Тендерийн тухай хууль Монгол Улсын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэв

5944d77c6343e79e4b025f474981129fТендерийн тухай хууль буюу Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

Засгийн газар 2019 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарласантай холбоотойгоор энэхүү хуулийн төслийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байгаа ба тендерийн шалгаруулалтад авилга, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд уг хуульд өөрчлөлт оруулахаар болжээ.

Хэлэлцүүлгийн үеэр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ерөнхий танилцуулга” сэдвээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал” сэдвээр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, “Засгийн газрын худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал, гарц шийдэл” сэдвээр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн ажлын албаны дарга А.Энхцэцэг итгэл тавьсан юм.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан албаны хүмүүс Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нэн даруй өөрчлөх шаардлагатай хэмээж байлаа. Тухайлбал, Өндөр хөгжилтэй орнууд болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг үндэстэн дамнасан олон улсын санхүүгийн байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааг зохицуулдаг хууль эрхзүйн актуудыг буурай хөгжилтэй Монгол Улсад тулган хүлээлгэх замаар Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдүүлсэн болохыг хэлж байв.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байсан хууль хэрэгжсэн 12 жилийн хугацаанд 23 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 200 гаруй заалтыг шинэчлэн баталсан байдаг аж.

Монгол Улсын валютын нөөцийг гадаад улс орнууд руу экспортолж, дотоодын бизнесийн орон зайг хумьж, гадаад валютын хомсдол үүсгэн, ханшийг өсгөж, Монгол Улсын нийгмийн баялгийг үнэгүйдэхэд гол нөлөө үзүүлж буй Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд оруулж буй энэ удаагийн өөрчлөлтөөр Монгол Улсын аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, шинэ технологи, инноваци дээр суурилсан эдийн засгийн бүтээлч тогтолцоог бий болгох төрийн үндсэн үүргийг дэмжих чиглэлийн өөрчлөлт оруулахад анхаарч ажиллахыг хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих