Н.Учрал: Төрийн мэдээллийн сайтууд хакердуулсан эсэх нь эргэлзээтэй байна
Цахим бодлогын түр хороог даргалж буй УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр “Хоёр жилийн өмнө буюу өнгөрсөн 2017 онд төрийн мэдээллийн сайтууд хакердуулж, халдлагад өртсөн тухай мэдээллүүд гарсан. Улмаар энэ талаар холбогдох газруудад албан бичиг хүргүүлсэн ч ТЕГ-аас өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй.
Харин Мэдээлэл харилцаа холбооны зохицуулах газраас “Казакстан улсын аюулгүй байдлын компаниас танай улсын төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн, дэлгэрэнгүй мэдээлэл авах бол төлбөр төлнө үү” гэсэн мэдээлэл ирүүлсэн байдаг. Гэвч Монголын талаас төлбөр төлөх боломжгүй. Өөрт хамааралтай мэдээлэл авна гэдэг хариуг Үндэсний дата төвөөс ирүүлсэн байна.
Үүнээс хойш гурван сарын дараа олон улсын сайтуудад энэ мэдээлэл гарч эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл төрийн мэдээллийн сайтууд хакердуулсан эсэх нь эргэлзээтэй байна” гэлээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 230 сая ам.долларыг цахимд шилжихэд зарцуулсан байна.
Гэтэл өнөөдрийн хүртэл ямар нэг байдлаар иргэний мэдээллийн аюулгүй байдал хангагдаагүй байгаа бөгөөд энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь сайжруулах, тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгаа учраас мэдээллийн аюулгүй байдал хангах чиглэлээр ХУР системийг хаах, мэдээллийн аюулгүй байдлаа хангасны дараа цахимд шилжилт хийх ёстой гэдгийг түр хорооны зүгээс илэрхийлж, УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлж байна.Мөн 230 сая ам.долларыг өнгөрсөн хугацаанд юу хийсэнд шалгалт оруулах, цахим шилжилт, мэдээллийн аюулгүй байдал ямар байгаа талаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл хийх шаардлагатай” гэв.
Б.Аз
URL: