Чингис хааны мэндэлсэн он, сар өдрийг ёсчиллоо

Чингис хааны мэндэлсэн он, сар өдрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар ёсчилжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөх Р. Болдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Эзэн хааны мэндэлсэн он, сар өдрийг Ерөнхийлөгчийн зарлигт хэрхэн ёсчилсон бэ?
-Чингис хаан-Тэмүүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөр ёсчилсон. Энэ нь түүхэн үнэнд илүү ойр, бодит сурвалжид нийцтэй юм.

-Тэмүүжинг өвлийн тэргүүн сард мэндэлсэн гэх олон эх сурвалж байгаа болов уу. Гэвч гол үндэслэл нь чухам юу байв ?

-Түүхийн аливаа судалгаанд болон сурвалж бичигт өгүүлсэнээс гадна ард түмний зан үйлийн мэдээ багагүй ач холбогдолтой юм. Энэ үүднээс Чингис хааны тахилга тайлгатай холбогдсон зан үйлийн мэдээ нь түүхийн сурвалж бичгүүдийн заалттай хэрхэн дүйж байгааг анхаарсан. Ордос нутагт байдаг Чингис хааны эзэн хорооны тахилгын дотор Тэмүүжинг өвлийн тэргүүн сард төрсөн гэж болохоор зан үйлийн улбаа одоо хүртэл уламжлагдсан байна.

Тэнд билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн гурванд Чингис хаанд зориулан мялаагуудын хурим хэмээх ёслолыг эртнээс нааш гүйцэтгэсээр иржээ. Тэрхүү мялаагуудын хурим нь Чингис хааны төрсний дараа түүнийг угаасны баярыг тэмдэглэж буй ёслол юм. Мялаагуудын хуримыг бас тасман тайлга ч гэдэг. Чингисийн мялаагуудын хурим нь Тэмүүжиний хүй цөглөж, угаалга үйлдсэний баяр мөн.

Монголчууд XVI зууны үед хүүхэд төрөөд хүй цөглөсний дараа түүнийг угаан мялааж найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн байна. Мөн ”Арван буянт номын цагаан түүх” сударт өгүүлснийг багцлан үзвэл, Тэмүүжинийг эхээс төрөөд гурав хономогц угаалга үйлдэж, манцуйд өлгийдөж, тасмаар боож, мялаагуудын хурим хийснийг Хубилай сэцэн хааны үеэс үе улируулан ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Үүнийг Хубилай хааны зарлигаар тогтоосон байдаг. Хубилай хаан өвөг эцгээ нас нөхчөөд 60 жил ч өнгөрөөгүй байхад төрийн албан ёсны зарлиг гаргахдаа андуураагүй байх гэж бодож байна.

Их хааныг Сартуулаас бууж ирэхэд нь ангийн тосоор мялаалгаж байсан өөрийн ухаан орчихсон хүн (Хубилай) байсан тул тэр тусмаа зарлигтаа сар, өдөр андуурч тогтооно гэж байхгүй болов уу. Энэ бол Хубилай хааны зарлигийн сурвалжтай юм шүү. Түүнчлэн Тэмүүжинг төрсний дараа биеийг нь анх угааж, мялаасны хуримыг билгийн улирлын жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд дурсан тахилга хийдэг байсан.

Энэ нь Тэмүүжин өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэсэн түүхийн эх сурвалж бичгүүдийн мэдээтэй авцалдаж байгаа юм. Тиймээс Тэмүүжиний төрсөн сар, өдрийн тухай сурвалж бичгүүдийн болон зан үйлийн мэдээнүүд тийнхүү тохирч байгаа нь түүнийг усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн гэх үндэслэлийг бий болгож байна.

-Их хааны сүүдэр тохиосон он 1162 гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Харин хааны мэндэлсэн огноог өдгөө баримталж буй Григорийн тооллын сар өдөрт шилжүүлэн тогтоож болоогүй юм уу?
-Бид энэ асуудал дээр багагүй цаг зарсан. Эцэст нь түүхийн итгэмжит сурвалжуудад дурьдсан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг аргын тоололд шилжүүлэх нь он тооллын олон хүчин зүйлийн улмаас бараг боломжгүй зүйл болох нь тодорхой болсон.

Чухамдаа асуудлын энэ хэсгийг шинжлэх ухааны өөр нэг салбарын төлөөлөгчид болох одон орон зүйчид, зурхайчид тодорхойлдог. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар одон орон судлаачид, зурхайчид оролцсон ажлын хэсэг байгуулж ажиллуулсан.

Тэдний асуудал маргаантай байна. Тиймээс Их хааны мэндэлсэн огноог түүхийн эх сурвалжуудад дурьдсан чигээр нь буюу 1162 оны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөр ёсчлох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Ийм дүгнэлтийг түүхийн шинжлэх ухааны төлөөлөл буюу мэргэжлийн түүхчид өөрсдийн олон арван жилийн судалгаа шинжилгээний ажилд тулгуурлан гаргаж байна.

-Тэгэхээр бид Эзэн хааныхаа төрсөн өдрийг аргын тооллоор биш билгийн тооллын өдөр тэмдэглэнэ гэсэн үг үү?
-Тухайн онд өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр аргын тооллын хэдэн сарын хэдний өдөр тохиож байна тэр өдөр л ёслол төгөлдөр тэмдэглэж байх юм. Энэ жилийн хувьд Эзэн хааны мэндэлсний 850 жилийн ойг арваннэгдүгээр сарын 14-ний лхагва гаригийн билэгт сайн өдөр тэмдэглэнэ.

Энэ нь Төгсбуянтын болон шар зурхайгаар нэг л өдөр таарч байгаа. Эцэст нь хэлэхэд, Монголын төр Их хааныхаа мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох, улмаар үндэсний бахархлын өдөр болгон тэмдэглэж, хойч үедээ хэвшүүлэх нь манай улс, үндэстэн, Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой юм.

О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих