Б.Навчаа: Би өөрийгөө үнэтэй жүжигчин гэж боддог

СТА, жүжигчин Б.Навчаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд шинэ оны мэнд хүргэе. Шинэ жилээ хэрхэн тэмдэглэв?
-31-нд гэртээ он гаргасан. Би ер нь гэртээ он гаргадаг уламжлалтай. Ямар ч ажилтай байсан цаг зав гаргаж, зохицуулж байгаад гэртээ шинэ оноо угтдаг юм.

-Та дандаа туслах дүрд тоглоод байгаа харагддаг. Энэ таны онцлог уу?
-Гол гэхээр киноны 80 хувийн турш гарахыг хэлээд байх шиг байгаа юм. Жишээ нь, “Помогите нам” киноны дүрүүд бүгд гол шүү дээ. Задлаад үзэх юм бол. Гэхдээ кинон дээр бүх дүрээ барих биш, нэг дүр дээр эргэлдүүлдэг. “Помогите нам” дээр бол жүжигчин Амбийг голлож харуулдаг. Тэр хүн гал тэрэг салгаснаас эхлээд бүх болохгүй, бүтэхгүй зүйл эхэлдэг. Гэхдээ гол дүрийг тодорхойлохын тулд туслах байдаг юм. Тэгэхээр туслах дүр гэдэг хамгийн чухал. Кинонд гол дүр бүтээх нь чухал биш. Гол дүрийг туслах дүрүүд бүтээж, зурж өгдөг юм. Тийм болохоор маш их хариуцлага шаардсан ажил. Тиймээс туслах дүрийн жижигхэн үйлдлээр киноны утга санааг илэрхийлж чадах жүжигчин түүнд тоглох хэрэгтэй байдаг юм.

-Гэхдээ жүжигчин болгон л киноны гол дүрд, эсвэл тийм гоё дүрд тоглох юмсан гэсэн бодолтой байдаг. Танд тийм бодол байдаггүй юм уу?
-Дүр жүжигчнийг голно уу гэхээс жүжигчин дүрийг голно гэж байдаггүй юм. Манай залуу жүжигчид жижиг дүрд тоглолоо гэж эмзэглэдэг юм билээ. Энэ буруу. Хэрвээ тэгж байвал тэр хүн цаашдаа жүжигчин болох хувь заяагүй гэсэн үг. Надад гол дүрд тоглох юмсан гэсэн шунал байдаггүй. Яагаад гэвэл хүн өөрийнхөө хийж байгаа юмандаа сэтгэл хангалуун байх ёстой. Миний тоглосон бүх дүр хүүхдээс минь ялгаа байхгүй. Хүн хүүхдээ сайхан, муухайгаар нь ялгаж харьцахгүй биз дээ. Тиймээс бүх дүрдээ хайртай. Би дандаа туслах дүрд тоглоод байдаг юм биш. Жишээ нь, “Рашаантын 18″ кинонд Батаа бид хоёрын гол дүр байдаг.

Ер нь би өөрийгөө эвдсэн, уянгын дүрд тоглохыг боддог байсан. Харин энэ дүр бол гаднаа хатуу юм шиг боловч дотроо уянга байсан юм. Би уянга гаргахын тулд тэнд уйлаад, унжгар дүр бүтээсэн бол хүнд хүрэхгүй. Тэр эмэгтэй чинь дөрвөн дүүгээ өсгөхийн тулд ажиллаж байгаа. Түүнээсээ болоод наймдугаар ангисаа гарчихсан. Боловсрол муутай хүн чинь хүнтэй харьцахдаа жаахан бүдүүлэгдүү байна биз дээ. Түүнийг гадна талд нь харуулж байгаа. Дүү нараа загнаж байдаг ч гэсэн цайлган зан нь харагддаг. Уйлдаг, өрөвддөг. Тэгэхээр энэ уянгын дүр. Хүмүүс надаас арай өөр дүрд тоглооч гээд байгаа нь байнга уйлаад байдаг зовлонгийн үүр болсон хүний дүр гаргаач гэж хүсээд байгаа юм байлгүй.

-Та намуухан хүний дүрд тогловол цочир сонин юм биш үү?

-Тийм дүрд аяндаа тоглоно шүү дээ. Жүжигчид чинь нас насандаа таарсан дүрд тоглоно. Дөнгөж 20 гаруй насны залуус бол эрч хүчтэй дүрд тоглоно. 30 гараад ирэхээр арай өөр. 40 хүрэхээр аяндаа намба суугаад, арай өөр дүрд тоглоно шүү дээ. Гэхдээ бүх жанр дундаас хамгийн амархан нь уянгын дүр. Тийм дүрд энгийн хүн ч тоглочихно. Харин хамгийн хэцүү нь инээдмийн болон характерны дүр. Ийм дүрд сайн тоглож чадаж байгаа гэж үнэлдэг, намайг тэгж үнэлдэгт нь би баярладаг. Би бүх төрөлд хүчээ үзэхийг боддог. Магадгүй драмын жүжигт тоглож байхыг ч үгүйсгэх аргагүй.

-Та бас кино найруулсан санагдаж байна. Ер нь найруулагч болох бодол байгаа юм уу?
-”Рашаантын 18″, ‘Хэцүү анги” гэсэн хоёр киног найруулсан. Одоо СУИС-ийн найруулагчийн ангид оройгоор сурч байгаа. Бас онолын мэдлэг хэрэгтэй байна. Цаашид найруулагчийн мэргэжлээр хүч сорих бодол бий.

-Найруулагч гэдэг жүжигчнээс хэд дахин илүү сэтгэж чадах чадвартай хүмүүс байдаг биз дээ. Нэг талаараа их хэцүү мэргэжил шиг санагддаг?

-Найруулагч бол бүх талын мэдлэгтэй байх ёстой. Мөн амьдралын туршлага их хэрэг болдог юм шиг санагддаг. Дээрээс нь маш сайн жүжигчин байж байгаад найруулагч болбол давуу талтай. МУГЖ И.Одончимэг эгчийг хар. Амьд жишээ тэнд байна. Найруулагч ядаж хөгжим ойлгодог байх хэрэгтэй шүү дээ. Нэг хөгжмийн зохиолч хөгжим сонсгодог. “Би мэдэхгүй ээ, чи өөрөө шийдээд хий” гээд байж байх чинь тэнэг хэрэг биз дээ. Тэгэхээр найруулагчийн шийдэл алга болчихно. Тэгэхээр найруулагчид бол агуу хүмүүс. Тэгэхээр практик, онол хоёрыг хамтад нь хослуулах хэрэгтэй. Мэдээж би диплом өвөртөллөө гээд найруулагч хийх гээд, цээжээ дэлдээд гуйхгүй. Миний хийж чадах ажил жүжиглэх. Тэгэхээр жүжигчнээрээ ажиллана. Давхар найруулагч хийх сонирхол л байгаа юм.

-Дэлхийн кино урлагт жүжигчний үнэ ханш тогтчихсон. Манайд ч тийм зүйл байдаг байх. Та өөрийгөө хэр үнэтэй жүжигчин гэж боддог вэ?
-Өөрийгөө үнэтэй жүжигчдийн тоонд орж яваа гэж боддог. Гэхдээ би тэдэн төгрөгөөр тоглоно гэж тулгадаггүй. Миний хэлсэн үнийг өгөхгүй бол тоглохгүй гэж шаардаж чаддаггүй. Энэ миний өөрийн зан чанартай холбоотой байх. Анх 50 төгрөгөөр кинонд тоглож байлаа. 2007 онд туслах дүрд тоглоод 50-хан мянган төгрөг авч байсан шүү дээ. Гэтэл саяхан 20 мянган төгрөгөөр киноны нэг хэсэгт зургаа авахуулсан. Энэ бол хүнд байж болох явдал. Би ийм жүжигчин, тэгэхээр өндөр үнэ авна гэх нь ёс зүйгүй асуудал. Юм гэдэг чинь наанатай, цаанатай байдаг. Үнэхээр зовлонгоо хэлээд ирж байгаа хүнээс би мөнгө авахыг хүсдэггүй.

Яах вэ, тэр залуучууд намайг кинондоо тоглуулчих юмсан гэж бодож, асуудлаа хэлээд ирж байхад нь хэцүү биз дээ. Гэхдээ мэдээж зохиолыг нь уншина. Ер нь бол жүжигчдийн ханш жил ирэх тусам үнэд орж байна. Өөрөө бие даагаад уран бүтээл хийх гэхээр жүжигчдийн үнэ дийлдэхгүй болох гээд байгаа. Яах вэ, зарим нэгнээс нь гуйна, нөгөө нэгэнд нь хэлсэн үнийг нь өгнө. Заримтай нь ярилцана, тохирно. Жүжигчид үнэтэй болоод эхлэхээр кино өндөр өртгөөр бүтэх болчихоод байгаа юм. Бид гүйж гүйж нэг ивээн тэтгэгч олно. Гэтэл киноноос олсон ашиг тэдэнд очдог. Тэгэхээр уран бүтээлчид зөвхөн хийсэн ажлынхаа хөлсийг авдаг. Өөр юм авдаггүй шүү дээ. Хэцүү байгаа биз.

-Та хамгийн үнэтэйдээ хэдэн төгрөгөөр тоглож байсан бэ?
-Ерөнхийдөө долоон оронтой тоон дотор багтдаг. 10 саяас нэг их илүү гардаггүй. Гэхдээ саяас дээшээ ханштай шүү. Түрүүний хэлдэг бол хамгийн бага үнэ юм.

-Нэлээд эрт СУИС төгссөн гэхэд их хожуу кино урлагт хөл тавьсан байх юм. Тэр хооронд юу хийж явсан юм бэ?
-Сургуулиа төгссөний дараа янз бүрийн ажил хийсэн. Заяа ахын байгуулсан хошин урлагийн театрт ажиллаж байлаа. Сүүлдээ гуанзанд тогоочийн туслах хийсэн, алтны компанид ажиллаж байсан гээд тоочвол их. Ёстой нөгөө зэсэрнэ гэдэг шиг л юм болсон. Тэгж явсаар нөхөртэй болсон, хүүхэд гаргасан. Ингээд таван жил огт өөр юм хийж явсан. Тэр үедээ жүжигчин болохгүйгээр шийдсэн байсан. Гэтэл “ZMN” продакшны Цогоо, найруулагч Золоо ах хоёр намайг кинонд тоглуулах гээд, утсаар ярьж ятгаад, тархи угаасаар байгаад зөвшөөрүүлж байлаа. Тэр их зөв сонголт болсон юм. Тэгээд нэг кинонд тоглосон. Түүний дараа би чадах юм байна гэж бодоод кино урлагт орсон доо.

-Одоо бараг өдөр бүр нэг кино нээлтээ хийж байна. Түүнд нь хэдхэн жүжигчид ээлжилж тоглодог болж. Та ч тэдний нэгэнд орж байгаа байх. Одоо сүүлдээ улиг болж байгаа юм биш үү?

-Киночид Холливудын төвшинд, ядаж социализмын үеийнх шиг сайн кино хийе гэж боддог. Үнэхээр сайн кино хийе гэж хичээдэг. Гэтэл ард нь санхүү явж байдаг. Нэг хүнээс мөнгө аваад гэрээ хийчихсэн байдаг. ”Танаас авсан тэдэн төгрөгөө би тэдэнд өгнө, та надад тэдэн төгрөг өгөөч. Хэрвээ миний кино амжилт олохгүй бол би танд хоёр өрөө байраа зараад, өрөө төлье” гэж хэлж, хатуу гэрээ байгуулж байж санхүүжилт авдаг. Шууд май май гээд өгчихдөг хүн байхгүй шүү. дээ. Яах вэ, сүүлийн үед компаниуд арай нээлттэй болж. Гэхдээ нэг жүүс, пиво ч юм уу улаан цайм сурталчилах гээд байдаг. Нэгэнт санхүү яригдаж байгаа учраас хэн олны танил вэ гэдгийг харж, жүжигчдээ сонгож байгаа. Энэ бол менежмент болчихсон.

Хэрвээ хэн ч танихгүй хүмүүсийг тоглуулбал хүн үзэх үү, үгүй юу гэдэг нь сонин. Хүмүүс таньдаг жүжигчнээ харах гэж кино үздэг ч юм бий. Тэгэхээр олны танил жүжигчдээ тоглуулж таарна биз дээ. Харин хүмүүс өөр өөр дүр бүтээж байх хэрэгтэй. Би дүр бүтээхийг маш их хүсдэг. Гэтэл дүр бүтээх бололцоо Монголд алга. Жилийн өмнө надад кино зохиолоо өгчихвөл үнэхээр гоё дүр бүтээж чадна. Дүрээ хангалттай судална шүү дээ. Өөртөө тохируулна. Хоолойгоо хүртэл өөрчилнө. Ингэж чадвал. Дээр үед ийм боломж олгодог байсан болохоор сайн дүр бүтээдэг байсан юм.

Одоо бол огт өөр. Утас цохиод” Байна уу, Навчаа юу. Гялс нэг зураг авалтад ороодох уу” гэж байгаа юм чинь. Зохиолыг чинь унших хэрэгтэй гэхээр хүрээд ир гэнэ. Тэгээд тэгс ингэсгээд тоглодог. Шууд ханцуй шамлаад орно. Тийм байхад тэр дүрээс хувь хүний үнэр ханхалж таарна биз дээ. Хэрвээ боломж байдаг бол үнэхээр сайн дүр бүтээж чадах чадвартай жүжигчид манайд олон байна.

-Одоо нэг шинэ кинонд тоглож байгаа сураг байсан. Ямар дүр бүтээж байгаа вэ. Та дандаа сонирхолтой, онцлог дүрд тоглодог шүү дээ?
-Би өвөрмөц зан төрхтэй хүний дүрийг бүтээх гэж оролддог. Жүжигчин хүн өөрийн гэсэн жанртай байх хэрэгтэй болов уу. Гадаад үзэмж, зан ааш нь тухайн дүрд тохирох байх гэж найруулагч нар надад тиймэрхүү дүр санал болгодог байх. Би одоо “Валентинаас ирсэн захидал” кинонд хоёрдугаар найруулагчаар ажиллахын зэрэгцээ жижиг дүрд тоглож байна. Номын санчийн дүрд тоглож байгаа. Урд урьдны дүрүүдтэй ойролцоо. Энэ хүнээс ийм л юм гарна гэж боддог бололтой юм, энэ найруулагч нар. Би тиймэрхүү, характерны дүрдээ гаргуун болсон юм байлгүй дээ, бодвол.

-Жаахан ааштай хүний дүр юм аа даа?

-Ерөнхийдөө тиймэрхүү. Гэхдээ дотор хүн нь өөр. Би номын сангийн дарга болж тоглож байгаа юм. Дарга гэдэг чинь бас жаахан хүн загначихдаг, удирддаг хүн байдаг биз дээ. Тэр талаас нь гаргахыг хичээсэн. Учиргүй хүн загнаад байсан юм байхгүй. Кинонд гурван залууд Валинтенаас захидал ирээд, хоёрдугаар сарын 14-нд хайраа олохыг даалгадаг тухай гарах юм. Товчхондоо иймэрхүү өгүүлэмжтэй.

-Таныг энэ кинонд тоглохын тулд тураах цай ууж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Үнэн юм уу?

-Мэдээж эмэгтэй хүн юм чинь өөртөө анхаарах нь зөв биз дээ. Энэ киног дуусгаад нэг чухал кинонд тоглох гэж байгаа юм. Тиймээс бага зэрэг жингээ хасах гээд хичээж байна. Би гол дүрд нь тоглох юм. Адал явдалт, инээдмийн кино хийх гэж байгаа. Зохиолын санаа гарсан, тоглох жүжигчид тодорхой болчихсон.

-Хэрвээ танд Валентинаас захидал ирээд, сарын дотор хайраа ол гэвэл та юу хийх вэ?

-Би гэр бүлтэй учраас хэрвээ тийм захидал ирвэл хайраа олчихсон гэж хэлнэ. Хэрвээ би гэр бүлгүй байгаад, надад тийм захидал ирвэл хүн надаар тоглож байна даа гэж бодно. Хэн тоглоод байгааг нь хайна. Яг үнэн байвал хайраа олохын төлөө тэмцэнэ дээ.

-Хайраа олохын тулд та ямар тактик хэрэглэх бол?

-Би есөн шидээр үзнэ шүү. Тэр залуу намайг нэг нүдээрээ ч хардаггүй бол харагдахын тулд нүднийх нь өмнө харагдахын тулд бүрэлзэж гүйнэ. Түүнээс гадна янз бүрийн гэнэтийн бэлэг барина. Хайртай хүндээ хүн бэлэг өгөхийг хичээдэг биз дээ. Жүжигчин учраас их өвөрмөц зүйл сэтгэх байх. Гэхдээ эмэгтэй хүн учраас шууд очоод, “Би чамд хайртай. Чи миний нөхөр болооч” гэж хэлж үргээж болохгүй. Аль болох уран арга хэрэглэх байх даа.

Н.Пунцагболд


URL:

Сэтгэгдэл бичих