С.Пүрэвсүрэн: Нүнжигтэй өвгөдийн нөмөр /өгүүлэл/
Зэрэглээ зайдагнасан тарлан салхи бут дамжин сайварлаж, зээрийн шилбэнд ассан тоос тэнгэрт цоролзоод замхрах говь нутгийн хавар сэтгэлд нэг л эерүүхэн.
Халиу ягаан тэнгэрийн хаяа, газрын энтэйд уусан найрсч, гоо бүсгүйн задгайлсан гэзэг, энгэр ташаагаа даган, сулдаа намиран асгарах мэт хул шаргал нарны гал шаргал туяа, цацрах илч гэрлээрээ эх байгалийн хэвлийг таалахуй, халтар харганын үндэс газрын хээлэнд амилан, мөдхөн соёолох эмзэгхэн нахиа нь мөчрөө тийчих хавар цаг юутай талбиун.
Чиний араас тэнхээ мэдэн хашгирч гэмээ нь миний дуу чамд хүрэлгүй замдаа сульдан замхрах, хараа хярхаггүй талыг тас огтлон зурайсан сунагар замаар дүүрэн ачаатай ногоон машин хүнгэнэн давхисаар гарч ирэв.
Машины бүхээгт хэлтгий захтай цэнхэр хүрэм, хар жинсэн өмд өмссөн шавилхан биетэй залуу хажуудаа суусан өвгөний зүг мятрангуй харж
-Ахаа гэчихээд түүнээсээ бантан, толгойгоо илэн инээмсэглээд
- Үгүй ээ ааваа та ядарч байна уу. Халуун цай уух уу гэсээр хурдаа саан зогслоо. Өвгөн олон ч юм хэлсэнгүй үг дуугүйхэн буугаад машиныг нь тойрч ганц нэг дугуйг пидхийлгэн өшиглөн, үзсээр цааш алхахыг толиндоо хараад
-Зайлуул дугуйны хий шалгаад байх шиг байна. Жолооч нарыг ингэж аяглахыг харж байсан юм байхдаа гээд сэмхэн инээд алдан жуумалзаж суулаа.
-Тэнгэрийн хаяа тоосроод, алсуураа шуураад эхлэв бололтой. Говийн тэнгэр нэг хямраад эхэлвэл зохиртолоо хэд хононо. Эртхэн хөдлөөд суурин газар бараадахыг бодъё. Цай цүй яах вэ гэсээр орж ирэхэд
-Энэ өвгөн надад мөн ч томорч байна аа. Шинэхэн хүргэндээ өөрийгөө таниулах л гэж бодоод байна аа даа. Ийм сайхан нартай, салхи савиргүй тогтуун байхад ямар элэнцгийнх нь шуурга вэ гэж бодоод инээд нь хүрэн жуумганаад, түүнээ нуух гэж хий ханиан суудал дээрээ займчив.
Зуймраа хөх салхинд цаг наргүй зүлгэгдсээр, гөлөгний шүд шиг иржийсэн, хурц цэгээн чулуу нь ил гарсан дагжуур хөрстэй дэвсэгт түр зогссон хархүү суудлынхаа араас тос болсон саарал цамцанд нямбайлан боосон цондгор вааран савтай хятад архи гарган ирээд толгойгоо илснээ
-Ааваа энэ архийг та амсаад үздээ. Маото гэсэн байхаа. Манай хүргэн ахад найз нь бэлэглэсэн юм. Чанар сайтай, цэвэр нэрж гаргадаг сайн архи гээд магтаад байхаар нь эгчээс авсан юм. Тэр хятаддаа үнэтэйд ордог гэсэн шүү гээд хоёр гардан өгвөл өвгөний шингэн шаргал царайд инээмсэглэл тодорч
-Үгүй ээ хүү минь энэ вааран савыг нь ээ. Дээр үеийн галуун хүзүүт гэж ийм хөөрөн сав ганц нэг айлд байдаг байсан юм. Яг л мөндөө гэснээ энэ хайрханыг чинь яаж задалдаг билээ гээд эргүүлж тойруулан харах нь ирээдүйн хүргэн хүүгээ сүрхий тоож байгаа шинжтэй.
-Би задлаад өгөх үү гээд инээмсэглэн харвал
-Өө юү гэхэв. Эртхэн газар дөхье. Оройхон тухтайхан суугаад хүүгийн хишгийг хүртэнэ ээ гэхэд
-Яасан ёгжир зантай хөгшин бэ. Би хэзээ нэг иймэрхүү догь өвгөн болчихсон хүргэн хүүгээ мэрж явах бол гэж бодмоглон инээд алдчих шахав.
Жолооч хархүүг Тогтох гэдэг агаад жолоо барьж хол ойр явж эхэлсэн үеэс найзууд нь Тожоо жолооч гэж дуудах болсон билээ. Тожоо жолооч нэрэндээ дургүй гэж жигтэйхэн. Уг нь ч биендээ байхгүй цэвэрч нямбай бөгөөд хиртэй хувцастай явахгүй санаатай. Гэтэл ямар золиг нь Тожоо жолооч гээд дуудсаныг бүү мэд.
Мань Тожоо хүү энэ намар анагаахын дээдийн оюутан охинтой танилцсан бөгөөд сэм сэмхэн уулзаж гүйсээр нэг л мэдэхэд хагацаж салахгүй хосууд болсон билээ.
Алсхан давхиад хүргэчих ачаа бараа хомсдоод ойр зуурхан богино хөлийн тээвэр хийсээр залхаж явтал хүргэн ах нь дуудаад Говь-Алтай чигт ачаа буулгаад ирэх үү гэхэд бөөн баяр болж билээ. Ачаа бараагаа ачиж аваад ганц нэг хуучин дугуйгаа сольсноор бэлтгэл ажил ян тан бүтэв.
Оройхон найз охинтойгоо уулзаад говийн аймагт тээвэр хийхээр болсноо дуулгахад
-Би цуг явна. Говь алтай явахад манай нутгаар дайрч өнгөрдөг юм. Манай анги маргаашнаас дадлагат гарна гэж хошуу цорвойн эрхлэх найз охиноо дагуулсаар ирээдүйн хадам аавындаа өчигдөр ирсэн билээ.
-Манай аав ээж жирийн малчин хүмүүс. Чамайг хараад баярлана даа хэмээн ам хуурайгүй шулганасаар ирсэн найз охин нь гэрийнх гадаа ирмэгц, машинаас үсрэн бууж, гэрийнхээ зүг гүйсээр ээждээ очиж үнсүүлэхдээ, чихэнд нь ямар нэг юм шивэгнэхийг харсан Тогтох
-За энэ маань ч далан булчирхайгаа тооччихлоо доо янз нь гэсэн шүү таамагийг өөртөө дэвшүүлээд, зориг муутайхан гулжиганан алхсаар ортол илт сонжингуй харсан ээж нь өвгөн өөдөө учиртайхан харц шидэн
-Өвгөөн дээлээ өмс. Хүүхэд золгох гэж байна хэмээн хөгшиндөө нэгийг сануулах мэт сүрхий намжир хаян ширэв татах нь нүдний үзүүрт ойрхон тусав.
Халгаж ядсан, харц буруулсан, халгиж цалгисан хаврын энэ орой хол нутгийн хүний үр, ганц охиныг нь бараадан ирж нүүр хагарсаныг билэгшээн, хүүгийн авчирсан хот газрын хатуу идээнээс дараалан хэд хэд хүртсэн өвгөн эцэг нь сүрхий халамцаж охиноо үнсээд
-За хөгшөөн охин маань том хүн болжээ. Ингээд хоёр хөгшин толгой зээ нараа хүлээгээд сууж байдаг цаг ирэв бололтой гэхэд самган нь өвгөн өөдөө донжтойхон сэлбэлзэж
- Амаа тат гэж дохив бололтой хуучин бүрх малгайгаа гурван хуруугаараа чимхэн авч духдуулаад малдаа чимээ өгөн ханиасаар гараад явчихсан билээ..
Хадам гэж хэлж болох, хөгшдийн харцан дор халуун хоолоор шахуулсан Тогтох сэрүүцэх шалтгаар гадаа гарч машин тэрэгнийхээ ганц нэг татлагыг шалгаж үзээд орж иртэл, цоо шинэхэн даавуутай хөнжил дэлгэж, унтах орыг нь засчихсан харагдав. Намар өвлийн чилгэр саруудад найз охиноо тэвэрч үнсэхээс хэтэрч яваагүй Тогтох “өнөө шөнө” гэсэн амттайхан бодолдоо дэлүүрч, хамаг бие нь жирвэгнэж явтал их санасан газар есөн хоног хоосон хонохын үлгэрээр, ундарч асан хүсэл таалал нь талаар болсонд урамгүйхэн байлаа.
-Би ээжийнхээ өвөрт унтана. Гэрээ мөн ч их санасан шүү гээд инээд алдан эрхэлсээр ижийнхээ өвөрт шургасан бүсгүйгээ өглөө босохоос өмнө өндийж, хувцаслаад
-За би эртхэн хөдлөнө өө. Өнөө оройдоо ачаагаа хүргэх ёстой гээд явахаар зэхэж байтал өвгөн соёо сахлаа имхэрдэж
-За охин ирчихсэн юм чинь би энэ хүүтэй яваад ирье. Аймаг дээр хүнээс авах авлага байгаа. Золигийн туучий чинь инээж авсан өрөө өгөлгүй жил тойрлоо. Өрөнд ороо хүн бололтой. Сайхан унаагаар очоод ирдэг хэргээ гэсээр хамт хөдөлсөн билээ.
-Хурдан эргэж ирээрэй. Санана шүү гэсээр энгэрт нь наалдсан найз охиноо зөөлөн тэврээд,
-Чи намайг санахгүй ш дээ гэж чихэнд нь шивэгнэн, шөнийн гомдлоо тайлав.
Хайртай бүсгүйнхээ аавыг дэргэдээ суулгаад давхиж явахдаа үг өдөж, яриа дэлгэмээр санагдавч, эвээ нэг л олохгүй явсаар замын талыг туулчихав.
Ийнхүү урдах замаа ширтэн, сэтгэлд ургасан бодолдоо хөлбөрөн явтал, замын голд гээгдсэн мэт бөндийх хэд хэдэн бул хар чулууг тойрч амжилгүй машинаа овгонуулан дайрчихвал, өвгөн сүрхий ширүүн харцаар харсан ч дуугарсангүй.
Гэтэл өмнөх чулуунуудаас арай жижигхэн бор чулууг аз болж тойртол, унтаа сэрүүний завсар зүүрмэглэж явсан өвгөн
-Хүүхээ саяны бор чулууг голчихов уу гэхэд Тогтох тэсгэлгүй түсхийтэл инээд алдав. Голоод байхдаа яахав дээ гэж бодохоос л инээд хүрээд явлаа.
Гэтэл тэртээд зүмбэртэх цэнхэр уулсын наахнуур чанх дээшээ боссон наруухан цагаан тоос ганц нэг боссоор нэлэнхүйдээ бүрсийн буйг харсан өвгөн далбагар нударгаа эргүүлэн эвдэрч бяцарсан мойногдуу хуруугаараа зааж
-За хүү минь шуурга ч эхэллээ дээ. Энүүхэн доор бригадын хуучин туурь байгаа тийшээ зүглэнэ байгаа. Маргааш болтол эвгүйцэх шинжтэй гэхийг сонссон Тогтох, нар эрт дээр хэсэг явах юмсан. Яаж ч шуурсан ачаатай машиныг яав л гэж бодовч зөрүүдэлж чадалгүй заасан зүгрүү нь зам салав.
Онхол донхолтой бүдэг замаар ойж буусаар хэсэг явтал орой дээрээ овоотой намхан гүвгэрийг хижэн, огцом эргэсэн элстэй жалга таарахад, яаж ч чадалгүй элсэнд шарван гулссаар ганганд боогдон зогсов.
-За хүү минь цас хаялаад эхэллээ. Байтлаа бүр цасан шамарганд балбуулах нь дээ гэхэд л бүүдгэр улаан тэнгэрээс том том ширхэгтэй цасан ширхэг эргэлдэн бууж эхэлж байгааг анзаарав.
-Хүрз байгаа юу. Хурдхан аваад ир гэсээр далбагар нударгаа дотогш нь чихээд зогсож байгаа хижээл эрийг хараад өөрийн мэдэлгүй машиныхаа араар тойрч тоосонд дарагдсан хумбан хүрзээ гаргаж ирэв.
Тогтох цасан шамарга, шороон шуургаас илүүтэй машинаа унагачихаа шахсандаа сүнсээ зайлтал айж, өвдөг нь чичирч байгаагаа өөрөө ч анзаарахгүй байв.
- Үгүй ер, харин дориун хүрзтэй хүү байх чинь. Одооны хүүхдүүд хүрз гэхээр л дөрвөлжин хүрз гаргаад ирдэг юм. За яахав. Амьд хүн аргатай даа. Шуурга ширүүсэхээс өмнө машинаа гаргаад авчих юмсан гэсээр эвэршиж мойнсон, паливгар алгаруугаа нулимаад урд ганганы хуурай эргийг ухаж эхлэхээр нь бүр гайхчихав.
-Ааваа араас нь ухвал амар биш үү.
-Тэр дэмий улам л шарвана. Сул элстэй. Харин урагш нь ядаж тохой ухчихвал холхио гарна. Жаахан холхих зайтай болчихвол гарна аа гарна. Хэзээ бурхны элч ирээд туслах байх гэж суух вэ гэхэд нээрэн үнэн шүү гэсэн бодол төрөөд богинохон лоом суудлынхаа араас гаргаж санд мэнд ухаж эхлэв.
-Яарах хэрэггүй. Хүчээ гамна. Хужаа аргаар ухаж байгаад болгочихно оо хө гэхэд байдгаараа амьсгаадсан Тогтох өөрөөсөө ичих шиг санагдав.
Салхины эрч улам ширүүсч хэдхэн цагийн өмнө налайж байсан тэнгэр юу юугүй хөмөрчих нь үү дээ гэмээр аашилж, ачаа машин ганхуулна. Богино хүрэмнийх нь энгэр заамаар нойтон цас шургалж, хөл барьсан нимгэн гутал нь шилбэ хага ташим дааруулхад өөрийн мэдэлгүй эрүү ам хавчина.
Гэтэл өвгөний зулайнаас уур савсаж, даарах байтугай халууцаж байх шиг санагдахад гайхаж байлаа.
-Ээ миний хүү бүхээгтээ ороод дулаац. Халуун цай байгаа юу гэхэд нэг муу нэрлэхэх аядмар болж,
-Гайгүй ээ. Та ороод жаахан амар гэж ээрүү хүн шиг бээвэгнэх дуунаасаа санаа зовон дуугарлаа.
-За хө цас дарчихаас өмнө гаргана аа. Ерээд оны дунд үе хүртэл тээврийн жолооч явлаа. Иймэрхүү элс шаварт сууж бойтоглохыг алийг тэр гэхэв. Эв хавийг олбол гарч л таараа. Нөгөө муу хуурай элс жаахан чийг аваа биз. Чи цаад талаараа ороод суу. Үхэхээс бусдыг үзсэн хөгшин толгой арай дээр болов уу гэсээр эрүүнээсээ шуугдсан ч гэлээ өргөн шанаатай нүүрэндээ халтартсан нойтон шороог шувтарч нударгаараа хормойгоо савсаар жолооных нь ард суулаа.
Машиныг нь асааж, хүржигнүүлэн хэд хаазалснаа араанд нь “лүпп” хийлгэн түлхээд, урагш хойшоо сажин, холхиулсаар, бүдэг жимрүүгээ орж элснээс гараадахлаа.
Нойтон шамарганд голдоо ортол даарсан Тогтох хүрмээ тайлан хуурай цамц өмсөх хооронд өвгөн жалганы амсараар зүтгүүлсээр гарч, багаахан мөргөцөг ороон, хэдэн тоосгон байшингийн нурсан хананд тулж ирсэн нь нөгөө хуучин бригадын туурь бололтой ажээ.
-Ааваа эндээ шуурга намдтал хүлээх үү гэж хэлэхдээ түрүүний чичрүүдэс одоо хүртэл гараагүй байгааг анзаарав.
-Хүүе хүүхээ чи чинь халуураад байна уу даа гэхэд гайгүй гэж арайхийн хариулав.
-За даарсан цагт нөгөө “моотоо” архи чинь хэрэг болно доо гэж хүд хүд инээсээр, цай ууж байсан шилэн аяганых нь тэг дундуур архи хийгээд Тогтоход өгөхөд
-Би ууж чаддаггүй юм аа та л уу.
-Зүгээр хүүхээ нүдээ аниад балгачих. Тэгээд жаахан унтаад ав гэхийг л хальт сонсоод нам унтчихжээ.
Бөмбөрийн дуу нижигнэж, машины оройг хүмүүс түчигнүүлэн балбаад байх шиг санагдан арай ядан сэрэв.
Эхүүн үнэртэй хатуу архи гол зуран халуу шатаж, огичихоо шахсанаа л муухан санаж байлаа.
Гэтэл шуурганы хүч намсаж, тэнгэр зохирох тийшээ хандсан байх агаад, холын гэрэл дээр тавьсан машины бүхээгт халуу дүүгэж байлаа. Ухасхийн өндийж харвал хадам өвгөн дээлээрээ хуччихсан байв.
Харин өвгөн мах мариа нь шуугдсан ч бахим харагдах цээжиндээ дээлийнхээ гадуур хантааз маягийн хүрмийг нөмөрчихсөн машиныг нь бариад давхиж явна. Газрын байцыг харахад аймгийн төв ойртож байгаа аж.
Нүдээ нухлан өндийсөн Тогтохыг харсан өвгөн сөрөвгөр сахалтай уруулаа илж
-Унт унт. Санаа зоволтгүй. Аймгийн гэрэл харагдаж байна гэсээр араагаа солин давхина.
Нүнжиг заасан өвгөдийн нөмөр гэдэг энэ буюу… — with Соёрхын Пүрэвсүрэн.
URL: