Дэлхий даяар өлсгөлөнг арилгана

Дэлхий даяарх өлсгөлөн, өлөн зэлмүүн байдлыг бүрэн устгах талаар хүчин чармайлт гаргах нь ирэх гурван жилд хийх ажлынх нь тэргүүлэх чиглэл байна гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын /ХХААБ/ шинэ ерөнхий захирал, Бразилийн дипломатч Жозе Грациану да Силва мэдэгдэв.

Ром дахь ХХААБ-ын төв байрнаас тараасан албан ёсны мэдээнээс үзвэл, тус байгууллагын ерөнхий захирал хүнсний аюулгүй байдалд илүү ихээр анхаарах болон бага орлоготой орнуудад ХХААБ-аас үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг санал болгож байна.

ХХААБ нь дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан НҮБ-ын анхны агентлагуудын нэг болохыг албан ёсны мэдээнд дурджээ. Хагас зуун гаруй жилийн дараа 925 сая орчим хүн өлөн зэлмүүн байсаар, Мянганы хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн зорилт болох 1990-2015 оны хооронд дэлхий дээрх өлөн зэлмүүн хүмүүсийн тоог хоёр дахин бууруулах зорилтыг биелүүлж чадахааргүй байна.

Бразилийн иргэн, итали гаралтай, 62 настай Грациану да Силва ХХААБ-ын найм дахь удирдагч бөгөөд тус байгууллагыг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны долдугаар сарын 31-нийг хүртэл тэргүүлнэ.

З.Амгалан

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих