Т.Аюурсайхан гишүүн ноцтой мэдэгдлээ нотлох үүрэгтэй
Гишүүд УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хуультай. Гэхдээ хэн нэгнийг гүтгэх, гутаах, доромжлохоос бусад асуудлаар хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй. Хэрвээ хэн нэгнийг гүтгэсэн бол жирийн иргэний адил хуулийн хариуцлагатай. Худлаа хэлэхгүй, бусдыг гүтгэхгүй гэж олон нийт итгэдэг, УИХ-ын шударга гишүүдийн нэг Т.Аюурсайханы УИХ-ын чуулганы танхимаас ноцтой мэдэгдэл хийсэн юм. Гэвч өнөөдрийг хүртэл түүний үгийг нотлох, эсвэл үгүйсгэх бодит эх сурвалж, хариуцлага хүлээх эзэн гарч ирсэнгүй.
Т.Аюурсайхан гишүүн өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ны чуулганы хуралдаан дээр “Урдаа явж байгаа хэсэг нөхдийг харлуулж, гүтгэж байна. Хуулийн байгууллага руу шургуулсан гар хөлөөрөө дамжуулж ямар ч хамаагүй асуудал ол гэдэг үүрэг өгсөн. Чингэлтэй дүүргийн Засаг даргаас эхлээд адилхан газрын наймаачин болго, газар олгосон л байх байх ёстой. Үүнийг нь гаргаж ир гэдэг үүрэг өгсөн. Би үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье. УИХ-ын гишүүн миний гэр оронд хүртэл төхөөрөмж суурилуулсан асуудал байгаа… Хуулийн байгууллагын гар хөлүүд нь саяхан машин машинаар нь нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан асуудал байгаа. Энэ бүхнийг ил болгоно” хэмээн ярьсан юм.
Эндээс:
-Аюурсайхан гишүүнийг газрын наймаачин болго гэдэг үүргийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад хэн өгсөн бэ? Үүрэг өгснийг нь, ямар хэрэгт холбо гэснийг нь мэдэж байгаа юм чинь хэн үүрэг өгснийг Т.Аюурсайхан гишүүн өөрөө бас мэдэж л таарна. Тийм учраас Чингэлтэй дүүргийн Засаг даргад хууль бус үүрэг өгсөн эзнийг Т.Аюурсайхан гишүүн та нийгэмд зарлана уу?
-Т.Аюурсайхан гишүүний гэрт хэн төхөөрөмж суурилуулсан бэ? Хуулиар бол тагнуул, цагдаа, АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхтэй. Тэгэхдээ прокурорын зөвшөөрлөөр гүйцэтгэх ажиллагаа явуулах ба ийм зөвшөөрөлгүй бол ялтай юм билээ. Нэгэн цагт АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нар прокурорын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх ажиллагаа явуулсныхаа төлөө шүүхээс ял авч байв. Гэрийн эзэнд нь баригдах хэмжээнд ядруухан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Монголын хүчний байгууллагын нэр хүндийг унагаасан төхөөрөмж суурилуулах ажлыг тагнуул, цагдаа, АТГ-ын аль нь хийсэн бэ?
-Мөн “Хуулийн байгууллагын гар хөлүүд нь саяхан машин машинаар нь нотлох баримтыг жалганд аваачиж шатаасан асуудал байгаа. Энэ бүхнийг ил болгоно” гэсэн. Үүнийгээ хэзээ ил болгох вэ. Ямар хэргийн материалуудыг, аль жалганд тагнуул, цагдаа, АТГ-ын аль нь аваачиж шатаасан бэ?
-Эцэст нь Т.Аюурсайхан гишүүний өөрийнх нь гарын үсгийг хуурамчаар үйлдэн “Шинэ эхлэл түм” ХХК-ийн хувьцаа эзэммшигчээр бүртгэсэн төрийн албан хаагч, түүнийг нь баталгаажуулсан нотариатч нар хэн бэ?
-2002 онд өөрийнх нь оролцоогүйгээр компанийн хувьцаа эзэмшигч болгон улсын бүртгэлд бүртгэсэн гэдгийг Т.Аюурсайхан гишүүн 17 жилийн дараа мэдсэн гэсэн үг үү?
Энэ бүх асуулт мөн л эзэнгүй үлдэж байна. Т.Аюурсайхан гишүүн өөртэй нь холбоотой ноцтой мэдээлэл хийчихээд эдгээр асуудлаараа хууль хяналтын байгууллагад хандсан эсэх нь ч тодорхой бус байгаа юм. Хэвлэлийнхэн энэ талаар мэдээлэл авах гэсэн боловч тэрээр мэдээлэл, ярилцлага өгөхөөс татгалзсаар байгаа. Уг нь ноцтой мэдээлэл хийсэн бол түүнийгээ нотлох, нотлуулахын тулд хууль хяналтын байгууллагад хандах ёстой. Шударга ёсны төлөө тэмцдэг хүн өөрөө худлаа ярьдаг, ярьснаа нотолдоггүй байж болох уу?
itoim.mn
URL: