Шударга гишүүн Л.Оюун-Эрдэнээс шударга хариулт хүлээсэн 7 асуулт
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо, мөн МАН-ын хаалттай Бага хурал дээр хэлсэн үгс, ноцтой мэдээлэл хариултгүй үлдэж, бараг мартагдаж эхлэв.
Тэрээр:
-МАНАН бүлэглэлийнхэн жил бүрийн арванхоёрдугаар сард Сингапурт очиж албан тушаалын томилгоо ярьдаг, ямар ордыг хэрхэн авах талаараа төлөвлөгөө боловсруулдаг. Өнгөрсөн жилийг би мэдэхгүй. Тэрнээс өмнөх бүх шинэ жилээр хууль, хяналтын байгууллагын удирдлагууд, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой компанийн удирдлагууд, гурван үсэгтэй том том компанийн эзэд, нөлөө бүхий улстөрчид гээд 12-15 хүн цугладаг. Тэд баяр тэмдэглэдэг. Томилгоо хийдэг, манай систем ийм даргатай боллоо, одоогийн хуулийг ингэж хийнэ, энэ ордыг авна гэдгээ тохирдог. Шинэ жилийн өмнө гэдэг чинь нэг жилийнхээ төлөвлөгөөг хийж байна гэсэн үг. Эд нар бүх Ерөнхий сайдыг томилсон. 20 жилээр. Энэ бол бодит” гэсэн юм.
Мөн тэрээр намынхаа Бага хурал дээр:
-М.Энхболд дарга та л өөрөө Х.Баттулгыг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Ял авах гээд явж байхад нь өөрөө хэргээс мулталсан. Т.Бадамжунайг Сингапур руу явуулж, ял авах гэж байхад нь өөрөө өршөөгөөд, өөрөө захиалж Ерөнхийлөгчид дэвшүүлсэн шүү дээ. Тэгээд одоо үүнийг хэнд нялзаах гээд байгаа юм бэ гэсэн мэдээллийг өгсөн хэмээн ярьсан байдаг.
УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан Л.Оюун-Эрдэнийн хэлсэн эдгээр ноцтой мэдээлэлд хэн хариулт өгөх вэ? Тодруулбал:
1. Сингапурын уулзалтад хэн хэн очдог вэ?
2. Хууль хяналтын байгууллагын удирдлагууд гэдэгт нь одоогийн Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ЦЕГ-ын дарга Баатаржав, ТЕГ-ын дарга Гэрэл нар багтаж байгаа юу?
3. “Эрдэнэт-ийн 49 хувьтай холбоотой компанийн удирдлагууд гэж яг хэн бэ?
4. Гурван үсэгтэй том компанийн эзэд гэж хэн бэ, ХХБ, эсвэл MCS-ийн удирдлагууд мөн үү?
5. Эд нар бүх Ерөнхий сайдыг томилдог гэсэн. Яг хэн хэн бэ, тухайлбал одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Сингапурын уулзалтаас томилсон уу?
6. М.Энхболд дарга та л өөрөө Х.Баттулгыг захиалж Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэж хэлсэн. Яг хэнд захиалга өгдөг юм бэ, АН-ын дарга С.Эрдэнэд үү, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уу?
7. Ял авах гэж байхад нь өршөөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гэжээ. Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвшихээсээ өмнө яг ямар хэргээр ял авах гэж байсан бэ. Түүнийг нь хэн өршөөсөн юм бэ, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдод өршөөл үзүүлэх эрх бий юү?
Эцэст нь, эдгээр ноцтой мэдэгдэлд нь холбогдох байгууллага, хүмүүс, Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөрөө хариулж, хэлсэн үгээ батлах ёстой юу, ёсгүй юү?
Хэрвээ эдгээр үгс бүгд биш юмаа гэхэд зарим нь худлаа бөгөөд үүнийг нь жирийн иргэн хэлсэн хамгийн багадаа Зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа. Харин улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад хэн хамгийн ноцтой үгс хэлнэ, тэр хүн хамгийн сайн карьер өгсдөг жишгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн эхлүүлэхгүй, хэлснээ нотолно гэдэгт олон нийт итгэж хүлээж байна.
itoim.mn
URL: