КFC-ны хоолноос халуунд тэсвэртэй бактери болон нитрит илэрчээ

100

Энэ сарын 9, 10, 11-ны өдөр KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлж, “Найзууд” багцыг авч идсэн болон захиалж авсан хүмүүс хордлогонд орсон тухай мэдээлэл өчигдөрөөс хэвлэлүүдээр гараад байгаа билээ. 

Сүүлийн хоёр хоногт тус газраар үйлчлүүлсэн, хоол захиалж идсэн гэх 9-40 насны 16 хүн халуурах, бөөлжих, суулгах  зовиуртай Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д хандсан байна. Эдгээрийн 11 иргэний биеийн байдал өндөр халуурах, бөөлжих, усархаг суулгалтаар олон удаа суулгах зэргээр хүндэвтэр байгаа тул хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Үүнтэй холбогдуулан, тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа “Найзууд” багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа аж.

“KFC” сүлжээ хоолны газрын Монгол дахь албан ёсны хариуцагч Таванбогд группээс үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад, “хууль хяналт, шинжилгээний байгууллага шалгаж дуусах хүртэл энэ талаар ямар нэгэн  мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Энэ талаар бид ЭМЯ-наас тодруулахад, “Тийм мэдээлэл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг ХӨСҮТ-өөс тодруул” гэв.

Харин ХӨСҮТ-өөс тодруулахад, “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Манайхаас ажлын хэсэг гараад судлахаар явсан. Маргааш холбогдоорой” гэх хариултыг өгсөн юм.

Мэргэжлийн хяналтын газрын зарим эх сурвалжийн мэдээллээр “KFC” Зайсан дахь салбараас 52 дээж ирсэн бөгөөд одоогийн байдлаар бүрэн шинжилж дуусаагүй байгаа аж. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрсэн юм байна.

 Dorgio.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих