Венесуэлд иргэний дайн дэгдэх боломжгүй гэж дахин мэдэгджээ
КАРАКАС. /ТАСС/. Венесуэлд иргэний дайн өрнөж магадгүйг сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо үгүйсгэжээ. Ийм бодолтой байгаагаа тэрбээр Каракас хотод оюутнуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
“Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Венесуэлд иргэний дайн эхэлж магадгүй байгааг харуулахыг оролдож байгаа хэдий ч ард иргэдийн 90 хувь нь өөрчлөлтийг хүсч байгаа учир иргэний дайн дэгдэх боломжгүй юм” гэж тэрбээр хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр одоогийн төрийн тэргүүн Николас Мадурогийн Засгийн газар Зэвсэгт хүчинд хүндэтгэлтэй хандахгүй байна гэж үзэж байгаа аж.
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо энэ сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан бөгөөд АНУ хийгээд өөр хэд хэдэн улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Н.Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийх ородлого гэж үзсэн бөгөөд АНУ-тай дипломат харилцаагаа таслах тухайгаа мэдэгдсэн юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: