Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадрааг 410 сая төгрөг завшсан гэж үзжээ
Өнөөдөр Өмнөговь аймгийн Манлай сумын засаг дарга Х.Сугир, аймгийн МАН-ын дарга С.Бөхзориг нар мэдээлэл хийлээ. Өмнөговь аймагт нүүрс, алт, зэсийн томоохон ордуудын зарим хэсгийг ашиглаж эхлээд 5-6 жил болж байгаа боловч Өмнөговь аймагт ажилгүйдэл, ядруурал бодитой буурахгүй, цөөхөн тооны албан тушаалтнууд богино хугацаанд хэт их баяжаад байгаа хэмээн тайлбарлалаа.
Аймгийн удирдлагууд “Бүтээн байгуулалтын ажил хийх нэрээр орон нутагт хөрөнгө оруулалтын олон арван тэрбум төгрөгний ажлуудыг тендергүйгээр гүйцэтгүүлэх эсвэл тендер зарласан болж өөрсдийн ах дүүс танил талдаа өгч улсын болон орон нутгийн төсвийг хуваан завшиж байна. Манай аймгийн төв гэрэл цахилгаанаар байнга гачигдаж, энэ он гарсаар гэрэл цахилгааны бараа харалгүй 7 хонож байгаа” гэв. Халдварт шар өвчин газар авч, халаалт дулаан тасалдснаар хөгшид хүүхэд даарч, ханиад томуу ихэсч, ард иргэд нь эрүүл мэндээрээ асар их хохирч байхад аймгийн удирдлагууд, ЗДТГ-ынхан бөөн бөөнөөрөө Хайнан, Хонконг болон Герман зэрэг гадаадын орнууд руу зугаалж төсвийн мөнгийг үрэн таран хийж байна” гэлээ.
Манлай сумын засаг дарга Х.Сугир “ Аймгийн удирдлагуудад удаа дараа албан бичиг, шаардлагуудыг өгч байсан боловч алдаагаа засч залруулахын оронд харин ч бүр цагаандаа гарна гэгч болж хөрөнгөжин баяжихийн тулд албан тушаалтнууд бие биедээ орон сууц, мөнгөний дэмжлэг, машин унаа өгөх, авах гадаад дотоодод аялуулж зугаацуулах нь хэрээс хэтэрлээ” гэсэн юм.
Аймгийн Засаг Б.Бадрааг төсвийн хөрөнгөөс 500 сая 410 мянган төгрөгийг авто машин авах нэрийдлээр хувьдаа завшсан хэмээн үзэж буй ажээ.
Энэ асуудлыг аймгийн иргэдэд ойлгуулж бага дээр нь таслан зогсоох боломж байхгүй байгаа гэнэ. Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй хоёр телевиз нь аймгийн удирдлагуудын хувийн эзэмшлийн байдаг тул түүгээрээ мэдээлэл өгөх боломжгүй байдаг аж. Аймгийн ИТХ дээр санал шүүмжлэл гаргадаг боловч олонхиороо АН-ынхан шийддэг хэмээн тайлбарлалаа.
А.Отгонцэцэг
gonews
URL: