Эрдэмтэд 80 жилийн дотор хүн амьдрах боломжгүй болох 10 хотыг нэрлэлээ
Цаг уур өөрчлөлтийн хор хөнөөлийг дэлхий нийтээрээ амсаж байна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын хорооны (IPCC) тооцоолж буйгаар 2040 он гэхэд дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлүүд ихсэж, дундаж температур өмнөхөөсөө хурдтай нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнээс гадна зарим томоохон хотууд 2100 он гэхэд хүн амьдрах боломжгүй болно хэмээн анхааруулж байгаа аж. Тухайлбал:
2100 он гэхэд Флорида мужийн Миами хотын 3.3 сая хүн үерийн гамшигт нэрвэгдэхээр байна. Мэргэжилтнүүд 2010-2100 оны хооронд далайн түвшин 1.8 метрээр нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ.
Тэгвэл Нью-Орлеанс 80 жилийн дараа гэхэд бүрмөсөн живэх эрсдэлтэй байгаа гэнэ. Тодруулбал, далайн түвшин 91 сантиметрээр дээшлэхэд л хотын нийт хүн амын гуравны нэг нь усанд живэх эрсдэл үүсчээ.
MIT-ийн эрдэмтдийн 2015 онд хийсэн судалгаагаар Дубай хотын агаарын хэм 2070 он гэхэд нэмэх 45-аас давна гэж үзэж байна. Үүний уршгаар тус хотын оршин суугчид зургадугаар сараас есдүгээр сар хүртэл гадагш гарах боломжгүй болж ч магадгүй гэнэ.
Абу Даби хотод өмнө нь 52 хэм хүртэл халж байсан түүхтэй. Тэгвэл 2070 он гэхэд тус хотын оршин суугчид дээрх халалтыг ойр ойрхон мэдрэх эрсдэлтэй нүүр тулах нь.
Хятадын гурав дахь том хот болох Шанхайд 2070-2100 онд агаарын хэм 35 болж нэмэгдэх юм байна.
Агаарын бохирдлоос үүдэн жил бүр дайн, хүчирхийллийн улмаас амиа алдаж буй хүмүүсээс даруй 15 дахин их хүн нас барж байна. 2015 онд гаргасан судалгаагаар дэлхийн нийт нас баралтын 16 хувь буюу 9 сая хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр амиа алджээ. Харамсалтай нь ирэх жилүүдэд Бээжин хотод агаарын бохирдлын улмаас эрүүл мэнд, амь насаараа хохирох хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Харин Энэтхэгийн Нью Дели хот агаарын бохирдол, халалтаас үүдэлтэй гамшгуудыг туулахаар байна. 2017 онд Нью Дели хотын агаарын хэм хэдийнэ 35 давсан билээ.
2017 онд Бангладеш улсад тохиосон үерийн гамшигт 8 сая хүн өртөж, 700 мянган өрхийн орон гэр сүйдэж, 140 орчим хүн амиа алджээ. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн засгийн газар хоорондын хороо далайн түвшин 91 сантиметрээр нэмэгдэхэд Бангладеш улсад хөрсний гулгалт 20 хувиар нэмэгдэнэ гэж үзэж байна. Дака хот руу шилжин суурьшиж буй иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь тус улсын эрх баригчдын санааг зовоож байгаа аж.
Нигерийн Лагос хотын хүн ам хурдтай нэмэгдэхийн сацуу үерийн гамшигт нэрвэгдэх магадлал өсөж байна. 2016 онд хийсэн судалгаагаар дараагийн 10 жилийн дотор Лагос хот үерийн улмаас 260 мянган хүн амиа алдана гэсэн тооцоо гарчээ.
Эх сурвалж: ub.life Б.Саруул
|
URL: