“Матаасанд” бүдэрсэн Пүрэвдоржийн Орхон ТОКИО-д хамгийн найдвартай нь байлаа

3

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд МУГТ Пүрэвдоржийн Орхон түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Гэвч П.Орхоноос допинг илрэн А сорьц болон Б сорьцоор батлагдан барилдах эрхийг хасахаар болсон юм. Тэгвэл Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW удтал хэлэлцсэний эцэст П.Орхоны эрхийг 4 жил буюу 2022 оны 9 сарын 19 хүртэл хасахаар болсноо мэдэгджээ.

Монголын Чөлөөт бөхийн холбооноос энэ талаар лавлатал “Удахгүй мэдээлэл хийнэ” гэснээс өөр тодорхой зүйл мэдэгдсэнгүй. Харин “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр “МЧБХ -ноос надад албан ёсоор мэдэгдэл ирүүлээгүй байна. МЧБХ энэ талаар албан ёсны тайлбар хийх ёстой. Түүний дараа миний болон П.Орхоны зүгээс мэдээлэл өгнө” хэмээсэн юм.

Хэдийгээр П.Орхон “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй, хүмүүс намайг хорлосон байна надад нотлох баримт бий” хэмээдэг боловч UWW-гээс ийнхүү шийдвэрээ гаргажээ. П.Орхоноос хориглосон бодисын жагсаалтад багтсан “Станозолол” хэмээх бодис илэрсэн байдаг.  2017 оны ДАШТ-ээс эхлээд 2018 оны Азийн наадам хүртэл нэг жилийн хугацаанд П.Орхон 6 удаа шинжилгээ өгсөн бөгөөд Азийн наадамд өгсөн шинжилгээнд ийнхүү бүдэрсэн аж.  Азийн наадмын зохион байгуулагчдад П.Орхоныг хориотой бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэний дагуу шинжилгээ авч Олон улсын Допингийн эсрэг агентлагийн Катарын Доха дахь итгэмжлэгдсэн лабораторид илгээсэн нь ийнхүү асуудал үүсгэсэн ажээ.

X.Тулга


URL:

Сэтгэгдэл бичих