Нигерь, Монгол хоёрийн тавилан адилхан юм даа
Ам.долларын өсөлтөөс шалтгаалж хэсэг олигархиуд дотоодын хамгийн чухал хэрэглээ болсон нефтийн ханшийг дураар өсгөж орхилоо.
Эдүгээ дэлхийн зах зээлд хар алтны ханш төдийлөн нэмэгдсэн зүйл алга байна. АНУ, Ираны хооронд үүсээд буй үл ойлголцлын улмаас Персийн булан дахь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг хэдэн сая баррель нефтийн ирээдүйд аюул нүүрлэв. Гэхдээ болоогүй дайнаас урьтаж газрын тосны үнэ одоогоор савлаагүй байна. Тиймдээ ч олон улсын зах зээлийн тавцанд хар алтны “хийрхэл” ажиглагдсангүй.
Гэвч дэлхийд түүхий нефтийн ханш баррель тутамдаа 113.34 ам.доллар байгаа нь манай импортлогчдод хамаагүй. Тэд урьд нь дэлхийн “жишгийг” дагаж, улиралдаа нэг донслох хар алтны ханшийн өсөлтөөр түрүү барин үнээ аажмаар нэмдэг байснаа одоо бүр больж, ам.долларын өсөлтийг ам таглах шалтгаан болгожээ. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн ханш үндсэндээ сул байна гэж шинжээчид дүгнэсэн.
Гэтэл ОХУ-аас шатахууны 100 хувийн хараат оршдог бидний хувьд хойд хөршийнхөө далайсан газар нь далд орж далласан газар нь гарч ирэн байж бензиний “крант”-аа арай ядан нээлгүүлдэг. Тиймдээ ч импортлогчид Засгийн газраас ямар нэгэн хараа, хяналтгүй болжээ. Цаашид дэлхийн эдийн засагт нефтийн ханш хэрхэн өөрчлөгдөх нь эргэлзээтэй.
Яг одоо дэлхий бид нартай адилхан зовлон үзэж буй нэг улс байна. Африкийн Нигерь улс газрын тосны асар их нөөцтэй. Дэлхийн газрын тосны импортын зах зээлийн 11 хувийг энэ улс дангаараа бүрдүүлдэг.
Гэтэл тэнд газрын тосны хомсдол үүсчээ. Ерөнхийлөгч Жонатан Күдлак улс орондоо үүсээд буй хямралыг өнөөг хэр нь зохицуулж чадахгүй байна. Тэр зөвхөн Засгийн газрын гаргаж буй бондыг хямдруулж чадна гэсэн амлалтыг ч өгч байгаа юм. Энэ нь тус улсын баялаг шууд гадны орноос хараат болсныг илтгэж байна.
Иргэд гудамжинд хоосон сав барьж, шатахуун түгээх станцуудын үүдэнд дугаарлан зогсох болов. Засгийн газар түншлэгч улсууддаа хэт их хувийн ногдол ашиг хуваарилснаас дотоодын хэрэглээндээ санаа зовниж эхэлжээ. Тиймээс Нигерийн Засгийн газар иргэдийн эсэргүүцэл хурцдах вий гэхээс айж суухаас өөр аргагүйд хүрчээ.
Яахав биднийг бодоход Нигерь улс дотооддоо газрын тосоо боловсруулдаг болж. Харамсалтай нь гадны хөрөнгө оруулагч корпорациудын дарангуйлалд хэт автсанаар түүхий нефтийн зах зээлээ нэг мөр барууныханд худалдчихсан. Тус улс 1971 онд ОПЕК-ийн гишүүн орон болжээ.
Хэдийгээр тухайн үед “Нигер Делта” корпораци дангаар олборлолт хийх эрхтэй байсан ч гадны хөрөнгө оруулалт зайлшгүй шаардагсан учраас өнөөг хүртэл барууныхны дэмжлэгийг энэ салбарт авч байжээ. Бид Нигерьтэй адил газрын тосны их нөөцтэй. Түүнийгээ боловсруулах үйлдвэр өнөөг хүртэл барьчих чадалгүй Засгийн газартай улс.
Манай нефтийн хэрэглээ ОХУ-аас шууд хамааралтай буй учраас тэдний тогтоосон ханшийг дагадаг хүлцэнгүй импортын систем рүү гулсан орсоор уджээ. Алс холын Африк тивд Нигерь газар доорх баялгаа хуу хамуулчихаад амаа барин хямарч байна. Бид ч ялгаагүй тэдний араас тун ч хурдтай гүйж байна даа. Бүдэрч унах вий.
Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: