Гаитид жагсагчид АНУ-ын төрийн далбааг шатаажээ
Гаити улсын нийслэл Порт-о-Пренс хотод эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг тус улсын сөрөг хүчнийхэн жагсагчдад уриалсан тухай Канадын телевизийн “TVA” суваг мэдээлжээ.
Тус сувгийн мэдээллээр, өнгөрөгч бямба гарагт Гаити улсын нийслэл хотод болсон эсэргүүцлийн ажиллагаа хэсэг хугацаанд намжсан бол тус улсын Ерөнхий сайд Жан-Анри Сеан авлига, хууль бус наймаатай эрчимтэй тэмцэнэ гэдгээ мэдэгдэж, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхээ амласан байна.
Үүний сацуу, “TVA” сувгийн мэдээлж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт болсон жагсаал цуглааны үеэр жагсагчид улс орных нь хэрэгт хөндлөнгөөс оролцож буйг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн АНУ-ын төрийн далбааг шатааж, Гаити улсыг хямралаас гарахад туслахыг ОХУ-д уриалсан байна. Үүний зэрэгцээгээр, жагсагчид Америкийг эсэргүүцсэн уриа лоозон хашхирцгааж байжээ.
“Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, Гаитид хоёрдугаар сарын 7-нд эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш доод тал нь долоон хүн амиа алдсан байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Порт-о-Пренс хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд анх удаа мөргөлдөөн болжээ. Гаити улсын Ерөнхийлөгч Жовенель Моиз эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгдээд, хямралаас гарах шийдлийг олохын тулд яриа хэлэлцээ хийхийг сөрөг хүчнийхэнд уриалсан байна.
Жовенель Моиз нь Гаити улсын ерөнхийлөгчийн албыг 2017 оны хоёрдугаар сарын 7-ноос хашиж эхэлжээ.
montsame.mn
URL: