ЧОНО БА ШОДРОГОС

990

Саяхан хот дотор хог ухаж явсан чоныг барьж аваад угаагаад үзтэл хаски болж хувираад бөөн шуугиан. Чоныг улаан гараараа барьж аваад үдээсээр амыг хүлсэн цагдаа нарыг ч ёжилсон пост бишгүй нэг.

Яг үнэндээ юу болсон юм бол? Магадгүй хэн нэг нь “-чоно байна!” гэж дуудлага өгөөд цагдаа нар очиж гэж таая. Тэгээд цааш явъя.
Хэрэв жинхэнэ чоно байсан бол: …. Үдээснээс өөр өмнөө барих юмгүй цагдаа нарыг араатны өөдөөс явуулдаг нь яаж байгаа юм? Гай болж хэн нэг нь уруулж гэмтвэл яах вэ? Энэ миний шүүмжлэх гэсэн сэдэв биш тул ингээд орхилоо.
Дуудлагаар очоод хаски байжээ гэдгийг нь танилаа гэж бодъё. Гэтэл чоно аюулгүй болгох үүрэгтэй явсан хүмүүс ямар шийдвэр гаргах ёстой вэ? Хаски байнаа гээд хаяад явах уу? Олон хүн ингэх ёстой байсан гэж үзэж байна. Үгүй юмаа. Үүнээс чинь л шодрогос үүсдэг юм.
Цэрэг хүн тушаалыг хэлэлцдэггүй, гүйцэтгэдэг гэсэн зарчмыг бид мэднэ. Дарга тушаахад, өгсөн үүргийг гүйцэтгэх ёстой үгүйг эрэгцүүлээд, өөрийн үзэмжээр шийдэх эрх байх ёсгүй гэдэг бол алтан зарчим. Буруу үүрэг гүйцэтгэсэн бол зөвхөн дарга л буруутах ёстой. Энгийн амьдрал дээр ч гэсэн “хүний гараар могой бариулах” гэсэн хэлц бий. Агуулгыг нь анзаарвал юм хийлгэхээр шахсан хүнийг нь буруутгаж байгаа биз?!? Энэ зарчим зөвхөн цэрэг цагдаад ч биш, үүрэг даалгавар өгдөг авдаг бүх этгээдэд хамаарна.
Ийм учраас цагдаа нохой гэж таньсан байлаа ч барьж ирэх үүрэгтэй! Магадгүй нохой гэж таньсан учраас ч зоригтойгоор амыг нь үдээсээрээ хүлж зогссон байх.
Өнөөдөр манайд ял шийтгэл хувь хүний үзэмжээр буюу шүүгчийн өөрийнх нь дотоод итгэл үнэмшлээр шийдэгддэг. Тиймээс ижил хэрэг дээр нэгд нь ахиу ял өгч, нөгөөг нь өршөөдөг. Ингэж шодрогосоор шийддэг.
Эртний Ромын Justitia (Iustitia ч гэдэг) бурхнаар өнөөдөр хууль шүүхийг билэгддэг. Энэ бурхныг нүдээ боолттой, нэг гартаа худал үнэнийг шүүх дэнс барьж, нөгөө гартаа ял шийтгэл оноох цаазын илд барьснаар дүрсэлдэг. Нүдээ боосон нь гэм бурууг шүүх үедээ тухайн этгээдийг харж хувийн үзэмжээр шийдвэр гаргахгүй гэсэн агуулгатай. Бүх шийдвэр хуульд юу гэж бичигдсэн байна. Тэрүүгээр л шийднэ гэсэн үг. Ийм учраас Justitia бурхны нэрнээс үүсэлтэй justice гэсэн англи үг шүүх ба шударга ёс гэсэн 2 утгатай байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу шийдсэн зүйл л шударга ёс юм гэсэн үг лдээ.

“Хууль бол шударга ёс юм” (дүрэм журам гэсэн бүх ойлголт багтана) гэж тогтоож өгснөөр шударга ёс маань тодорхой чиг баримжаатай болдог. Сайн муу хууль гаргах тухай асуудал бол өөр сэдэв. Хэрвээ шударга ёсыг ингэж тодорхой болгохгүй бол хүн хүний шударга ёсны тухай хэмжүүр өөр өөр болно. Надад шударга санагдсан юм өөр хэн нэгэнд шударга бус санагдах нь гарцаагүй. Ингэсээр эцэстээ бүх зүйл утга учраа алдан шодрогос болдог.
Эргээд чоно руугаа ороё. Өнөөдөр нэг цагдаа нохой гэж зөв таниад барилгүй явуулсан байг. Маргааш бас нэг цагдааг хулгайч бариад ир гээд явуултал “-өө очсон чинь таньдаг ах хүү байлээ. Тэр ч тэгэхээргүй хүн дээ. Тэгээд явуулчлаа” гэсэн юм яриад зогсож байвал яах вэ? Ийм л учраас “бариад ир!” гээл явуулсан бол хэн ч байсан хамаагүй амыг нь үдээд, шодрогосын хонгил руу чирэх ёстой юм.
Өнөөдөр манайд бараг бүх зүйл хуулийн дагуу явдаггүй, хууль хэрэгжүүлэгч сахиулагч нь өөрийн үзэмжээр асуудалд ханддаг учраас шодрогос газар авч, нохой хүлээд зогсож байгаа цагдаа шогтой харагдаж байгаа хэрэг.
Хэн ч хуулийг мөрдөх сахихыг хүсдэггүй атлаа бүгд шударга ёсыг нэхдэг. Хууль өөр дээр нь яг үйлчлэх гэхээр бүгд танил тал ар өврөөрөө хуулиас мултрахыг хичээдэг. Хуулиар тогтоогдох ёстой шударга ёсыг бүгд дэвслээд унагачихаар хэн гуай “-шодрогос, шодрогос, шодрогос! шударга байлаа гээд хэн хожихын!” гэж ширээ шаах нь аргагүй шд.

ЭХ СУРВАЛЖ: https://www.facebook.com/migga.ace


URL:

Сэтгэгдэл бичих