МАН: С.Мөнхчулуун намын шийдвэрт хүндэтгэлтэй хандаагүй, шийдвэр зөрчсөн учир намаас гарсанд тооцож байна
МАН-ын Хяналтын хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар ”МАН-ын Хяналтын хороо өчигдөр хуралдаж, 4, 5 асуудлыг хэлэлцлээ. 2019 оны хийж хэрэгжүүлэх ажил, Хяналтын хорооны зарим гишүүдийг нөхөн сонгох, намын зарим гишүүдэд хариуцлага тооцсон зэрэг асуудлыг хэлэлцсэн.
МАН-ын 28 дугаар Их хурлаас МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийгэмд шударга ёс тогтоох, төлөвшүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана гэдгээ зарласан. Тиймээс ажлаа намын гишүүддээ шаардлага тавьж эхлүүлэхээр болсон. 2016 оноос хойш намын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй удаа дараа хэвлэл, олон нийтийн сүлжээгээр явсан 60 тэрбумын гэх асуудалд яригддаг. Тиймээс энэ асуудлыг нэг тийш шийдэх нь зүйтэй гэж 2018 оны наймдугаар сард уг асуудлыг авч хэлэлцэж байсан. Ингээд энэ асуудалд МАН-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй, намын гишүүн Ганбаатар нар оролцсон нь намын нэр хүндэд сэв суулгасан асуудал болсон хэмээн үзэж, намын Ёсзүйн хорооноос дүгнэлт гаргаж байсан. Тиймээс хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байсан.
Ингээд намын дүрмийн дагуу НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг МАН-ын гишүүнээс гарсанд тооцож байна. Мөн С.Мөнхчулууныг намын гишүүнээс гарсанд тооцсон.
С.Мөнхчулуун нь намын дүрмийг сахин хамгаалах, эв нэгдлийг хамгаалах, намын нэрийн өмнөөс сонгогдож томилогдсон албан тушаалтан хуулийг чандлан сахиж, ашиг сонирхлын аливаа явцуу нөлөөнд автахгүй байх, намын ёсзүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, намын эрх ашиг албан ёсны шийдвэрт хүндэтгэлтэй хандах, бүх шатны удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчихгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж ёсзүйн хорооноос дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтүүдийг үндэслэж, С.Мөнхчулууныг намын гишүүнээс гарсанд тооцож байна.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-С.Мөнхчулууныг намаасаа гаргачихлаа. Тэгэхээр одоо Хотын даргад нэр дэвших боломжтой юу?
-Ямарч байсан МАН-ын дүрэмд энэ зохицуулалтыг хийсэн. Тодруулбал, МАН-аас гарсан тохиолдолд тухайн хүнд улстөрийн ямар нэгэн дэмжлэг байхгүй гэсэн заалт бий. Харин нэрээ дэвшүүлэх эсэх нь тухайн хүний өөрийнх нь асуудал. МАН бол тодорхой хугацаагаар улстөрийн дэмжлэг үзүүлэхгүй.
-Жилийн өмнө С.Амарсайхан бас намын шийдвэргүйгээр нэрээ дэвшүүлээд НИТХ-ын дарга болж байсан. Тэгвэл яагаад энэ хүнд хариуцлага тооцоогүй юм бэ?
-Намын дүрмийн зохицуулалт тэр үед байгаагүй. Одоо намын дүрмээр зохицуулсан учир ийм арга хэмжээ авч байна.
Б.Анир
URL: