Нөөцийн махыг хоёр дахин бага үнээр борлуулна

Нөөцийн махыг хуучин үнээр нь энэ сарын 15-наас эхлэн худалдаалах талаар салбарын сайд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой махны үнэ тэнгэрд хадав.

Жишээ нь, үхрийн мах кг нь 7000- 7500 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Удахгүй Цагаан сар болох гэж байхад махны үнэ магнаг болсонд иргэд бухимдалтай байгаа билээ. Харин салбарын сайдын өчигдрийн мэдээлэл хүйтэн жаврыг үргээх шиг боллоо.

Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд зориулж 12 мянган тонн мах нөөцөлжээ. Үүцээ ийн эрт задалж байгаа нь махны үнийн өсөлтийг тодорхой хэмжээгээр хязгаалах гэсэнтэй холбоотой хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нар мэдэгдсэн юм. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 310 цэгээр худалдаална.

Ингэхдээ үхрийн мах кг нь 3500, хонь 3000, ямаа 2400 төгрөгөөр борлуулна. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэгчдэд кг тутамд нь урамшуулал болгож 500 төгрөг өгдөг байсан бол энэ жил 650 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Энэ нь үнийн өсөлттэй холбоотойгоор нэмэгдүүлсэн зохицуулалт аж. Урамшуулалд шаардлагатай 1.8 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан тул ямар нэгэн асуудалгүй гэнэ.

Шатахууны үнэ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 32.5 хувв өссөн нь махны үнэ хөөрөгдөхөд нөлөөлсөн хэмээн Т.Бадамжунай сайд мэдээлэлдээ дурьдсан юм.

Мөн тэрбээр ам.долларын ханш ч мөн үеийнхээс 15-16 хувиар өссөн нь нөлөөлсөн гэв. Үүнээс гадна цагаан сар болох гэж буйтай холбоотой малчид малынхаа үнийг өсгөжээ. Тухайлбал, төлөг 40 мянган төгрөг байсан бол 60 мянгад хүрсэн гэнэ. Энэ мэт хүчин зүйл махны үнэ өсөхөд нөлөөлжээ.

Гэхдээ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манайд махны үнэ харьцангуй бага хэмээн салбарын сайд хэлэв. Жишээ нь, ОХУ-д кг мах 12000-25000 төгрөг, Хятадад 9000-20000, Австралид 12000-25000 төгрөгийн өртөгтэй байдаг аж. Ийм үнэ хүрэхэд дэлхий дахинд санхүүгийн хямрал бүрэн арилаагүй, хүнсний хомсдолтой байгаа зэрэг нь нөлөөлсөн хэмээн тайлбарласан.

Т.Бадамжунайгийн тайлбараар бол хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээс махны үнэ өнгөрсөн жилийнхээс бага зэрэг өссөн. Бусад бүтээгдэхүүний хувьд үнэ харьцангуй тогтвортой байгаа гэж мэдэгдлээ.

Мөн малын зүй бус хорогдол одоогоор 500 толгойгоор яригдаж байгаа гэв. Ирж яваа 30 хоногийг гайгүй давчихвал нар наашилж, жавар цаашлан 15 сая толгой төл бойжуулах боломж бий гэхчлэн сэтгэл нь хямраад байгаа иргэдийнхээ сэтгэлийг тайвшруулах мэдээлэл хийсэн юм.

Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих