Цасны хүн
Нууцлагдмал амьдралаар амьдардаг түүнийг харна гэдэг маш ховор зүйл. Уугуул нутаг нь Памир, Кавказ, Гималай, Тянь-Шань хэмээн эрдэмтэд үздэг ч энэ залуу дэлхийгээр нэг тархсан. Гэхдээ тун цөөхөн бөгөөд ховор. Хойд Америкт түүнийг “Бигфүүт” буюу “том хөлт” гэдэг.
Харин Индианчууд “Сасквич” гэж нэрийддэг “цасны хүн”-ийг манайд Алмас гэдэг. Түүнийг судалдаг маш олон эрдэмтэд байдаг ч тэд ихэнхдээ хүмүүсийн аман яриан дээр үндэслэн судалгаагаа үргэлжлүүлдэг. Харин тэрхүү Сасквичтэй нүүр тулсан хүн бол Поулизник.
“Хоёр метрээс өндөр биетэй, мөр нь хүнийхээс өргөн, түнтгэр дух, цаана суусан нүд, яльгүй сартгар өргөн хамартай. Түүний хацар нь хонхойсон, чих нь хүнийх шиг мөртлөө том, хүнийхээс том дугаргий нүдтэй. Доод эрүү нь урагшаа илүү гарсан, уруул ньтовойсон. Урдталын шүд нь адууны шүд шиг. Нүд нь хар, үс нь хар хүрэн, 30 орчим см урттай, мөрөн дээгүүрээ сэрвийсэн.
Хамар болон чихнээс бусад нүүр хэсэг нь богино үсээр хучигдсан. Гар нь өвдөгнөөсөө доош унжсан, Гарын сарвуу том хуруу нь 14 см орчим урттай. Хуруунуудын үе нь яльгүй товойсон, сүүлгүй. Тэрээр мөн бүдүүн дунд чөмөгтэй ба шилбэнээсээ богинохон аж. Тэр хөлөө холтавин чигээрээ явдаг. Хөлийн тавхайн урт нь 30 гаруй см урт, өргөн нь 15 см орчим. Хумс тэгшхэн. Эрэгчин байсан” гэж Поулизник тэмдэглэжээ.
Хувцас гэх юм өмсдөггүй түүнийг урдаас нь хараад эр, эмийг нь мэдэх амархан байсан биз. Далайн нохойг нэг гартаа хөнгөхөн өргөчих чадалтай энэ аварга биет нь хэзээ ч олуулаа явж харагдаагүй, үргэлж ганцаараа явдаг байна. Мөн Быков хэмээх эрэлчин нэгэн алс зэлүүд газарт цасны хүний урцыг олж, түүнтэй нүүр тулсан аж.
Түүний амьдардаг урцыг олсон нь Криптозоологчидод (цасны хүн судлаач) маш том баримт болсон юм. Харин саваагүй аялагчид болоод жуулчдын буруутай үил ажиллагаанаас энэхүү баримт устаж, үгүй болох магадлалтай байгаа аж. Эрдэмтэд түүнийг хоёр сая жилийн өмнө амьдарч байсан Гигантопитекийн нэг гэж үзэж байгаа ч тэрхүү хүн дүрст эртний сармагчингууд мянган жилийн өмнө сөнөсөн юм.
Тэрхүү сармагчингуудтай хамт амьдарч байсан агуу том панда нь Хятадын зарим нутагт одоо ч амьдарсаар байдаг тул агуу том сармагчингуудаас амьд үлдсэн байж болох юм хэмээн үзэж байна. Мэр сэр тайлагдаад байгаа тайвар, таамаглал нь түүнийг мэдэхэд тус төхөм болох ч тайлагдашгүй маш олон нууц байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: