СОГТУУРУУЛАХ УНДААГ УУХ ДАРААЛАЛ ШАРТАЛТАНД НӨЛӨӨЛӨХГҮЙ

2099

Наргиж цэнгэх дуртай залуусын дунд архийг хэрхэн, яаж уувал согтохгүй байх тухай өч төчнөөн үнэн, худал нь мэдэгдэхгүй яриа бий. Зарим нь цагаан архийг гаазтай ундаагаар даруулж уувал согтолт бага өгдөг хэмээн мэдэмхийрч байхад үлдсэн зарим нь эхлээд шар айраг ууж дотроо халааж байгаад хойноос нь архи уувал шартдаггүй гэхчлэн ярьцгаадаг. Тэгвэл Их Британийн Кэмбрижийн их сургуулийн судлаачид мэргэжил нэгт Германы Хердекийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран энэ ярианд цэг тавих зорилгоор нэгэн сонирхолтой судалгааг саяхан хийжээ. Судалгаанд оролцсон 19-40 насны 90 залууг дотор нь гурван бүлэг болгон хуваасан бөгөөд эхний бүлгийнхэнд хүн тус бүрт нэг литр гаруй шар айраг, хойноос нь дөрвөн шил усан үзэмний дарс уулгасан байна.

Харин хоёр дахь бүлэг залууст хүн тус бүрт яг ижил хэмжээний дарсыг эхэлж уулгаад, хойноос нь мөн хэмжээний шар айргийг уулгасан бол гурав дахь бүлгийнхний талд нь зөвхөн ахиухан дарс, үлдсэн талд нь их хэмжээний шар айргийг дангаар нь уулгаж туршиж үзжээ. Ингээд залуус бүгдээрээ согтоод унтацгаасан бөгөөд судлаачид маргааш өглөө нь тэднийг сэрэх үед биед нь ямар шинж тэмдэг илэрч байгааг нэг бүрчлэн асууж тодруулсан аж. Залуус бүгдээрээ дор бүрнээ шартаж үхэх гэж байснаас гадна хоол идээд амтлах мэдрэмжээ алдацгааж, толгой, гэдэс, ходоод нь өвдөх, дотор нь муухайрах шинж тэмдэг илэрч байжээ.

Судалгааны нэг дэх үе ингэж дууссан бол хоёр дахь үе шатанд шар айргаар эхэлсэн бүлгийн залууст эхлээд дарс, хойноос нь шар айраг уулгаж, харин дарсаар эхэлсэн бүлгийн залууст эхлээд шар айраг, араас нь дарс уулгаж туршсанаар үргэлжилсэн гэнэ. Ингэхдээ уух, шар айраг, дарсны хэмжээ болон төрөлд ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй байна. Гэвч уух зүйлсийн дарааллыг солилоо гээд залуусын согтох, шартах үйл явцад огтхон ч өөрчлөлт орсонгүй. Тэд согтож унахаас нь өмнө эрдэмтдийн асуусан өдөр тутмын амьдралтай холбоотой янз бүрийн асуултын заримыг хоёр тохиолдолд хоёуланд нь огт санахгүй байснаас гадна толгой, ходоод, гэдэс нь өвдөцгөөж, амттай хоолыг амталж идэх мэдрэмжээ бараг бүгдээрээ шахуу алдацгаасан байжээ.

Энэхүү өвөрмөц судалгаагаа хоёр улсын хамтарсан эрдэмтдийн баг ижил насны эмэгтэйчүүд дээр яг адилхан туршиж үзсэн боловч үр дүн нь эрчүүдийнхээс ч дор гарчээ. Эмэгтэйчүүд эрчүүдээс хурдан тасарч унацгааж, маргааш нь юугаа ч санахгүй байх зэрэг шарталтын яг ижилхэн шинж тэмдгүүд илэрсэн байна. Судалгааг удирдан явуулсан англи, герман эрдэмтдийн хэлж буйгаар согтууруулах ундааны хэмжээг тааруулж чадахгүй л юм бол ямар дарааллаар яаж уух нь огт хамаагүй аж. Түүнчлэн цагаан архийг хэтрүүлж хэрэглэсэн тохиолдолд хэчнээн гаазтай ундаа, жимсний шүүс, цэвэр болон содатай усаар даруулаад нэмэргүй гэнэ. Учир нь ингэлээ гээд шарталт бага явагдаж, толгой өвдөхгүй, дотор муухайрдаггүй болохыг мөн л дээрх судалгаагаар баталжээ.

Эх сурвалж: Healthline.com


URL:

Сэтгэгдэл бичих