“MCS компанийн ажлыг энэ засагт байхдаа нэлээн хийж өглөө”

АН-ын ҮЗХ-ны хуралдаанд Х.Баттулга сайдын хэлсэн үг-

АН-ын ҮЗХ-ны хуралдаан эхлээд удаагүй байна. Намын даргынхаа үгээр эхэлсэн тус хурлын магад хамгийн сонирхолтой илтгэлийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тавьлаа. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэе.

“Би арай өөр юм ярина. Социализмын үед л ийм уянгын халилтай хурал болдог байсан. Одоо тийм зүйл ярихгүй. Би хоёр мэдээ хэлнэ. Нэг нь сайн талтай, гэхдээ маш бага. Төмөр замын салбарт төрийн бодлоготой боллоо. Монгол улс өөрөө уул уурхайн салбарыг дагаж хөгжих гэж байгаа бол баялгаа төмөр замаар тээвэрлэнэ, тиймээс тэр нь бодлоготой байх ёстой. үүнийг батлуулсан. Шинэ бүтээн байгуулалт гэдэг дотор УИХ маш сайн ажилласан. Сүүлийн хорин жилд ямар ч хөгжлийн төлөвлөгөөгүй байсан. Энэ төлөвлөгөөг оруулж баталсан  боловч харамсалтай нь Засгийн газарт очоод гацсан.

Зуун мянган айлын хөтөлбөр гэх зүйлд сумын хөгжил гэх хөтөлбөр байгаа. Энэ нь нүүдлийг зогсоохын тулд сум руу анхаарал хандуулах байсан. Шинэ сумыг Канадын технологиор хөгжүүлэхийн тулд технологийг нь худалдаж авах тус улсын Засгийн газартай ярьсан.

Хямралын үед банк, барилгын салбар нэлээд хүнд байсан. Үүн дээр Засгийн газар төрийн албан хаагчдын 4000 айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж удсан даа, хөөрхий минь. Санааг нь оруулснаас зургаан сарын дараа арай гэж баталсан. Ингээд 4000 айл байртай болсны 2000 гаруй нь гэр хорооллоос болсон.

Муу мэдээг нь ярья.

Хамтарсан засгийн газарт ажилласан хугацаандаа бодож төлөвлөж, эхлүүлэх бүтээн байгуулах ажилд өөрийнхөө бүх л бололцоог хамтарсан Засгийн газарт ажилласан. Гэхдээ анх Засгийн газар байгуулагдахдаа хэлж байсан гоё сайхан уриа энэ хугацаанд биеллээ олсонгүй. Ард түмний язгуур эрх ашиг гэж бид ярьдаг. Гэтэл өнөөдрийн ард түмний амьдрал ямар байгааг бид бүгдээрээ мэднэ. Би гэр хорооллоос гаралтай, хөдөөнөөс сонгогдсон гишүүн. Тэгэхээр өнөөдөр Засгийн газрын тэргүүний ярьж байгаа шиг “82 хувийн биелэлттэй” гэдэг шиг зүйлийг манай нам дагаж намираад байх хэрэггүй юм. Хамтаръя гээд урьсан, энэ нь тухайн үеийн хүнд асуудлыг зохицуулахын тулд байсан гэдгийг би ойлгосон.

Түүхий эд гэдэг газрын баялгийг ямар ч улс орон хөгжихдөө ашиглахын тулд боловсруулдаг. Боловсруулахын тулд Сайншандын төслийг өргөн бариад Засгийн газарт танилцуулсан. Энэ асар удаан шийдэгдсэн. Одоо хүртэл энэ ажил яваагүй. Яагаад гэхээр түүхий нүүрсийг л экспортлох ёстой. түүхийгээр экспортлогдож байгаа нүүрсний эзэд нь хэн бэ гэхээр Хятадтай хамтарсан манай Монголын компаниуд. Энэ компаниуд өнөөдөр хоёр намаар дамжаад ороод ирсэн. Энэ үйл ажиллагааг өнгөрсөн гурван жилд бид бүгдийг нь хийж өгсөн. Төмөр замын бодлого 2010 онд батлагдахад 2007 онд нарийн царигтай төмөр замыг бариулахаар Засгийн газарт бүх хууль дүрмийг зөрчөөд өгчихсөн байсан. Хэнд өгснийг та бүхэн мэдэж байгаа.

Тэгэхээр язгуур эрх ашиг гэдэг зүйл үндсэндээ мартагдсан. MCS компанийн ажлыг энэ засагт байхдаа нэлээн хийж өглөө.

Ингээд АН-ыг хамтарсан засгийн газарт орохыг уриалсан манай намын дарга маань яасан гэхээр байгуулсан гэрээнийхээ ажил дээр сүүлийн хоёр жилд олигтой “хөдөлсөнгүй”. Эхний нэг жил болохоор бид “бэрхийг туулах гэж байгуулагдсан Засгийн газар” гэж ярьдаг байсан. Миний хувьд үүнд маш их сэтгэл хөдөлж байсан. Яваандаа гэтэл нөгөө бэрхийг туулдаг Засгийн газар алга болсон. Би энэ дээр “оноо” авч намын дарга болох гээд байгаа зүйл ерөөсөө биш. Ядаж нэг хүн энэ тухай ярья л даа.

Бүлгийн хурал нэг дэх өдөр болсон. Энэ хурал дээр би “намын даргаа, та ядаж таван сайдтайгаа энэ асуудлаа зөвлөлдөөгүй юм уу” гэж асуусан. “Зөвлөлдсөн” гэж худлаа ярьсан. УИХ дахь Ардчилсан намын бүлэг гэж байгаа, гэтэл бүлэг дээр ч яриагүй. Энэ нам чинь одоохондоо Хойд Солонгосын нам биш. Бид ерэн онд олонхийн тогтолцоотой, олон хүний саналаар шийдвэр гаргадаг намыг байгуулсан. Урьд өдөр нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг гишүүн бид гурав уулзахад энэ хоёрт хамтарсан Засгийн газраас гарах талаарх ойлголт огт байгаагүй. Ийм л байдал болсон. Энэ байдлаараа цаашид ганцаарчилсан тоглолт хийдэг Н.Алтанхуяг байнга намын дарга байхгүй.

Энэ сонгуулийн хууль хоёр намд ашигтайгаар гарсан гэдгийг та нар бүгд мэдэж байгаа. тэгэхээр дахиад хамтарсан Засгийн газар байгуулагдах магадлалтай. Тэгэхэд энэ Алтангадас гэдэг бүлэглэл чинь бас л орно. Ингээд дуртайдаа сайд болдог, дургүйгээ хүрэхээр гараад явчихдаг ийм хэдэн хүн энэ намыг толгойлоод байна.  Нам хагалж байгаа хэрэг биш шүү, би бодит зүйлийг хэлж байна.

Хамгийн сүүлийн жишээ нь энэ MCS гэж хятадын тал нь 75 хувь байдаг хамтарсан компани өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийх гэж оруулж ирж байна. би баримттай юм ярьж байна. Энэ MCS гэж компани бүх дэлхий утааг орон сууцаар шийдэж байхад “зуух” гэж зүйл яриад оруулсан. Ингээд МСС-ын 42 сая долларыг авсан. Утаагаар ингэж тоглож байна.

С.Ламбаа сайд сая илтгэлдээ эрүүл мэндийн салбарынхаа ололттой талуудыг ярьлаа. Гэтэл эрүүл мэндийн салбар хүнд байгаа. Үүнийг гуравхан жилийн дотор сайжруулж чадахгүй л дээ. Гэхдээ энэ салбар хүнд байгаа нь утаатай холбоотой. Энэ утааг арилгахын тулд хамтарсан Засгийн газар 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан шд. Хамгийн сүүлийн Засгийн газрын хурлаар яармагт хороолол барих гэсэн чинь Ц.Нямдорж гэдэг сайд “энийг бариулахгүй, энэ бол Х.Баттулгын компани” гээд энэ хөтөлбөрийн хамгийн гайгүй явж байгааг нь зогсоочихлоо. Төмөр замын тухайд Ц.Нямдорж сайд “чамайг төмөр зам барихыг чинь харнаа” гэж байгаа юм. Энэ сайд нар өөрсдөө зайсанд 1-2 сая долларын байшинд амьдарч байгаашд. Гэтэл нөгөө 40 мкв-тай, 6 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хаа байна.

Би ҮЗХ-ийн гишүүдэд зориулж үүнийг яриагүй. Зурагтаар шууд гарч байгаа учраас үүнийг ард түмэн сонсох ёстой. Уянгын халил 20 жил явлаа.

Манай яам энэ 70 жилийн гэрээн дээр саналаа өгсөн /сурв. Дээр хэлсэн MCS-ийн гэрээ/. Сангийн яам манай саналыг дараад чоно борооноор гэгчээр өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг оруулах гэж байна. Энэ тогтвортой байдлын гэрээнд дан ганц MCS биш энэ компанийн бүх салбар нэгжүүд гэж байгаа юм. Одоо байгаа, ирээдүйд байгуулах энэ бүх компаниуд нь. Бусад компаниуд нь Засгийн газрын хаанаас нь төрчихсөн юм.

Манай ҮЗХ-ийн гишүүд арай ч бүгдээрээ нөгөө тал руу орчихоогүй болов уу гэж бодож байна. Та нар хайрцаглагдсан байна.

Нэг номон дээр бичсэн байна. “Мянгыг хулгайлахын тулд хулгайчийн гар, саяыг хулгайлахын тулд үгсэн хуйвалдсан бүлэглэл, тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй” гэж. Өнөөдөр манайд бүлэглэлүүд байгуулагдсан, хууль гаргаад эхэлчихсэн. Харин хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй гэдэг дээр өнөөдөр Ерөнхий сайдын яриад байгаа 2030 онд нэг хүнд ногдох бодит орлого 60 мянган доллар болно гээд байгаа чинь үзэл суртал байхгүй юу. Тийм зүйл рүү зорьж байгаа юм шигээр байнга яриад байхаар нөгөө хүмүүсийн тэмцэх, бухимдах чанар байхгүй болдог. Тэгэхээр энэ үзэл суртал яваад эхэлчихсэн. Манай нам арай өөр баймаар байна.

Хуу хамуулахгүйн тулд Ардчилсан нам минь сэрээч ээ. Намууд дамжсан бүлэглэлээс салах гэж оролдоод үзвэл яасан юм бэ, цөмөөрөө”.

Тэрээр ийнхүү хэллээ. Түүний хэлсэн үг багагүй шуугиан тарихаар болоод байна. Х.Баттулга сайдын хэлснээр Н.Алтанхуяг ганцаарчилсан тоглолт хийж, хамтарсан Засгийн газраас гарах шийдвэр гаргасан, мөн өөрсдийгөө “үндэсний” хэмээдэг MCS компанийн 75 хувийг Хятадууд эзэмшдэг төдийгүй энэ компани Монголын төрийн үйл ажиллагаанд багагүй нөлөөлдөг гээд олон зүйл байна.

Г.ТУЯА


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих