин гишүүдэд аюулын харанга дэлдэв.

• МАН-ынхан алдсан нэр хүндээ өсгөдөггүй юмаа гэхэд өмнөх эрх баригчдын рейтингийг унагаах нь ирэх сонгуулийн гол бэлтгэл.

Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын олон гишүүний нэр уг хэрэгт холбогдож зарим нь парламентын гишүүний эрхээ хасуулах дээрээ тулж ах нарынхаа ачаар аврагдсан нь парламентын түүхэнд хар толбо болон үлдлээ. Прокурорын зүгээс УИХ-ын дөрвөн гишүүнийг ЖДҮХС-гийн хөрөнгийг мөнгө угаахад зарцуулсан гэдгийг нотлох баримттай нь гаргаж эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар танилцуулсан боловч халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтээр тэднийгээ ил цагаанаар авч үлдсэн.

Дахиад таван гишүүнийг ЖДҮХС-тай холбоотой хэрэгт нь шалгах хүсэлтэй байгаагаа Ерөнхий прокурор мэдэгдэж буй энэ цаг үед хэргээ дарах шуугиан бодож олох нь “ЖДҮ”-чин гишүүдийн туйлын хүслэн болов. Өөрөөр хэлбэл, өөрсдөөс нь илүүтэй дуулианыг босгож сэвэх “Б” төлөвлөгөөндөө шамдлаа. ЖДҮХС-гийн эсрэг дуугарсан намын нөхдөө нам дарж авсан тэд “Б” төлөвлөгөөнийхөө дагуу хөгжлийн банкны төслүүдийг хөөрөгдөхөөр бэлтгэж эхэлжээ. Ирэх хаврын чуулганаар АН-ыг УИХ-д бүлэггүй болгож дуу хоолойг нь намсгах бодлого ч үүний нэг салбар төлөвлөгөө юм.

“МАН мартавч, мань мартахгүй” гэдэг үг сошиалд хүчээ алдаагүй хэвээр

Сөрөг хүчний зүгээс ЖДҮХС-тай холбоотой хэргийг МАН-ын “зодоон”-оос тусад нь авч үзэхээ илэрхийлэн хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй нь “ЖДҮ”-чин гишүүдэд аюулын харанга дэлдэх мэт сонсогдон бачимдаж байгаа биз. Тиймдээ ч хаврын чуулганаас өмнө ЖДҮХС-гийн дуулианыг дарах шинэ шуугиан гаргаж ирэхээр давчдаж байгаа нь энэ буюу. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан алдсан нэр хүндээ өсгөдөггүй юмаа гэхэд өмнөх эрх баригчдын рейтингийг өөрсдийнхдөө дөхүүлэх нь сонгуульд ойролцоо санал авах эцсийн найдвар хэмээн тооцоолж байгаа нь ч илт.

“ЖДҮ”-чин гишүүдийн булхай мартагдахын сацуу намын нэр хүндээ аварна гэдэг яаж ч бодсон МАН-ынханд ашигтай төлөвлөгөө. Тийм ч учраас “ЖДҮ”-чин гишүүд шинэ шуугианыг сэвж, олон нийтэд дэвэргэхээр өндөлзөн сууна. Сэвэх, шивэх хөлсний бичээчид ч даалгавраа хүлээн “гарааны зурхайд” хэл амаа шилэмдэн байна. Яг л нийслэлийн нэгэн прокурорын хууль бусаар авсан газруудыг хотын захирагч хураах дуулиан дэгдээд эхэлмэгц сошиалаар нийслэлийн Засаг даргыг бэлгийн өөр чиг хандлагатай мэтээр гүтгэж шуугиан дэгдээж нам дарсан шиг. Үүнийг олны дунд уусгах тактик буюу нийтийн анхаарлыг өөр тийш шилжүүлэх технологи хэмээвэл зохилтой. Хэдий чинээ олон сенсаац дэгдээнэ төдий чинээ өмнөх дуулиан бүдгэрдгийг өмнөх жилүүдэд сошиалаар хөвөрч эцэстээ “зэвэрсэн” сэдвүүд харуулсан болохоор тэд амжилттай болно хэмээн горьдлого тээн амьсгаа даран хүлээж сууна. Харин үүндээ Монголын эдийн засагт жинтэй нэмэр болсон хөгжлийн банкны зээлийг “барьцаалах” нь шал өөр явдал гэдгийг ухаарахгүй байгаа бололтой.

Нотлох баримттай, ноогдох ял нь тодорхой болсон ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон гишүүд “арьсаа” хамгаалах сүүлийн найдвар сошиалд шинэ сенсаац дэгдээж өөрсдийгөө мартагнуулах явдал болоод байна. Гэвч “МАН мартавч, мань мартахгүй” гэдэг үг сошиалд хүчээ алдаагүй байгааг сануулах юун.

П.Батбөх

Засгийн газрын мэдээ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих