БТСГ-ын дарга Ц.Шаравжамцыг мөнгө завшсан гэв
Монголын сагсан бөмбөгийн холбоо, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын сагсан бөмбөгийн холбооны тамга тэмдэгтэй холбоотой зургаан жилийн маргаан хэдийнэ эцэслэгдэж, тус холбоо одоо Монголдоо болон олон улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага бөгөөд бусад холбоодтойгоо нээлттэй хамтран ажиллах нөхцөл бүрдсэнийг МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал тэргүүтэй төлөөлөл ярилаа.
Хурлын үеэр тэрбээр МСБХ нь энэ спортыг толгойлж буй Монголын хууль ёсны байгууллага гэдгийг УБЕГ-ын гэрчилгээ, Олон улсын Сагсанбөмбөгийн холбооны албан бичиг зэрэг нотлох баритуудаар үзүүлэв. “Сүүлийн таван жил МСБХ Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-д татвар төлөөгүй тул татвараа төлнө үү гэсэн нэхэмжлэл миний хаягаар ирсэн. Энэ дагуу бид 3,000 ам.долларыг төлсөн баримт байна. Ийнхүү төлснийг хүлээн авч, цаашид албан ёсоор харилцаж, үйл ажиллагаа явуулах эрхтэй гэдгийг илэрхийлсэн FIBA-гийн албан бичиг энэ байна”гэсэн юм.
Мөн энэ үеэр МҮСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга өмнөх холбооны удирдлагууд 300 сая төгрөг угаасан гэдгийг баримттай дэлгэн харууллаа. Тэрбээр “Өмнөх холбооны удирдлагууд МСБХ болон тамга тэмдгийг хоёр байгаа мэт харагдуулж ирсэн нь хулгайгаа нуух арга. Тодруулбал Олимпын хороотой 80,000 ам.долларын төсөл хэрэгжүүлж, “Тамхи татдаггүй залуус” хөтөлбөрөөр 20,000 доллар, Биеийн тамир спортын газраас 300 орчим сая төгрөгийн мөнгө угаах гэмт хэрэг хийсэн. Үүндээ сагсан бөмбөгт авьяастай мянга мянган тамирчныг ашигласан” гэв.
Ямартай ч тэд Биеийн тамир, спорт газрын дарга Ц.Шаравжамцыг албан тушаалаа урвуулан ашиглаж, МСБХ-нд олгож буй санхүүжилт нэрийн дор Б.Тамир, О.Баярцогт зэрэг найзууддаа санхүүжилт олгон мөнгө завшсан гэлээ.
Erennews.mn
URL: