2019 оны эдийн засгийн гол эрсдэл: Валютын ханш

195226-28102016-1477627766-1382653454-ZGMМонголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ногдол ашиг тараах болсноо дор бүрнээ энэ долоо хоногт мэдэгдэж, урьд өмнө байгаагүй хамгийн олон компани 2018 оны цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчээ баярлуулахаар шийджээ. 2017 онтой харьцуулахад компаниуд өнгөрсөн онд багагүй ашигтай ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа нь эргэн сэргэсэн гэдгийг энэхүү үйл явдал нэг талаар гэрчилнэ. Хэдий тийм боловч макро эдийн засгийн орчин бүхэлдээ сайжирсан юм алга. Төлбөрийн тэнцэл алдагдалтай хэвээр байна. Бизнесийн орчныг авч үзвэл, нөхцөл байдал дээрдсэн гэхээр зүйл ядмагхан. Дэлхийн банкны судалгаанаас харахад, манай улсын бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ.

Үндэсний статистикийн хорооноос сар тутам гаргадаг нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаас 2018 оны дүр зураг тодхон харагдах аж. Өнгөрсөн онд манай улсын ДНБ 6.8 хувиар өсөж, Азийн хөгжлийн банк болон дэлхийн банкны таамгаас дээгүүр үзүүлэлттэй гарсан. Өсөлтийн суурь нь уул уурхайн салбар болсон. Тухайлбал, нүүрсний экспорт болон үнэ нэмэгдсэн нь эдийн засагт эерэг өсөлт авчирсан байна. Тэгвэл энэ оны эдийн засгийн төлөв байдлыг Засгийн газар мөн л нааштай төсөөлж, найман хувиар зурагласан билээ. Харин олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын эдийн засгийн өсөлтийг үүнээс доогуур буюу 6-7 хувиар таамаглав. Дэлхийн банк, азийн хөгжлийн банкны зүгээс ОУВС-гийн хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж байгаа тул өсөлтийг нэлээд өндөр таамагласнаа дурдсан юм.

2019 оны төсөв, мөнгөний бодлогын эрсдэлийг валютын ханш хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан тодорхойлсон. Гурван эдийн засагч тутмын хоёр нь валютын ханшийн өсөлтийг эрсдэлд тооцож байна. Монголбанкны зарласан албан ханшаар ам.доллар пүрэв гарагийн байдлаар 2635 төгрөгтэй тэнцлээ. Уг нь төгрөгтэй харьцах ам.долларын ханш энэ он гарснаас хойш ялимгүй суларч эхэлсэн ч манай улсын гадаад өрийн хэмжээ 23.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь өөдрөг төсөөллийг үгүйсгэх ээлжит тайлбар болж буй.

Валютын ханшийн өсөлтийг тогтворжуулахад валютын албан нөөцийн үүрэг, оролцоо хамгийн их байдаг. Хүлээлтийг валютын нөөцөөр удирдах нь бий. Гэхдээ манайх шиг гадаад өрийн дарамт ийм өндөр улсад дан ганц валютын нөөцөөр ханшийг тогтоон барих гэж оролдох өөрөө эрсдэл гэдгийг эдийн засагч Ц.Батсүх хэлж байсан удаатай. Ийм хүнд нөхцөлд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүлээгдэж буй мега төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулснаар ханшийн эрсдэлийг хаах боломжтойг тэрбээр тайлбарласан юм.

Монгол Улсад шууд орох валютын урсгалд “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг эс тооцвол хязгаарлагдмал байна. Эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор өнгөрсөн онд зээл олголт 24 хувиар өссөн. Импортын хэмжээ 5.9 тэрбум ам.долларт хүрч, 2017 онтой харьцуулахад 36 хувиар нэмэгджээ. Эдийн засаг тэлэхтэй зэрэгцээд валютын эрэлт өссөн байна. Эдгээр нь валютын ханш чангарахад нөлөөлсөөр.

Бизнесийн орчин өнгөрсөн онд 12 байраар ухарчээ

ОУВС-гийн хөтөлбөр эдийн засаг эерэг байх нэг хөшүүрэг боловч уг хөтөлбөрийн хүрээнд олгохоор шийдвэрлэсэн санхүүжилтийн гүйцэтгэл 400 сая ам.доллараар дутжээ. Төв банкны зүгээс өнгөрсөн оны турш гадаад валютын дуудлага худалдаагаар нийт 1.2 тэрбум ам.долларын валютын захад нийлүүлсэн байдаг.

Төгрөгийн ханшид үзүүлэх валютын ханшийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт мөнгөний бодлогын орон зайг энэ онд хумиж мэдэхээр байгаа. Төсвийн зарлагыг 2020 оны сонгуулийн өмнө гэдэг утгаар түүхэнд байгаагүй өндөр дүнтэй баталсан. Үүнээс болж орлогын тасалдал үүссэн нөхцөлд төсвийн алдагдал үлэмж нэмэгдэх эрсдэл байгааг эдийн засагчид сануулсаар. Алт тушаалтыг өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд бас л буурах эрсдэл хүлээж байна. Өнгөрсөн онд 22 тонн алт худалдан авсан төв банк энэ онд хэчнээн тонныг авах нь эргэлзээ үүсгэжээ. Улсын гадаад валютын албан нөөцийг 2014 оноос зузаатгаж эхэлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь бус хуучнаар нь буюу таван хувиар энэ оноос мөрдөхөөр болсон. Үүнийг төв банкны алт тушаалт эрс буурахад нөлөөлнө гэж эдийн засагч Ч.отгочулуу үзэж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани 800 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, үүнийхээ 10 орчим хувийг ногдол ашиг болгон иргэдэд тараахаа урьдчилсан байдлаар зарласан. Монгол Улсын экспортын 40 хувийг дангаар бүрдүүлж буй нүүрс өмнөд хөршийн зах зээлд эрэлттэй, үнэ өндөр хэвээр байна. Эдийн засагт 2018 онтой харьцуулахад илүү өсөлт гарах боломж, нөхцөл бүрдэж байгааг нүүрсний экспорт болон Хятадын зах зээлтэй холбон эдийн засагч Л.Наранбаатар тэмдэглэсэн юм. Хэрэв төсөвт төсөөлснөөр нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэж чадвал эдийн засаг 2018 оны амжилтаа хадгалах боломж байна. Гэхдээ тоон үзүүлэлтээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсээ 70 бус 100 ам.доллараар  экспортолж чадвал энэ нь эдийн засаг тогтвортой нэг хөшүүрэг аж.

Б.Баяртогтох

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих