Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зөвлөлдөж байна
“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн 2 дугаар сарын 14-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нар, ДЭМБ-ын монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Азийн хөгжлийн банкны Монгол улс дахь Суурин төлөөлөгчийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан, Дэлхийн банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар зэрэг 50 гаруй байгууллагаас төлөөлж 170 гаруй удирдах албан тушаалтнууд оролцон ажлаа тайлагнаж алдаа оноогоо хэлэлцэж байна.
Өнгөрөгч онд “Эрүүл мэндийн даатгалыг иргэн бүрт” уриа дэвшүүлж салбарын хэмжээнд 5 зорилт дэвшүүлэн ажилласан. Үүнд Эрүүл мэндийн ажилтныг мэргэжлийн ур чадвар, хариуцлага, хөдөлмөрийн нөхцлийг харгалзан ажлын байрны үнэлгээнд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлж сувилагчийн цалингийн хэмжээг 127.0 мянгаас 183.0 мянган төгрөг буюу 20-30 хувиар нэмэгдүүлж, цалингийн ангилал, зэрэглэлийг 1-2 шатлалаар ахиуллаа.
Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болж, 25 хүнд бөөр, 31 хүнд элэг, 7 хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг 100 гаруй хүнд арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийв. Улсын төсвийн санхүүжилтээр 163, бусад улсын Засгийн газрын санхүүжилтээр 90, нийт 253 эрүүл мэндийн ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодод сургалтанд хамрууллаа
Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн жор бичих эрх бүхий эмч, эмийн сан, даатгуулагч, даатгалын байгууллагын үйл ажиллагаанд цахим жорын тогтолцоог нэвтрүүлэв.
2018 онд үндэсний хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн нас, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэж зонхилон тохиолдох зүрх судас, хавдар, сүрьеэ, БЗДХ-ыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн зохион байгуулж, нийт 52363 хүнийг хамруулжээ.
Түүнчлэн, “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэн 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулж нийт 413 553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдан, 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд оруулсан зэргээр дээрх зорилтуудыг бүрэн хангаж ажилласан байна.
Зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн тавьсан илтгэл салбарын төдийгүй олон нийтийн анхаарлыг ихэд татлаа. Илтгэлдээ 2018 онд эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашдынхаа зорилтыг онцолсон юм.
2019 онд “Инээмсэглэл – Эерэг хандлага” уриа дэвшүүлэн ажиллах болсныг зарлаж байна.
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгиийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй, халуун сэтгэлээр хандаж ажиллахыг уриалж байна.
“Инээмсэглэл” гэдэг бол үнэ төлбөргүй атлаа асар ихийг бүтээх хүчийг агуулж байдаг. “Инээмсэглэл” хүн хооронд итгэлцэл, эрч хүч, урам зориг, амжилт бүтээлийг бий болгож чаддаг. Иймээс эрүүл мэндийн салбарын ажиллагсад бид өөр хоорондоо төдийгүй иргэд,үйлчлүүлэгчээ инээмсэглэн угтаж эерэг харилцаа хандлага бүрдүүлэх чиглэлд эрс шинэчлэл хийж ажиллана гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа илэрхийллээ.
Улмаар 2019 онд “Инээмсэглэл-Эерэг хандлага” уриа дэвшүүлж ажиллахаар болоод байна. Энэ нь ДЭМБ-аас зөвлөсөн “Хүн төвтэй тусламж үйлчилгээ”-г нэвтрүүлэх зорилттой бүрэн нийцэж буй юм. Ингэснээр эрүүл мэндийн салбарынхан тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж “Эмнэлгийн ажилтан – үйлчлүүлэгч – ар гэр” гэсэн 3 талт харилцааг дээдэлж, бие, биедээ хүндэтгэлтэй хандаж ажиллахыг чухалчлах аж.
Мөн 2019-2020 онд хэрэгжүүлэх 8 зорилтыг хамарсан “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Эдгээрт, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг бууруулах зэрэг багтаж байгаа юм.
URL: